UBS телевизээс санаачлан зохион байгуулж буй “Улс төрд шинэ манлайлагч” төсөлд  салбар салбарын манлайлагч залуу боловсон хүчнүүд хүч сорьж буй. Тэдний нэг нь МУИС-ийн ЭЗС-ийн багш, АНУ-ын магистр, докторант С.Санасэр юм. Тэрбээр  МУИС-д багшлахын зэрэгцээ “Меррор Товер” ХХК-ний ТУЗ-ийн даргын ажилтай. Мөн компаний засаглал, бизнесийн чиглэлээр судалгааны ажил хийж байна.  Ингээд уншигч та бүхэндээ түүнтэй ярилцсанаа хүргье.

-“Улс төрд шинэ Манлайлагч” төсөлд оролцож байгаа таньд баяр хүргэе. Энэ сонголтыг хийхэд танд юу нөлөөлөв?

-“Улс төрд  шинэ Манлайлагч” гэх төслийг цаг үедээ тохирсон, санал санаачлага гаргадаг, шинэ улс төрчийг бий болгох зорилготой гэж байгаа ч би түүнээс ч илүү өргөн хүрээтэй ажил гэж харж байгаа. Манай улс залуучууд голлосон залуу боловсон хүчний харьцангуй их нөөцтэй улс. Нөгөө талаас улс төрчдийн үйл ажиллагаанаас маш олон хүмүүсийн амьдрал хамаардаг төрийн оролцоотой зах зээлийн эдийн засагтай нийгэмд бид амьдарч байна. Хүн болгонд эх орон, хөгжил дэвшлийн төлөө бодож явдаг зүйл байдаг учраас нийгмийн идэвхтэй манлайлагч залуучууд уг төсөлд түлхүү оролцоно гэж бодсон. Магадгүй  улс төр, нийгмийн салбарт цөөн ч хамаагүй шинэ залуус тодроод гараад ирвэл энэ нь одоо байгаа болон ирээдүйд орж ирэх манлайлагчдын хэмжүүр, дунд нь бий болох томоохон түлхэц  хөшүүрэг болох байх гэж харж байна. Ийм орон зай бидэнд хэрэгтэй байгаа учраас энэ төсөл явагдаж байгаа болов уу. Харин үлдсэн шилдэг залуус нь эдийн засаг нийгмийн хүрээний шилдэг загвар гаргаж монгол улсын хөгжлийн нэгдсэн цогц бодлогод түрлэг нэмэх учиртай.

-Эхний шатанд оролцогчид “Надад шийдэл байна” нэрийн дор эсээ бичсэн. Та эсээндээ ямар асуудлыг хөндсөн бэ?

-Маш олон хувилбар, санал байсан. Монгол улс хөгжихийн суурь үндэс юу вэ гэдэгт хариулт өгч, гаргалгааг санал болгохыг зорьсон. Дэлхийн хөгжиж байгаа орнууд нэг зүйлийг хүлээн зөвшөөрсөн нь мэдлэгт суурилсан технологийн зуун юм. Хүний мэдлэгийг эн тэргүүнд тавьж өндөр технологийн бүтээмжийг бүрэн ашиглана гэсэн үг. Тэгэснээрээ богино хугацаанд маш өндөр бүтээмж, орлого, баялагыг бий болгох хөдөлмөрийн үнэлэмжийг дээшлүүлэх боломжтой. Мэдлэг нь тэр хүний оюун ухаан ухамсар, мэргэжлийн чадвар чадавхын асуудал. Тэгэхээр бид нар алийг нь нэгд тавих вэ гэдэг нь эхний асуудал болно. Эхний ээлжинд хүнээ хөгжүүлэх нь хэрэгтэй гэсэн хариулт гарна. Хүн хөгжсөнөөрөө өндөр технолги дээр ажиллаж чаддаг. Бид нар янз бүрийн технологийг оруулж ирэх бүрэн боломжтой. Харин энэ ажлын байранд тэнцэх мэргэжилтэй ажиллах хүчин олдохгүй бол үр ашиггүй зардал болж үлдэнэ. Өндөр технологи дээр ажиллаж байгаа хүний нэгж хугацааны цалин жирийн ажилтаныхаас хэд дахин өндөр байдаг. Тэгэхээр энэ нь өндөр технологи дээр ажиллаж байгаа хүн болон түүнийг бий болгосон ажил олгогч хоёр хоёулаа хожиж ашигтай байна гэдгийг дэлхий хүлээн зөвшөөрсөн байна.  Өндөр технологийг хэрэгжүүлж байгаа хүн болон компани өөрөө өндөр бүтээмжтэй ажилладаг, өндөр татварыг улсдаа төлдөг, олон хүнийг ажлын байртай болгодог, хүмүүс нь өндөр цалин авдаг. Тэр цалингаараа хуримтлал бий болгож чаддаг.

