УИХ-ын  өнөөдрийн хуралдаанаар  Ч.Сайханбилэгийн  Засгийн газарт ажиллах сайд нарыг албан ёсоор баталж байгаа билээ.  Дөнгөж сая  Батлан хамгаалахын сайдаар  Ц.Цолмонг томилох эсэхийг хэлэлцлээ.  Улмаар 93.1   хувийн саналаар томилов.

Батлан хамгаалахын сайд  Ц.Цолмонгын намтарыг хүргэе.

Ц.Цолмон 1970 онд Архангай аймгийн Цэцэрлэг хотын 10 жилийн дунд сургууль, 1976 онд Эрхүү хотын Политехникийн дээд сургууль,  1982 онд Намын дээд сургууль, 1987 онд Москвагийн Дипломатын академи тус тус төгссөн. Цахилгааны инженер мэргэжилтэй. Профессор,  Онц бөгөөд бүрэн эрхэт элчин цолтой,  Эдийн засгийн ухааны доктор.

 

Тэрбээр 1976-1977 онд Махконсервын комбинатад цахилгааны инженер, 1977-1980 онд Хөнгөн, хүнсний үйлдвэрийн яаманд инженер, 1982-1984 онд Монголын Хувьсгалт Залуучуудын Эвлэлийн Төв хороонд хэлтсийн эрхлэгч, 1987-1990 онд Гадаад явдлын яаманд хэлтсийн орлогч даргаар ажиллаж байсан.

Мөн тэрээр 1990-1992 онд Хөдөлмөрийн сайдаар томилогдон ажиллаж байгаад, 1992-1994 онд ЮНЕСКО-ийн Үндэсний комисст Ерөнхий нарийн бичгийн дарга, 1995-1996 онд Болгар улсад Онц бөгөөд бүрэн эрхэт Элчин сайд, 1996-2000 онд Оросын Холбооны Улсад Онц бөгөөд бүрэн эрхэт Элчин сайдын албыг тус тус хашиж байв. Дараа нь 2000-2006 онд “Дельтапи” ХХК-ий захирал,2006-2008 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд, 2008-2012 онд Үндэсний Шинэ Намын даргаар ажиллажээ.

 

Ц.Цолмон Улсын Их Хурлын 2012 оны  зургаа дахь удаагийн сонгуулиар Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдож, улмаар  Монгол Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргаар ажиллаж байна. 

1996 онд Болгар улсын “Мадарски конник” одон.  Англи,  орос  хэлтэй.