З.Энхболдтой долоо хоног
Өнгөрсөн долоо хоногийн хамгийн дуулиантай хүнээр УИХ-ын дарга, Ардчилсан намын дарга Зандаахүүгийн Энхболд тодорлоо.Тэрбээр бүр нэг биш нэлээд хэдэн таагүй үйл явдлын гол дүр байсан юм. 
 
З.ЭНХБОЛД БА ТАВАНТОЛГОЙН ГЭРЭЭ 
Гүйцэтгэх засаглалын тэргүүн ард түмэндээ хандаж чухал мэдээлэл хийх сургаар монголчуудын дунд хүлээлт үүссэн.Зарим нэг нь Ч.Сайханбилэгийг Засгийн газарт хамтарсан жижиг намуудаас татгалзаж МАН-тай дангаараа үлдэх шийдвэр гаргаж магадгүй хэмээн хардаж байв.Гэхдээ дийлэнх нь эдийн засгийн хүндрэлээс гарахын тулд мега төслүүдтэй хамаатай ямар нэг шийдвэр гаргаснаа зарлана гэсэн хүлээлт тээж байсан юм.Оюутолгойн ордоо зарахаар болсон юм биш байгаа ч гэцгээсэн.Тиймээс Ерөнхий сайдын мэдэгдлийг олон түмэн анхааран сонссон.Олонхид нь таалагдсан.Одоо л нэг урагшилж хөгжих гарцаа оллоо, амьдрал сайжрах нь хэмээн итгэсэн.Гэвч энэ мэдэгдлээс ганцхан хоногийн дараа УИХ-ын хаврын чуулганы нээлт болоход л олон нийт хүлээлт, найдвар нь талаар болсныг ойлгосон байх.Учир нь эрхэм спикер чуулганы нээлтийн үгэндээ Тавантолгойн төслийг хэрэгжүүлэх гэрээг УИХ-аар оруулалгүй хийвэл огцруулна хэмээн ил шулуухан хэлж орхисон юм.Уг нь Тавантолгойн төсөлд оролцох консорциум тодорч, хөрөнгө мөнгөний асуудлаа шийдээд нэг үгээр гэрээ байгууллаа л бол галт тэрэг замд гарахад бэлэн байж.Манай Засгийн газар ч байгаа бүхнээ шавхаад энэ төслийг урагшлуулахын төлөө зүтгэсэн.Харамсалтай нь З.Энхболдын үгнээс болоод гэрээ хойшилж, Монголын Засгийн газар мөнгө ч үгүй, мөрөөдөл ч үгүй үлдэв.Үүнийх нь горыг яг үнэндээ З.Энхболд тэргүүтэй “эх оронч” улстөрчид биш энгийн иргэд үүрч эхэллээ.Төсвийн байгууллагынхан цалингаа өгч чадахгүй суугаа.Хийж хэрэгжүүлэхээр тогтсон олон ажил зарах мөнгөгүйн улмаас мөн л тодорхойгүй хугацаагаар хойшилж таарна.Хамгийн гол нь Монголын эдийн засгийн форум хийж итгэлцлийг тунхаглаад байсан манай төр засагт өдгөө итгэж хөрөнгө оруулах хүн гадна ч, дотно ч үгүй болов.Төрийн гурван өндөрлөг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг бүрдүүлдэг.Гурвуулаа нэг намынх учраас хэл амаа ололцох, хэлэлцэж ярилцах тал дээр элдэв асуудал гардаггүй байх гэж олон нийт ойлгодог.Харамсалтай нь ҮАБЗ дээр нухацтай хэлэлцээд оруулж ирсэн гэж ойлгогдсон Тавантолгойн төсөлд төрийн гурван өндөрлөгийн нэг нь тээг тавиад гацааж орхилоо.Одоо хэзээ амьдрал сайжирч, төсвийнхөн цалингаа хэзээ авч, бүтээн байгуулалтын хөрөнгө хэзээ шийдэгдэхийг З.Энхболдоос л асуухаас. 
 
