Монгол Улсын Засгийн газар шинээр байгуулагдах нь. Ерөнхий сайд шинээр томилогдож байна. Монголын хувь заяаг шөнө хэлэлцэж, эцсийн шийдвэрийг тавхан хүн гаргадаг нь ямар учиртай юм бэ. Соц нийгмийн Улс төрийн товчооны хуралдаан шиг байх нийгэм өнөөдөр мөн үү.

Мөн бол ардчилсан нийгэмд эргэлзэхэд хүрч байна. Тухайн цагт нам засгийн удирдагчдад улс орны хувь заяаг даатгадаг байлаа. Тэдгээр удирдагчдын гол уриа нь “Социализмын бүтээн байгуулалтын төлөө” байлаа. Коммунизмын бүрэн төгс ялалтын төлөө зорилготой байлаа. Удирдагчдын удирдагч нь МАХН-ын Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга гэх нэгэн байлаа. Тэр хүн бүх хурлыг удирдаж, бүх дарга нарыг томилдог байлаа. Түүнд таалагдаагүй, түүний үгийг сөрсөн ямар ч дарга огцордог, огцроод зогсохгүй нутаг заагдан хөөгддөг байлаа. Намын төв хорооны нарийн бичгийн дарга байсан нэгэн Өвөрхангайн Сант суманд хоньчноор, Гадаад харилцааны сайд байсан нэгэн тээврийн баазад жолоочоор хөөгдөж амьдралаа дуусгадаг байлаа.

Энэ бол хэдхэн хүний эрх мэдлийн хаанчлал. Өнөөдөр таван хүн Төрийн ордны нэг өрөөнд тойрч суугаад шийдэж байгаа нь агаар нэг улс төрийн үйл явц юм. Соц үеийн улс төрийн зарчим өнөөдөр яг адил үйлчилж байгаагийн жишээ юм. Харин ард түмнээс сонгогдсон 126 хүн зүгээр л тэр тавын юу хэлэхийг хүлээгээд сууж байна. Нөгөө АРДЧИЛСАН СОНГУУЛЬ, СОНГОЛТ тэгээд хаана байна вэ. Ард түмнээс ямар ч падлийгүй төр засаг байгуулагдаж байна шүү дээ. Энэ нь өөрөө сонгууль ямар ч хамаагүй болж байна. Үүнийг үгүйсгэх хүн тэгээд байна уу. “Үгүй бид ардчилсан улс” гэж итгэлтэйгээр хэлж байгаа ямар хүн байна. Байгаа бол гарч ирээд баталж ярь. Бид дэмжье.

Хэдхэн хүний засаглал бол хэдэн хүнийх л байдаг. Урхаг нь их. Улс доторх улс болдог. Тэд бүгдийг мэдэж, захирдаг. Тэр хэдэн хүрээний хүрээнд баялгийн хуваарилалт явагдаж, тэдний хүрээлэлд байдаг хэдэн гэр бүл баян тансаг амьдардаг. Тэд баялаг бүтээдэггүй, ажлын байр бий болгодоггүй, татвар төлдөггүй. Тэднийг маш товчхоноор хэлэхэд, эх орноо тонон дээрэмдэгсэд гэдэг. Тэд л тэр улс оронд мөнгөтэй учраас үр удмаараа хамгийн сайн боловсролыг эзэмшдэг. Хамгийн сайн мэдээлэлтэй байдаг. Энэ бүгдээ харин эх орноо хөгжүүлэхэд биш, эх орноо тонон дээрэмдэхэд ашигладаг. Харин ард түмэн болохоор “Энэ улс орныг мэдлэг боловсролтой хүмүүс л авч явна” гэж үздэг, ярьдаг, итгэж сонгодог. Тэр эрдэм боловсролтой хүмүүс нь эдгээр бэртэгчингүүд байдаг нь харамсалтай. Үүнийг л чөтгөрийн тойрог гэж байгаа юм. Энэ тойргоос гарч чадаагүй улс орон уруудан доройтдог. Эцэстээ юу болж төгсдөгийг хүн төрөлхтний түүх, дэлхийд шившиг болсон улс орны хувь заяанаас бид харж байна.

Монгол эх орноо арай ч иймдээ хүрэх нь гэж бодохыг хүсэхгүй байна. Гэхдээ монголчуудын хувьд маргаашдаа итгэх итгэл хоног хоногоор бөхөж байна. Үүнийг олон жишээнээс харж болох ч эх орноосоо зугтаж байгаа, зугтах хүслээр дүүрсэн мянга мянган иргэдийнхээ нүдний харцнаас, уур бухимдлаас харж байна. Гурван сая хүнтэй Монголын 300 мянга нь аль хэдүйн гадаадад гарчихсан байна. Дахиад гарах хүсэлтээ илэрхийлсэн 400 мянган иргэн визэнд оочерлож байна. Гадаадад гарах хүсэлдээ хөтлөгдсөн ч боломж нь бүрдэхгүй байгаа хот, хөдөөгийн 500 мянга орчим иргэн бэлэн байгааг нийгмийн судалгааны байгууллагууд аль хэдүйн гаргачихаад байна. Энэ бүх судалгааны мэдээлэл эрх биш төртэй улс юм болохоор холбогдох газарт очоод гурван жил болж байна. Аргаа барсан Үндэсний Аюулгүй байдлын зөвлөл нууц удирдамж гаргаж БНСУ-ын Элчин сайдтай “Монголын багш, эмч, цагдаагийн ажилтнуудын виз гаргалтыг царцаахад онцгой анхаараач” гэснийг мэдэх хүмүүс нь мэдэж байгаа. Ингэж хүртэл мугуйд арга хэмжээ авч, Үндсэн хуулиа хүртэл зөрчсөн үйлдэл хийж гадагшаа урсгалаа барихгүй бол 2028 оны сонгуулиар санал өгөх иргэдийн тоо 300 мянга ч хүрэхгүй хэмжээнд очих нь. Улмаар улс орон ажиллах хүчингүй болж, үндэсний үйлдвэрлэл байтугай үндэсний худалдан авагчгүй болж, УИХ-ын сонгуульд нэр дэвшигч нэгэн бээр ах дүү нараа цуглуулан санал өгүүлж сонгогдох ийм гунигт түүх рүү явсныг одоо нуух хэрэг байгаа юм уу.