Технологи гэдэг маань өөрөө тухайн хүнийг хөдөлмөрийн чиг баримжаатай болгох мэдлэг эзэмшүүлэх тал руу чиглүүлдэг. Хөдөлмөрийн зах зээлд тохирох чадвартай боловсон хүчин бэлтгэхэд Монгол улс илүү анхаарах ёстой болсон. Харин үүнийгээ тодорхой бодлого болгох, зөв гарцыг хүн бүр мэддэг байхаар, хэнд ч ойлгогдохоор, итгэж үнэмшихээр хөгжлийн стратегийг гаргах хэрэгтэй.

Хүн хөгжөөд байх тусам технологийг ашиглах мэдлэгтэй болох тусам тийм ажлын байрыг бий болгодог эх сурвалжууд аяндаа бий болно. Хүний хөгжлийн сонголтыг тэлэх зөв бодлогын үр дүнд хүн бүр хөгжих ба тэр хүрээнд бизнес эрхлэгчид ч өөрөө хөгжих болно. Хүнийг хөгжүүлээгүй цагт бид нар ямар ч технологи гоё сайхан юм яриад энэ чинь өөрөө хүчилсэн, болхи, цаг хугацаа алдаж байгаа асуудал юм. Хөгжиж, мэргэшсэн чадварлаг хүн өндөр технологийн хүчин чадлыг бүрэн ашиглаж чадна. Ядуурлаас өөрөө өөрийгөө гаргаж чадах хамгийн дөт зам нь хөдөлмөр байдаг гэж ОУХБ-ын ерөнхийлөгч Самовиа хэлсэн байдаг. Тэгэхдээ энэ нь зохистой хөдөлмөр эрхлэлтийн долоон гол шалгуурыг дааж чадсан байх ёстой. ОУХБ өнөө цагт зохистой хөдөлмөр эрхлэлтийн бодлогыг дэлхийн улс орнуудад зөвлөж байгааг бид бодлогоор хэрэгжүүлэх шаардлагатай болж байна.

-Хүн төвтэй эдийн засаг хэмээн ярьж байна. Өнөөдөр манай нийгэм таны нүдээр хэрхэн харагдаж байна?

