Зам тээврийн осол цастай, бороотой өдрүүдэд их гардаг хэмээдэг. Жолооч та автомашиныхаа зуны дугуйг сольж, өвлийн дугуйтай замын хөдөлгөөнд оролцож явна уу? Энэхүү асуудалд өнөөдрийн байдлаар жолооч нарын тал хувь нь "амжаагүй" байна гэж хариулах биз ээ. Шөнө цас бага зэрэг орж хонов. Замын халтиргаа гулгаа ийнхүү эхэлж жавар тачигнасан өдрүүд урин хаврыг иртэл үргэлжилнэ. 

Жолооч танд дахин сануулж хэлье! Та яг одоо өвлийн дугуйгаа сольж тавиарай. Та миний дугуйгаа солих солихгүй нь хүмүүст ямар хамаа байна аа гэж бодож магадгүй юм. Гэхдээ хамгийн их хамаатай болсон асуудлын нэг. Учир нь таны хайхрамжгүй зангаас болж зуны дугуй халтиргаа, гулгаатай үед хөдөлгөөнд оролцож яваад аваар, осол гаргахгүй гэсэн баталгаа алга. 

Энэ оны эхний есөн сарын байдлааар, Нийслэлд бүртгэгдсэн  зам тээврийн ослын улмаас  4193  хүн  гэмтэл, бэртэл  авч  122 хүний амь насаа алджээ.

Ослын уршигаар иргэн аж ахуйн нэгж байгууллагад  4 тэрбум  34,1 сая төгрөгийн  хохирол учирчээ. Үүний 3 тэрбум  184,1 сая төгрөгийн  буюу 78,9  хувийг  нөхөн төлүүлсэн байна.

Ард иргэдийн амралт, зугаалгын үе болох долоо, наймдугаар саруудад хамгийн их осол гарч олон хүн амиа алджээ. Мөн наймдугаар сард орон нутгаас хот руу чиглэсэн хөдөлгөөн ихэсдэгтэй холбоотой осол ихээр гардаг аж. Харин нийслэлд зам тээврийн ослын улмаас амь насаа алдсан иргэдийн ихэнхи нь "явган зорчигч" байжээ. Үүнээс харахад, та зам хөндлөн гарахдаа "гарцгүй", "ногоон" гэрлээрээ гардаггүй гэсэн үг. Замын хөдөлгөөний дүрмээ биелүүлээгүй нь улмаас "алтан амиа" алдаж байгаа гэдгээ ухаарах хэрэгтэй. Хэдхэн хором хүлээж байгаад дүрмээрээ зам гарахад та болоод таны ард буй гэр бүл, үр хүүхэд чинь харууслын нулимстай үлдэхгүй гэдгийг "замын хөдөлгөөний дүрэм"-ээ мөрддөггүй "жолооч", "явган зорчигч" та санах хэрэгтэй. Мөн зөвхөн замын хөдөлгөөнд оролцож байгаа жолооч, явган зорчигчоос гадна гэртээ байгаа хүн согтуу жолоочийн буруутай үйлдлээс болж амиа алдсан хэргүүд удаа дараа гарч байсан тохиолдолууд бий. 

Нийслэл хотод, Явган зорчигч - 80 нас барж  2837 гэмтсэн, Жолооч – 15 нас барж  688  гэмтсэн, Тээврийн хэрэгслээр зорчигч –  26  нас барж,  642  гэмтсэн, Дугуйтай хүн –  26  гэмтсэн, Бусад /гэртээ байсан хүн/ - 1 нас  баржээ. 

Явган зорчигч тээврийн хэрэгслийн гадна хэсгээс буюу мөргүүлэх үед гэмтэл авдаг бол тээврийн хэрэгслээр зорчигч, жолооч нар нь хамгаалах бүс, хамгаалах малгай хэрэглээгүйгээс, эсвэл хамгаалах бүсний үйлчлэх шинж чанар нь өндөр хурднаас хамаарч үр дүнгүй болсноос онхолдох, мөргөлдөх үед автомашины жолооны хүрд, хянах самбар, салхины шил, хаалга, цонхыг мөргөснөөс хүнд гэмтэл авч амь насаа алддаг байна.

Нийслэлд зам тээврийн ослын улмаас амь насаа алдсан жолооч, тээврийн  хэрэгсэлээр зорчигчдын  ТАВ нь хамгаалах бүс хэрэглэсэн байсан, 27 нь хамгаалах бүс хэрэглээгүй байсан бол 19  хохирогч хамгаалах бүс хэрэглэсэн эсэх нь тогтоогдоогүй үзүүлэлт гарчээ. Түүнчлэн хүүхдийн хамгаалах бүс, зориулалтын суудал хэрэглэж хэвшээгүй байгаа нь хүүхэд өртсөн хэргийн улмаас  тээврийн хэрэгсэлээр зорчигч 159 хүүхэд гэмтэж бэртжээ.

Хохирогчдын автомашинд зорчиж явсан байрлалаас харвал,

Гэмт хэргийн  улмаас улсын  хэмжээнд   нас барсан 122, гэмтсэн 474 хүний насны байдлыг авч үзвэл,

 

Нас барсан 113  хүн 24 цагийн дотор нас барсан  байхад 9  хүн  30 хоног дотор нас барсан байна.  Нас барсан хүний 21,3  хувь нь эмнэлгийн анхны тусламж авч, 96 хүн эмнэлгийн анхны тусламж авч чадаагүй гэсэн мэдээлэл бүртгэгдсэн гэдгийг Замын цагдаагийн газраас мэдээлж байгаа юм. 

Өнөөдрөөс эхлэн цастай өдрүүд үргэлжилнэ та өөрийн болоод бусдын амь насыг хайрлан замын хөдөлгөөнд оролцоорой. Өчигдөр нэгэн телевизээр зам тээврийн осол сүүлийн үед нэмэгдэж байна. Энэхүү ослын тоог хэрхэн бууруулах вэ хэмээн ард иргэдээс саналын сонсоход ихэнхи иргэд "жолооч", "явган зорчиг" хоёрт хоёуланд хариуцлага тооцдог хуультай больё гэж иргэдийн зүгээс дэвшүүлэв. Гэхдээ энэ манайд хэрэгжих хуулийн заалт нь одоогоор байхгүй байгаа учраас уг саналыг холбогдох албаны хүмүүс нь сонссон байх гэж найдаж байна. 

Х.Даваа