МҮЭХ-ны ээлжит бус их хурал өчигдөр болж, холбооны дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулж, холбооныхоо тэргүүнийг сонголоо. МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгчийн төлөө дэд ерөнхийлөгч Х.Амгаланбаатар, ерөнхий нарийн бичгийн дарга Г.Адъяа, ерөнхий санхүүч Б.Гэрэлмаа нар нэр дэвшиж, Х.Амгаланбаатар олонхийн санал авсан байна.

Тэрбээр хоёр жилийн хугацаатайгаар ажиллах юм. Их хуралд өмнөх ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн С.Ганбаатар оролцож, зургаан жил ажилласан хугацаандаа их зүйл хийсэн гэдгээ хэлсэн байна. Түүнчлэн хурлын төлөөлөгчид түүнийг сайн ажилласан хэмээн дүгнэжээ. Гэтэл түүнийг МҮЭ-ийн хэсэг нөхөд АТГ-т шалгуулахаар тодорхой үндэслэлүүд гаргаж, баримт материал бүрдүүлсэн талаар өнөөдөр зарим сайтууд мэдээлжээ. Түүнтэй холбогдож энэ талаар тодруулах гэсэн боловч утас нь холбогдохгүй байлаа. Шалгуулах үндэслэлд, баруун дөрвөн замд байрлах МҮЭСТО-ы залгаа хэсэгт “Үйлдвэрчний салбаруудын ордон” байгуулна гэсэн шийдвэрийг Ерөнхий зөвлөлийн гишүүдээр батлуулж, шийдвэрээ хэрэгжүүлэх нэрээр тогтоолыг өөрчлөн газрыг нь бусдад шилжүүлэх, зориулалтыг нь өөрчлөх зэргээр будлиантуулсан. “Үйлдвэрчин хороолол”, “Үйлдвэрчин цамхаг” гэх ҮЭ-ийн гишүүдийг орон сууцжуулах төсөл хэрэгжүүлж, эдгээр орон сууцыг барихын тулд МҮЭХ-ны харьяа Тээвэр үйлчилгээний төвийг хууль бусаар татан буулгаж, газрыг нь хувийн компанид шилжүүлсэн хэмээн дурьдсан байна.

 

Б.Сансар