Гэсэрваань. Энэ нэрийг хэзээ, хэнээс дуулснаа санав.1969 онд шиг байх. Сэлэнгэ аймгийн Зүүнхараа хотод нүүж ирсэн шинэхэн айл манайд хэн ч билээ нутгийн нэг хүн зочилж, аав тэр хоёрын ярианд Гэсэрваань гэдэг содон нэр сонсогдоход би “хүн юм уу, бурхан юм уу” гэж гайхаж байсан санагдана. Тэр үед Улсын наадамд нэг уяач азарга, даага хоёроо зэрэг айрагдуулна гэдэг ховор зүйл байсан байх.

Тэгээд л аав тэр хүн хоёр нутагсаж Гэсэрваань уяачийг Говь-Алтайнх гээд хөөрч байсан байлгүй.

Гэсэрваань 1924 онд Говь-Алтай аймгийн Халиун сумын нутагт малчин ард Сампилын гуравдахь хүү болон төрж, бага сургууль төгсч, мал маллаж байгаад цэргийн албанд татагджээ. 1944-1949 онд Улаанбаатар хотын “Одон тэмдэг”-т тусгай хороонд цэргийн алба хааж байхдаа ирээдүйн хань Нанзадын Дариймаатай танилцжээ. Энэ нь цэргийн албанаас халагдаж нутаг буцсан түүнийг Төв аймгийн Эрдэнэ сум руу эргэх шалтаг болсон байна.

Тэрбээр 1960-аад оноос хурдан морь уяж эхэлсэн бөгөөд 1966 оны их үерийн жил хүрэн морь нь улсын наадамд түрүүлжээ. Энэ оноос айрагдсан моринд медаль өгч эхэлсэн тул Их хүрэн нь анхны алтан медальт морь болжээ. Энэ үеэс С. Гэсэрвааний алдар улс даяхнаар цуурайтаж аль аймаг усных билээ гэх яриа газар авч байсны нэгэн жишээ нь Зүүнхараад болсон аавын минь яриа мөн буй за.

Сампилын Гэсэрваань эцэг үр гурван хүрэн азаргаар алдартай. Түүний алдарт Их хүрэн азарга нь Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын Сөөнөн Гомбын унаган адуу юм. Сөөнгө Гомбо голдуу хүрэн зүсмийн Орлой угшилт адуутай хүн байсан бөгөөд түүнээс хэдэн адууг Манал авч Намсрай, Лувсандорж, Дамдин нараар дамжин соёолон хүрэн үрээ нь Гэсэрвааньд ирж Их хүрэн эзнээ олсон түүхтэй. 1966 онд Улсад түрүүлсэн Их хүрэн азарга 1969 онд улсад айрагджээ.

1967 онд Их хүрэн азаргын төл сартай хүрэн даага Улсад түрүүлсэн нь Дунд хүрэн нэрээр алдаршжээ. Дунд хүрэн нь хязааландаа аман хүзүүдэж, нийлсэн хойноо 1975 онд дахин аман хүзүүдэж, 1976, 1977 онд дараалан тавд, 1978 онд гуравт давхижээ. С. Гэсэрваанийн бас нэг хязаалан хүрэн үрээ 1983, 1987 онд айргийн дөрөвт давхисан нь түүний Бага хүрэн азарга юм. Улсын наадам Буянт-Ухаагийн дэнжид 20 жил босоо наадсан С. Гэсэрвааныг 1989 онд “Монгол Улсын Алдарт уяач”, 1996 онд Монгол Улсын ууган “Манлай уяач” цолоор шагнажээ.

Төв аймгийн Эрдэнэ сумын 90 жилийн ойд зориулан анд Л. Балхжавын хамт миний зохиосон “Эрдэнэ сум-миний нутаг” дууны хөшөөний нээлт, Ууган манлай уяач С. Гэсэрвааний хөшөөний нээлттэй зэрэгцсэн нь учир жанцантай санагдав. Хаа холын Говь-Алтайн хөх харцуулын нэг нь дуун, нөгөө нь морин хөшөө болон нэгэн цаг дор Эрдэнэ сумын нутагт мөнхөрнө гэдэг зүгээр нэг тохиол биш байх. Тэгээд бас миний гэргий Эрдэнэ нэртэй бөгөөд түүний төрсөн нутаг Жаргалтхаанаас Гэсэрвааний алдарт хүрэн морьд угшилтай байсан нь сонин санагдав.

Тэртээ дунд сургуулийн сурагч байхдаа Гэсэрваань гэх нэрийг сонсоод “хүн юм уу, бурхан юм уу” хэмээн гайхаж явсан бибээр түүний хөшөөний нээлтэнд оролцож байхдаа нутгийн маань энэ эрхэм “Хүн ч юм, бурхан ч юм” хэмээн сэтгэлдээ залбиран байвай.

Ү. ХҮРЭЛБААТАР