Хоёр хоногийн дараа монголчуудын нийтээрээ тэмдэглэдэг уламжлалт Цагаан сарын баярын өдрүүд тохиох гэж байна. Энэ үеэр айлууд бууз жигнэхдээ доор нь ялгар уут дэвсдаг. Тэгвэл энэхүү гялгар уут бидний эрүүл мэндэд хэр хор хөнөөлтэй вэ? гэдгийг Хүнсний инженер О.Гал-Очироос тодруулахад, тэрбээр дараах хариултыг өглөө.

"Хүнсээ багалдаг гялгар уут нь зөвхөн аливаа зүйлийг савлах л үүрэгтэй. Уутанд фоли этилин гэх бодис байдаг бөгөөд энэ нь хүний биед сөрөг нөлөөтэй. Мөн гялгар уут нь өндөр хэмийн халуунд хүнсний бүтээгдэхүүнтэй урвалд орж формалдегид, бензил, тлуол зэрэг олон төрлийн органик уусгагч ялгаруулж, тэр нь хүнсэндээ шингэдэг. Манай улсад эдгээрийг нарийн шинжлэх лабортори байдаггүй юм. Ерөнхийд нь тоймлон хариу гардаг. Тиймээс эдгээрийн зөв бурууг хүмүүс ялгахгүй хэрэглээд байх шиг байна.

Тэгэхээр жигнүүрээ зүгээр л тосол. Тос нь өөрөө гадаргуугийн идэвхт бодис. Тиймээс жигнүүрээ тослоход хангалттай. Түүнээс биш жигнүүрийн зориулалтын цаас гэж худалдаалагддаг юм хүртэл сайн харвал гялгар уут байдаг. Бид хуванцар хортой гэдгийг мэднэ. Түүнтэй адилаар гялгар уутыг халуунд хүнсний бүтээгдэхүүнтэй хамтад нь хэрэглэж болохгүй гэдгийг сайн ойлгомоор байна.

Түүнчлэн гялгар уут нь өндөр хэмийн халуунд хүнсний бүтээгдэхүүнтэй урвалд орж формалдегид, бензил, тлуол зэрэг олон төрлийн органик уусгагч ялгаруулж, тэр нь хүнсэндээ шингэж элэгний хорт хавдар, ходоодны шархлаа үүсгэх нөхцөлийг бүрдүүлдэг гэж тогтоогдож байжээ" гэж зөвлөв.

Дашрамд дуулгахад, Жигнүүр дээр дэвсэх зориулалтаар худалдаалагдаж буй гялгар уутны 20 хувь нь нянгаар бохирлогдсон, 10-15 хувь нь гэдэсний савханцар үүсгэгч нянтай байдаг гэдгийг МХЕГ-аас тогтоосон байдаг.