Цахим орчинд үйлдэгдэж буй гэмт хэрэг сүүлийн жилүүдэд нэмэгдэж, иргэд залиланд ихээр өртөх болсон. Тэгвэл залилах гэмт хэрэгтэй холбоотой ямар хуулийн зохицуулалт байдаг талаар хуульч, өмгөөлөгч Ж.Ганболдтой ярилцлаа.


-Цахимаар залилах гэмт хэрэг сүүлийн үед газар авч байна л даа. Тэгэхээр иргэдэд энэ талаар мэдээлэл дутмаг байдгаас эдгээр асуудал үүсч байна уу?

-Эрүүгийн хуулийн өмчийн эсрэг гэмт хэргийн бүлэгт хамаардаг 17.3 дахь хэсэгт залилах төрлийн гэмт хэргийг заасан байдаг.

Энэ гэмт хэрэг нь ямар шинжүүдээрээ залилах гэмт хэрэг болдог вэ гэвэл бичиг баримт, цахим хэрэгсэл ашиглаж хуурах, эсвэл сүсэг бишрэлийг далимдуулж бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулдаг. Мөн өмнөх харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, тухайн хүний хөрөнгийг шилжүүлэн авсан бол энэ нь залилах гэмт хэрэг болж байгаа юм. Яагаад энэ олон шинжийг яриад байна вэ гэвэл энэ бүгдийн ард залилангийн үр дагавар яригддаг. Өөрөөр хэлбэл, тухайн хүний эд хөрөнгийг өмчлөгчөөс нь яаж хуурч, шилжүүлж авах тухай л ярьдаг. Харин фэйсбүүк, телеграм зэргийг ашиглаж залилах нь цахим залилан болж байгаа юм.

Мөн улирлын онцлогоос шалтгаалаад янз бүрийн аргаар иргэдийг залилж байна. Зар тавиад мөнгийг нь шилжүүлж аваад, дата мэдээлэл үүсгэдэг. Энэ гэмт хэргийг хэн үйлдээд байна вэ гэхээр компьютерын ард хэн ч байж болно шүү дээ. Ер нь иргэд цахимыг амьдралын орчин, мэдээллийн эх сурвалжаа болгож ашиглаж байна. Үүн дээр л тулгуурлаж залилах гэмт хэргийг үйлдэж байгаа. Иргэд цахим хэрэгсэл ашиглаад зөвхөн залилах гэмт хэрэг биш, өөр гэмт хэргийн хохирогч ч болж байна. Жишээ нь, заналхийлэлд өртөж байна. Тодорхой эд хөрөнгө шилжүүлж өгөхгүй бол таны нэр төр, алдар хүндэд халдана. Ингээд мэдээллийг чинь олон нийтэд түгээнэ гэж шаардаад, мөнгө авч байгаа үйлдэл бол сүрдүүлэг, заналхийлэл гэсэн үг.

-Энэ төрлийн гэмт хэргийг үйлдсэн этгээдэд ямар хуулийн хариуцлага хүлээлгэдэг юм бол?

-Цахим хэрэгсэл ашигласан бол цахим гэмт хэрэг үү, эсвэл заналхийлэх гэмт хэрэг үү гэдгийг төрлөөр нь шалгах ёстой. Энэ удаа залилах гэмт хэргийн тухай ярьж байгаа учраас ямар хуулийн хариуцлага хүлээлгэдэг талаар ярья. Дараахь дөрвөн төрлийн ялаас шүүх аль нэг хэлбэрийг нь сонгож оногдуулна гэсэн үг. Нэгдүгээрт, залилах гэмт хэргийг цахим хэрэгсэл ашиглаж үйлдээд, эд хөрөнгийн эрхийг нь шилжүүлээд авсан бол 450 нэгжээс 14 мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгодог.