-Монгол улс бол хүн ам цөөн, өргөн уудам газар нутаг, байгалийн асар их баялагтай орон. Энэ нь юуг илэрхийлж байна вэ гэхээр хийгдэх ажил, зөв шийдэх асуудал маш ихээр хүлээгдэж байгааг харуулна. Ийм хөгжлийг Монголчууд дангаараа хийхэд хэцүү. Бид нар өндөр технологийг ашиглаж чаддаг чадвартай, зохистой, бүтээмжтэй хөдөлмөр эрхлэлтийг бий болгох хэрэгтэй. Ийм учраас хүн төвтэй эдийн засгийг зах зээлийн гольдролоор бий болгох асуудал яригдана. Нэг хүнд ноогдох ДНБ-ээр улс орнуудын болон дэлхийн эдийн засгийг хэмжиж буй өнөө үед хүний олон цөөн нь гол шалгуур биш, ажиллаж байгаа хүний хөдөлмөрийн бүтээмж, цалин орлогын өсөлт гол шалгуур болсон байна. Монголчууд бид Хятад, Умард Солонгос зэрэг орнуудаас хямд ажиллах хүчийг ашигладаг, өөрсдөө өндөр технологийн эрэлт хэрэгцээг хангахуйц чадварлаг ажиллах хүч, ажил олгогч нарыг бэлдсэн орон болох ёстой. Ийм байдлаар бид нар хуримтлалыг бий болгож чадна. Монгол улсыг хурдтай хөгжүүлж чадна. Би энэ бүгдийг хурдан хөгжих гэдэг талаас нь илүү харж ач холбогдол өгч байгаа юм. Ер нь Монгол улс хөгжиж байгаа бөгөөд харин хэр хурдан хугацаанд өндөр хөгжих вэ гэдэг нь л миний санааг зовоож байгаа асуудал. Хурдан хөгжүүлэхийн тулд бидэнд стратегийн зөв, нүдээ олсон бодлого хэрэгтэй байна. Өнөөдөр манай нийгэмд миний нүдээр үйлдвэржсэн бодлого дутагдаж, хөдөлмөрийн эрэлт нийлүүлэлтийг бидний дээр ярьсан өндөр технологитой холбож чадахгүй байна. Өөрөөр хэлбэл зах зээлийн эдийн засгийн онолын эцэг гэгддэг А.Смитийн хэлсэн хэрэв та мөнгөө үр ашигтай ашиглая гэвэл хуримтлал бий болгодог үйлдвэрлэлд оруул гэсэн онолын бодлогыг хэрэгжүүлэхгүй алдаж байна. Энэ мэт олон системийн алдаанаас зайлсхийх талаас илүү харж байна.

-Дараа дараагийн шатанд та хэрхэн оролцох талаар өөртөө тактик боловсруулсан уу?

-Тэр талаар айхтар бодсон зүйл байхгүй. Ямар ч байсан “Улс төрд шинэ Манлайлагч” төслийг үндэсний хэмжээний оюуны шинэ, довтолгоо, давалгаа болоосой, мөн тэр түвшиндөө үйл ажиллагаа нь зохиогдоосой гэж хүсч байна.

-Та өөрөө залуучуудтай ажилладаг багш хүн. Тэгэхээр өнөөдөр залуучууд нийгэмд хэр оролцоотой байна вэ?

Түрүүн хэлснээр бид цөөхүүлээ. Олон зуун сая хүнтэй нийгэмд нийгмийн идэвхитэй төлөөлөл хангалттай байдаг. Тэдгээр нь чин сэтгэлээсээ тухайн ажилд ханддаг, өөрсдөө мэргэжлийн ч байдаг. Яагаад гэвэл олон хүнээс тийм хүмүүс гараад ирдэг. Бидэнд ямар сорилт тулгарч байна гэхээр ялангуяа залуучууд өөрсдийн ажлын хажуугаар нийгмийн идэвхитэй санал санаачлагатай ажлуудыг хийж, манлайлан оролцож байх нь чухал байна. Яагаад өөрсдийн ажлын хажуугаар гэж байгаа гэхээр хувь хүний хувьд нийтийн төлөө,  олон нийтийн ажилд оролцох, зохион байгуулах нь эдийн засгийн хувьд дандаа зардал гардаг, сэтгэл зүйн хүч хөдөлмөр ихээхэн зарцуулдаг онцлогтой. Товчоор хэлбэл эдийн засгийн хувьд ашиггүй, хүч хөдөлмөр шаарддаг, мөн ажиллагаа ихтэй тул ихэнхи хүний хувьд манлайлан оролцоод байх зүйл биш юм. Өөрсдийн ажлын хажуугаар илүү зардал гаргаад, хүч хөдөлмөр оюун санаагаа олон нийтийг хамарсан асуудлууд, ажлуудад чин сэтгэлээсээ  чилээх сэтгэлгээтэй болж төлөвших нь хүн ам цөөтэй, хийх ажил ихтэй манайх шиг хөгжиж байгаа улсын бас нэг сорилт гэж хардаг. Чин сэтгэлээсээ тийм ажлуудыг хийдэг, судалдаг залуучууд өөрсдөө хариуцлагатай болж төлөвшдөг. Тийм хүмүүс бүх салбарт цаашилбал төрийн ажлыг хийхэд ноён нуруутай, хариуцлагатай, амьдралд ойр, мэргэжлийн шийдвэр гаргадаг болох боломжтой болов уу гэж төсөөлдөг. Оюутнууддаа энэ талаар ойлгуулахыг эрмэлздэг.

