“Улс төрд шинэ манлайлагч” төслийн “Хорьт” багийн залуусын санаачлан хэрэгжүүлж буй “Дэм дэмэндээ” төслийн дэд хөтөлбөрийн хүрээнд “Хаан банк сан”-гийн дэмжлэгээр “Никель Ганбаа” компаниад захиалан хийлгэсэн таван тэргэнцэрийг хөгжлийн бэрхшээлтэй иргэд хүлээж авлаа.Тэд зөвхөн өөрсдийн биеийн онцлогт яв цав тохирсон Монголд үйлдвэрлэсэн тэргэнцэртэй болсондоо баяртай байна.

Нийслэлчүүд андахгүй сайн таних Ард кино театрын хажуу талд гар дээрээс худалдаа эрхэлдэг 40 настай С.Жаргал, “Тэргэнцэртэй сайхан бүсгүй” тэмцээний мөнгөн титмийн эзэн, “Их засаг” их сургуулийн оюутан 22 настай Д.Цолмон, “Наран туул” зах дээр худалдаа эрхэлдэг 17 настай А.Эрдэнэбаяр, 28 настай, гадуур аялах мөрөөдөлтэй н.Азжаргал, ганц бие н.Жаргалсайхан нар биед эвтэй, хөнгөн авсаархан, хөдөлгөөнд саад учруулахгүй, чанартай тэргэнцэр бэлэглэж амьдралд нь урам зориг, итгэл бэлэглэсэн манлайлагч залуустай дотно хөөрөлдөж хэсэг мөчийг хамтдаа өнгөрүүлсэн юм.

Халамжийн чиглэлээр олддог тэргэнцэр 1-2 сар болоод эвдэрдэг, дахин олголт нь хугацаатай учраасгадуур гарч чадахгүй гэртээ суудаг байснаа тэд учирлан ярьж байлаа.Тэргэнцэр олгох үйл ажиллагаанд “Хаан банк сан”, “Никель Ганбаа” компаний хамт олон, бусад хамтран ажиллагч байгууллагууд болон хэвлэл мэдээлийн хэрэгслүүд хүрэлцэн ирсэн байлаа.

Энэ үеэр тус төслийн удирдагч, “Улс төрд шинэ манлайлагч” төслийн шилдэг оролцогч Т.Ариунболд “Манай баг төслийнхөө хүрээнд гурван хөтөлбөр хэрэгжүүлж байгаагийн нэг нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих, Монголд үйлдвэрлэл хөгжүүлэх үйл ажиллагаа юм. Бид тэргэнцэр маш их судалсан. Монголд нийгмийн халамжийн байгууллагаас гурван жилд нэг удаа олгодог Хятад улсад үйлдвэрлэсэн,мөн АНУ-аас оруулж ирдэг нь2000 доллар,Япон улсад үйлдвэрлэсэн 20 000 долларын үнэтэй тэргэнцэрүүд л байдаг юм байна.Бид судалгааныхаа үндсэн дээр Монголд тэргэнцэр зайлшгүй үйлдвэрлэх шаардлагатайгойлгоод “Никель Ганбаа” компанид хандсан. Тэгээд ярилцаж, тохиролцсоны эцэст тус бүр нь 800 мянган төгрөгний үнэ бүхий таван тэрэг хийлгэхээр болж “Хаанбанк сан” дэмжиж санхүүжилт олгосон. Иргэдээ дүүрэг, хорооны нийгэм, халамжийн ажилтнуудын өгсөн мэдээлэл дээр үндэслэн сонгосон байгаа. Дэлхийн стандартаар бол хөгжлийн бэрхшээлтэй иргэний өвчин, биений онцлогт тохируулан үйлдвэрлэдэг юм байна. Монголчууд бид ч гэсэн энэ жишигт орох хэрэгтэй. Энгийн бид өөрсөд дээрээ жишээ аваад яривал эдгээр иргэд маань хөлөндөө яг таарсан гуталтай боллоо гэж ойлгох хэрэгтэй. Манай төсөл цаашаа нийгэмд чиглэсэн үр өгөөжтэй үйлсээр үргэлжлэх болно” гэлээ.