Өөрөөр хэлбэл, 450 мянган төгрөгөөс 14 сая төгрөгөөр торгоно гэсэн үг. Хоёрдугаарт, 240 цагаас 720 цаг хүртэлх нийтэд тустай ажил хийлгэнэ. Гуравдугаарт, зургаан сараас гурван жил хүртэлх хугацаагаар зорчих эрхийг хязгаарладаг. Дөрөвдүгээрт, зургаан сараас гурван жил хүртэл хугацаанд хорих ялаар шийтгэнэ. 50 сая төгрөг дотор хүний эд хөрөнгийг цахимаар залилсан бол дээрх шийтгэлээс ял оногдуулна. Харин их хэмжээний хохирол шаардах буюу 50 сая ба түүнээс дээш хэмжээний хохиролтой бол 2-8 жилийн хорих ялаар шийтгэнэ. Энэ үйлдлийг гурваас дээш буюу цахим залиланг амьдралын эх үүсвэрээ болгоод, олон удаа үйлдсэн бол 5-12 хүртэлх хугацаагаар хорих ялаар шийтгэнэ. Тэгэхээр тухайн залилах гэмт хэрэгт хүндрүүлэх шинжүүд байгаа бол ял шийтгэл нь нэмэгдэнэ гэсэн үг.

-Цахим хэрэгсэл ашиглаад иргэдийг залилсан хэрнээ илрээгүй маш олон тохиолдол гардаг гэсэн. Энэ тохиолдолд ямар нэгэн хуулийн зохицуулалт шаардлагатай юу?

-Энэ тохиолдолд хууль зүйн зохицуулалтыг нарийвчилж оруулж өгөхгүй л бол болохгүй. Манай улсын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газрын Мөрдөх хэлтэс ажиллаж байгаа. Гэхдээ энэ чиглэлээр хууль зүйн нарийвчилсан зохицуулалтууд хэрэгтэй. Энэ бол Цагдаагийн байгууллага, Хууль зүй, дотоод хэргийн яамны ажил.

-Саяхан нэг иргэн үнэмлэхээ гээж, улмаар залилагч этгээд нэр дээр нь дугаар авч, и-монголиад бүртгүүлээд залилангийн хохирогч болсон гэх мэдээлэл бий. Энэ тохиолдолд иргэд юун дээр анхаарах хэрэгтэй вэ?

-Хүний иргэний үнэмлэхийг ашиглаад цахим системд нэвтэрнэ гэдэг нь мэдээллийн аюулгүй байдалд халдаж байна гэсэн үг. Харин үүнийг сайтар нягтлаагүйгээсээ болж дугаар олгосон нь үүрэн телефоны компаниудын буруу. Тэгэхээр хяналт муугаас болж ийм асуудал гарсан байна. Энэ хэргийн шалтгаан, үр дагаврыг арилгахын тулд прокурор, цагдаагийн байгууллага ажиллах ёстой. Энэхүү жишээн дээр мэдээллийн аюулгүй байдал, хувь хүний аюулгүй байдлыг хангаж ажиллах ёстой үүрэг бүхий субьект нь үүрэн телефоны компани байна. Үүн дээр нэмж хэлэхэд, цахим орчинд иргэдийн дансыг ашиглан маш их залилан үйлдэж байна. Хэн нэгний дансыг ашиглаад хуурах үйлдэл хийх гээд төлөвлөсөн байдаг. Тэгэхээр иргэдэд юу гэж хэлэх гээд байна вэ гэвэл дансаа хэнд ч битгий ашиглуул. Хоёрдугаарт, үүнийг хуулийн талаас яаж зохицуулах ёстой вэ гэвэл цахим орчинд байгаа мэдээлэл бодитой эсэхийг Харилцаа холбооны газраас хяналт шалгалтыг маш сайн хийх ёстой. Фэйсбүүк компанитай Монгол Улс гэмт хэргийг илрүүлэхэд хэрхэн хамтарч ажиллаад, баримт нотолгоог бүрдүүлэх вэ гэдэг хууль зүйн зохицуулалтууд байхгүй. Би өнөөдөр цахим орчинд залилууллаа гэхэд үүнийг хурдан хугацаанд шийдэх боломжгүй. Тэгж явсаар байгаад хөөн хэлэлцэх хугацаа нь дуусаад, хаагдчихдаг.

-Дансаа бусдад ашиглуулбал ямар нэгэн хуулийн хариуцлага хүлээх үү?

-Гэмт хэрэгт хамтран оролцсон гэж үздэг. Өөрөөр хэлбэл, таны данс руу мөнгө орох, үүнийг нь мэдсээр байж тэр мөнгөнөөс авсан бол үйлдлээрээ нэгдэж, хамтран оролцсон гэж үздэг. Энэ утгаараа гэмт хэрэг бүлэглэсэн гэж үзнэ. Жишээ нь, ломбард хулгайн эд зүйлийг мэдсээр байж аваад байвал хамтран оролцогч болно гэсэн үг.

 

Г.БАЛГАРМАА

ӨДРИЙН СОНИН