Налайхын Засаг даргыг тойрсон маргаан өнөөдрийг хүртэл эцэслэгдсэнгүй. Үнэндээ дарга асан эсэх нь тодорхойгүйгээр зөрчилдөөн үүсгэж буйд хотын дарга Э.Бат-Үүл буруутай гэнэ. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 19-нд Налайх дүүргийн ИТХ ээлжит XI хуралдаанаа хийж, дүүргийн эдийн засаг, нийгмийн 2014 оны хэрэгжилтийг “Хангалтгүй” гэж дүгнэсэн билээ.

 

Ийнхүү үнэлэх болсон шалтгааныг дүүргийн МАН-ын бүлгийнхэн тайлбарлахдаа дүүргийн Засаг даргын бүрэн эрхийн хүрээнд хэрэгжүүлсэн 2013 оны Орон нутгийн хөгжлийн сангийн 2.7 тэрбум төгрөгөөр хийгдсэн ажлууд нь хангалтгүй, хариуцлагагүй, тооцоо судалгаа, зураг төсөлгүйн улмаас 324 сая төгрөг эргэн татагдсан. Эргэн татагдсан 324 сая төгрөгийг 2014 онд нөхөн авчирна хэмээн Иргэдийн Төлөөлөгчдийн чуулганд амласан ч талаар болжээ. Мөн 2014 оны хөрөнгө оруулалтаар батлагдсан 2.5 тэрбум төгрөгөөс 1.5 тэрбумын ажил хийгдсэн гэж дүүргийн Засаг даргын Тамгын газрын Төрийн сангийн хэлтсээс мэдээлэл өгсөн бөгөөд үлдсэн нэг тэрбум төгрөгийн санхүүжилт орж ирэх эсэх нь тодорхойгүй гэнэ. Улмаар 2014 оны дүүргийн Орон нутгийн хөгжлийн сангийн дутуу санхүүжилт болох дээрх төгрөгийг 2015 оны санхүүжилтээр нөхөн олгохоор болсон ч үнэндээ 2015 онд Налайх дүүргийн Орон нутгийн хөгжлийн санд хуваарилагдсан 1.9 тэрбум төгрөгөөс танаж, нэг тэрбум орчим төгрөг л дүүрэгт ирэхээр болжээ. Цаашлаад 2013-2014 онд тус дүүрэгт гэмт хэрэг 30 хувиар өсөж, олныг хиртхийлгэсэн онц ноцтой гэмт хэрэг удаа дараа гарсныг ч тодотгосон юм.

 

Ямартай ч энэ бүхний Засаг дарга Х.Болдбаатараас салгаж ойлгох аргагүй тул цаашид Засаг ноёноор ажиллах эсэхэд итгэл үзүүлэх тухай санал хурааж, төлөөлөгчдийн 56 хувь нь огцруулах нь зүйтэй гэж үзжээ. Түүнчлэн хуралдаанаар дүүргийн 2015 оны төсөв батлах тухай, дүүргийн Засаг даргад нэр дэвшүүлэх тухай, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай үндсэн асуудлуудыг хэлэлцэн батлаад хуулийн дагуу Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүлд өргөн мэдүүлсэн билээ. Гэтэл өнөөдрийг хүртэл орон нутгийн өөрийн удирдлагын байгууллагын гаргасан хурлын шийдвэрийн хариуг өгөөгүй байна. Үүний улмаас дүүргийн 2015 оны төсөв батлагдаагүй, төсөвт байгууллагынхан цалин мөнгөө авч чадахгүй байгаа талаар гомдол хөвөрсөөр... Харин Налайх дүүргийн Засаг дарга уг нь асан байхаар нөхөр хууль бусаар ажлаа хийсээр байгаа юм.

 

Дүүргийнх нь иргэдийн нэрлэснээр “Нисдэг дарга” өнгөрсөн хоёр жилийн хугацаанд А00001212, А0022504, А0030314, Е0428536 дугаартай албан гурван, ердийн нэг паспортаа хилийн штамп дарах зайгүй болтол 40 шахам удаа гадаадын улс орнууд руу нисчээ. Мөн 2012 оны сонгуулийн өмнө Авлигатай тэмцэх газрын Хөрөнгө оруулгын мэдүүлэгтээ хашаа байшинд амьдардаг, унах унаагүй гэж мэдүүлж байсан тэрбээр одоо өөрийн эзэмшилдээ “Ланд-200” тэргүүтэй 3-4 машин, тансаг орон сууцтай болсон нэгэн. Түүнчлэн орон нутгийн хөгжил, төсвийн хөрөнгөөр хийгддэг тендерүүдийг хууль бусаар шалгаруулдаг, танил талдаа өгдгийн нэг жишээ гэхэд нэг тэрбум төгрөгийн өртгөөр хийсэн дулааны бойлер үхмэл хөрөнгө болон ашиглагдахгүй байгаагаар жишиж болохуйц. Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй газруудад хууль бусаар газар олгодог. Газар олголтын 60-70 хувь нь хууль бусаар олгосон байдгийг ч сөрөг хүчнийнхэн нь онцолдог юм. Тухайлбал, Засаг даргын шийдвэрээр Налайх дүүрэг 15 га газраа “Тэлмэн констракшин” компанид ямар ч үнэ төлбөргүй өгч 6000 айлын орон сууц барина, 2014 оны I улиралд эхний ээлжийн 720 айлын орон сууц ашиглалтад орно хэмээн амлаж байсан ч дашин шог болсон байна. Хамгийн сүүлийн жишээ гэхэд дүүргийн ИТХ-аас огцруулах шийдвэр гарсны дараа 2014 оны арванхоёрдугаар сарын 30-нд Мойлтын тохой гэдэг газарт зуслангийн зориулалтаар 76 айлын газар олгосон байна. Иймд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Бат-Үүл Налайх дүүрэгт үүсээд байгаа нөхцөл байдлыг даруй хянан үзэж, орон нутгийн өөрийн удирдлагын байгууллагын өргөн барьсан шийдвэрийг шийдвэрлэхгүй бол асуудал даамжирч мэдэх гэнэ.

 

Д.ДОРЖ