Манай улсад аливаа ажлыг хийх гүйцэтгэхдээ тогтолцооны алдаа гаргачихдаг. Тэгвэл энэ өвлийн зудтай малчид нүүр тулсан ч төр засгаас авч хэрэгжүүлж буй арга хэмжээний хувьд буруу л жишгийг тогтоож байна гэх шүүмжлэлд өртөөд байгаа юм. Тухайлбал, малчдын зээлийн хүүг төрөөс төлөх шийдвэр олон хүний дургүйцэлтэй нүүр тулаад буй. 

Тэгвэл малаа зуданд алдсан малчид хот бараадахаас өөр сонголтгүй болжээ.  Энэ талаар, Монголын Малчдын Нэгдсэн Холбооноос "Манай холбооноос малчдын зээлийг эрсдлийн даатгалаар нь төлүүлэх талаар судалгааг сарын хугацаатай хийлээ. Зудын байдал хүндэрснээс болоод малчид маань банкны зээлээ төлж чадахгүйд хүрсэн байна. Малчид дунджаар 5-30 сая төгрөгийн зээл авдаг юм байна. Банк бүр малчдад зээл олгохдоо зээлийн эрсдлийн даатгал хийлгэдэг. Малчид бид яг одоо энэ эрсдэл тохиолдсон үедээ ирчхээд байна.

Барьцаанд тавьсан мал нь үхчихсэн. Тийм учраас малчид маань зээлийн эрсдлийн сангаар зээлээ төлүүлэх ажлыг дэмжээд эрсдлийн сангаар зээлээ төлүүлэх өргөдлийг банкинд бичиж өгөөрэй.

Монгол оронд маань хаа сайгүй зуд нүүрлээд, малчид амьжиргаанаасаа салаад маш хүнд байна. Банкинд зээлгүй малчин гэж байхгүй. Цалингүй учраас зээл авч оюутныхаа төлбөрийг, амьжиргааны зардалдаа хэрэглэдэг. Засгийн газраас малчдын зээлийг хойшлуулсан боловч малгүй болсон хүмүүс төлөх боломжгүй болчихлоо. Тийм учраас Засгийн газарт хандаж бидний зээлийг тэглэх боломж юу байна вэ? гэж хандаж байна. Улс даяараа зуданд нэрвэгдсэн хэдий ч Сүхбаатар аймаг нэн хүнд, хүндийн хүнд нөхцөлд байна.

Өнөөдрийн байдлаар 83 малчин нэг ч малгүй, хот нь харлаад үлдлээ. Амьдралын ямар ч эх үүсвэргүй болчихлоо. Төр засаг үүн дээр нэн даруй арга хэмжээ авах хэрэгтэй байна.

Тэр малчдын сэтгэл зүй ямар байх вэ? Гэтэл цаана нь банкны зээл үлдсэн байна. Нийгэмд малчдын өөрсдийнх нь авсан зээлийг яагаад татвар төлөгчдийн мөнгөөр төлөх ёстой юм гээд талцаад байна. Тийм учраас олон жил даатгал гэж мөнгө аваад байсан даатгалын компаниудаар зээлээ төлүүлэх боломж харагдаж байна.

Малаа барсан малчдын эхний нүүдэл Улаанбаатар хот руу ирчихсэн байна. Манай байгууллагын хийсэн судалгаагаар 30-40 мянган малчин Улаанбаатар хотын яндангын тоог нэмэхээр харагдаж байна. Түгжрэлийг нэмэхээр харагдаж байна.

Амьжиргааны эх үүсвэр нь байхгүй болчихсон, бүх мал нь үхчихсэн хүмүүс сэтгэл санааны маш өндөр хохиролтой байгаа. Тийм учраас Улаанбаатар хот руу нүүж ирэлгүй, яндангын тоог нэмэхгүйгээр нутаг орондоо байж байгаач ээ, төр засаг эргээд малжуулах ажил эхэлбэл сайн байна. Хамгийн том асуудал бол зээл байна. Өртэй мөртлөө хоосон байхаар тэр хүн яах вэ? Үүнийг хэлэхээс өөр аргагүй. Нийгэм талцаад, Засгийн газар нь ч би төлөхгүй гээд байгаа бол даатгалаас төлүүлэх арга байж болох юм гээд "Монголын Малчдын Нэгдсэн Холбоо"-ноос энэ аяныг эхлүүлээд байна" хэмээв.

Тэдний яриагаар бол шийдэлд хүрч чадаагүй байгаа хотын утааг нэмэх малчдын хөлд нийслэл удахгүй тарагдах нь лавтай болов.