З.ЭНХБОЛД БА АРДЧИЛСАН НАМ 
Ардчиллын 25 жилийн ойн баяр тун ч халуухан болж өнгөрсөн.Төрийн эрх барьж байгаагийн сүр хүчийг үзүүлж сайд дарга, эрхэм гишүүдээрээ гоёсон баярын хурлын гол илтгэлийг намын дарга З.Энхболд тавьсан юм.Намын даргыг индэр дээр гарч илтгэлээ эхэлж ардчилал шударга ёсыг дээдлэх Ардчилсан нам яг өнөөдрөөс нам доторх фракцуудаасаа татгалзаж яг нэг хүн шиг цул нэгдмэл байхаа зарлаж байхад хурлын танхимд огт өөр зүйл өрнөж байлаа. Танхимын арын суудлуудад Баянхонгор, Өвөрхангай, Дорнод аймаг, Сонгинохайрхан, Баянзүрх, Хан-Уул дүүргийн Ардчилсан намын хорооны гишүүд “Үүрэг гүйцэтгэгч дарга нараа хэзээ жинхлэх вэ?”, “Ардчилсан намд шинэ эргэлт хийх цаг иржээ”, “Үеэ өнгөрөөсөн ардчилагчид шинэ үедээ зайгаа тавьж өг”, “Үндэсний зөвлөлдөх хороо, Намын их хурлаа хуралдуул” гэсэн лоозон барин босч зогсов. Гэвч тэдний ингэж байгаа нь ардчиллынханд таалагдаагүйгээс эсэргүү гишүүдээ баярын хурлаас хөөж гаргах ажиллагааг даргын илтгэлтэй зэрэгцэн явуулсан.Үүнийг индэр дээрээс харж зогссон намын дарга З.Энхболд юу бодсоныг бүү мэд.Харин нийгэмд З.Энхболд Ардчилсан намыг булшлах нь гэсэн яриа хөөрөөний эхийг хатгасан.Энэ бол өнгөрсөн долоо хоногийн том дуулианы нэг байлаа. 
 
З.ЭНХБОЛД БА 9,9 САЯЫН ТОРГУУЛЬ 
З.Энхболдыг заргач гэдгийг монголчууд тэртээ тэргүй мэднэ.Анх парламентын хаалгаар заргалдаж байж л орж ирсэн.Зуумхай бас заргач гэдгээр нь олон хүн түүнээс болгоомжилдгоос ч тэр үү эрхэм спикер сүүлийн үед Их хурлын даргын өндөр суудал дээрээс хүмүүсийг элдвээр хэлэх нь элбэгшсэн.Тэгж хэлүүлсэн хүмүүсийн нэг нь МҮОНРТ-ийн ерөнхий захирал байсан М.Наранбаатар. Тэр энэ оны нэгдүгээр сард ажлаасаа халагдсан.Түүнийг УИХ-ын дарга З.Энхболдтой зарга үүсгэснийхээ шанд ажилгүй болсон гэдэг.З.Энхболдыг МҮОНРТ-ийг “...архичдаар дүүрсэн” хэмээн Их хурлын индрээс зарласан хэмээн М.Наранбаатар шүүхэд өгсөн. Харин З.Энхболд нь зөрүүлээд М.Наранбаатарын  “...сонгуулийн үеэр тэр надад шахалт үзүүлж, заавал ийм нэвтрүүлэг цацаарай гэж дарамталсан”  хэмээсэн мэдэгдлийг  нь өлгөж аваад эрүүгийн хэрэг үүсгүүлэхээр цагдаад хандсан юм. Хэдийгээр М.Наранбаатар түүнээс уучлалт гуйсан ч хүлээж аваагүй.Шүүхэд хүрсэн зарга өнгөрсөн долоо хоногт З.Энхболд даргын талд гарсан.Өөрөөр хэлбэл М.Наранбаатарыг өс хонзонгийн сэдлээр нэр хүндэд нь хандсан хэмээн үзээд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх мөнгөн торгууль оноосон. Энэ нь 9,9 сай төгрөг болж байгаа. Өөрөөр хэлбэл эрхэм спикерийн нэр төр арав арай хүрэхгүй сая төгрөгөөр үнэлэгдсэн гэсэн үг.