Миний хувьд бизнесийн үйл ажиллагаа эрхэлдэг, энэ чиглэлээр багшилдаг үндсэн ажлын хажуугаар нийгэмд үйлчилдэг хэд хэдэн төрийн бус байгууллагуудын удирдлагад байнгын оролцоотой ажиллахыг хичээдэг. Тухайлбал Цахим Өртөө Холбоо ТББ одоо 100 гаруй гишүүнтэй. 40 хувь нь баруунд доктор, 50 хувь нь баруунд магистр хамгаалсан орчин үеийн Монголын сэхээтний төлөөлөлүүд. Удирдах Зөвлөлд сонгогдож, одоо ч энэ байгууллагад ажиллаж байна. Бид гадаадад байгаа Монголчуудын сонгуулийн эрхийг хуульчлах компанит ажил, гадаадад суугаа Монголчуудын анхдугаар чуулга уулзалтыг өмнөх засгийн газартай хамтарч хийж байлаа. Мөн мэдлэгийг эзэмшиж, ажлыг хийж бүтээж чаддаг болсон залуучуудаа эх нутагтаа ирж ажиллахыг уриалж АНУ, БНСУ-д хөдөлмөрийн яармагийг санаачилж хийж байсан. Яг одоо ГХЯ-тай хамтарч “Бүтээлч хамтын ажиллагаа” чуулга уулзалтыг зохион байгуулж байна.  Тэгэхээр энэ мэт ажиллагаанууд олноороо, энд тэнд болох тусам бие биедээ юугаар ч орлуулшгүй мэдлэг, мэдээлэлийг бэлэглэж, Монгол орны хөгжлийн төлөө, өөрсдийн урт хугацааны сайн сайхны төлөө төвлөрөх, хэлэлцэх, оюун ухаанаа цэгцлэх боломжыг олгож байдгаараа онцгой юм.

Нөгөө төлөөр ард түмэн төрийн эрх барих үүргээ үндсэн хуульд зааснаар төлөөлөлийн буюу шууд ардчилалын хэлбэрээр хэрэгжүүлдэг. Өөрөөр хэлбэл УИХ-ын гишүүд, орон нутгийн төлөөлөгчдийг саналаа өгч сонгодог. Энэ хэлбэр нэлээд сайн төлөвшсөн. Харин шууд ардчилалын хэлбэр буюу иргэдийн олонхийн саналаар асуудлыг шууд шийддэг ардчилалын хэлбэр төдийлөн сайн төлөвшөөгүй.  Би оюутнуудаасаа хорооныхоо иргэдийн нийтийн хуралд оролцож санал хэлсэн хүн байна уу гэхэд ганц ч хүн гар өргөдөггүй. Мөн залуучуудын сонгуулийн оролцооны статистик үзүүлэлтүүд жил ирэх тусам муудаж байна. Мөн хичээлийн хажуугаар ажил хийж байгаа оюутан цөөхөн байдаг. Оюутнуудын хувьд эдгээр нь хамгийн түрүүний нийгмийн идэвхитэй байх үзүүлэлтүүд. Үүнд улам идэвхитэй байхыг багшийн хувьд цаагуур нь ойлгуулахыг байнга хичээдэг.

Бидний хувьд өндөр хөгжсөн орнуудтай харьцуулбал  хийх ажлууд бүр их байна. Ийм цаг үед байгаа нь Монгол хүмүүн бидний бүр их боломж юм гэж хүн бүр хараасай, өөрсдийгөө улам сайн хөгжүүлж, нийгмийн болон бүх салбарт, ялангуяа хүн амд томоохон орон зайг эзэлдэг залуучууд байнга манлайлан оролцож өөрсдийгөө дэмжиж ажиллацгаагаасай гэж бодож явдаг.