Үндсэн хууль гэж цаасан дээрхээс өөр ҮНДЭСНИЙ гэх сэхээтэн ч үгүй, малчин ч үгүй, ажилчин ч үгүй, өв соёл ч үгүй, ерөөсөө Монголын гэх юу ч үгүй болж, Монгол Улс гэж хэн ч хамаагүй орж ирээд ухаж төнхөж байдаг эзгүй их хээр талын дүр зураг руу орсон байна. Үүнийг үгүйсгэх хэн байна. Энэ цаг үеийн Монголын хамгийн том үндэсний сэхээтэн нэгэн бээр хүртэл үр хүүхэд, ач зээ нартаа “За та нар минь намайг амьд байгаа дээр тэр Америк, Англи, Герман, Франц руу нь явж амьдар” гэж өдөр шөнөгүй захиж байгааг харлаа. Ганц гэгээн үг нь “Эх орон чинь дээрдвэл эргэж ирээрэй” л гэж байгаа юм. Тэгээд тэр эх орон нь дээрдэх найдвар байна уу… Үүнд л хамаг учиг нь байгаа юм.

Ямартаа ч яг өнөөдөртөө бол Монголд засаглалын хуваарилалт хэдүйн алдагдлаа. Хэдхэн хүнд эрх мэдэл төвлөрсөн нь тодорхой боллоо. Үүний эсрэг юу ч хийж чадахгүй байна. Гадна талд Монголын өнөөдрийн талаар ганц сайн нийтлэл ч бичигдэхгүй байна. Дэлхийн зүгээс юу болоод байгааг гайхасхийгээд, ганц том хөрөнгө оруулалт болох Оюу толгойг хараад сууж байна. Тэд яаж хөдлөх нь үү, Монгол яг л тийм байгаа гэсэн прогнозтой. Ер нь бичвэл их юм байна. Гэвч юу ч уншихгүй болгочихсон ард түмэнд зориулж, юу ч гэж бичээд нэмэр алга. Зүгээр л дүнз шиг нийгэм. Юу ч уншихгүй нийгмийн сэтгэл зүйгээс ер нь юу хүлээх юм. Дуугүй л дунд нь хов живийн постууд уншаад алхаж явсан нь дээр. Энэ нь сайн юм огтхон ч биш. Бичихээс дургүй хүрдэг болчихсон мань мэт хүртэл уусч, бэртэгчин болсны шинж. Тэрнээс бичиж нийтлэхийн дон байлаа шүү дээ.

Эцэст нь нэг үнэнийг хэлье. Манайхны 40 мянга нь амьдарч байгаа БНСУ-ын шинэ ерөнхийлөгч сая сонгогдлоо. Манай жинхэнэ ойрын хөрш, Монголын нэг хэсэг шиг болсон газар орон. Солонгосын соёлын нөлөөнд нэвт уусч байгаа ард түмэн хаанах вэ гэсэн Олон улсын судалгаагаар Монгол тэргүүлсэн байна лээ. Тэгэхээр тэднийг даган дуурайх ид үе явж байна. Тэгвэл Солонгосын улс төр дэх сайн соёлыг нь даган дуурайж, хуулбарлан авъя л даа. Тэр нь юу гэхээр шинэ ерөнхийлөгч нь засгийн газрын сайд нараа ард түмний санал асуулгаар шийдье гэжээ. Технологи үүнийг амархан шийднэ.

Насанд хүрсэн хүн амын 93 хувь нь утсанд уяатай байгаа монголчуудын хувьд энэ нь бүр ч хялбар, боломжтой. Шинэ Ерөнхий сайд Г.Занданшатар Та танхимд ажиллах сайд нараа ард түмний санал асуулгаар багцаалчихаач. Танд их ойр шийдэл шүү. Та УИХ-ын дарга байхдаа үүний эхлэл болгож Д-Парламентыг ажилд оруулж, хуулийн төсөлд ард түмнээс санал авч эхэлсэн.

Үүн дээрээ л хөгжүүлэлт хийчих. Ардчилсан нийгэмтэй, ардчилсан засаглалтай, ард түмнээсээ сонгогддог төртэй Монгол Улс мөн юм бол энэ удаад ард түмнээсээ сайд нараар хэн ажиллах боломжтойг асуучих. Ингэж нэг ардчиллын үнэр наад төр засагтаа оруулахгүй бол ер нь буруу тийшээ хазайчихлаа шүү…

Б.Нямаа