Дарханчууд Монгол Улсын Ерөнхийлөгчөөр хэнийг сонгохоо хэдийнэ шийдчихжээ. Нар ээсэн найрамдлын хотын эзэд энэ удаагийн сонгуулиар сунгалт биш сонголт хийнэ гэж байна. Тэр сонголт нь МАН-аас Ерөнхийлөгчид нэр дэвшигч Б.Бат-Эрдэнэ гэдгийг ч хэлж байна. Дархан-Уул аймгийн иргэд ийнхүү өөрт нь итгэж буйгаа ирэх сарын 26-нд сонголтоороо батлан харуулна гэдгээ нэр дэвшигч Б.Бат-Эрдэнэд амлаж байсан юм.

 
Гудамжинд таарсан иргэд, зах дээр худалдаа эрхлэгчид, таксины жолооч, нэр дэвшигчийн уулзалтад оролцогчид гээд бүгдээрээ л энэ удаагийн сонгуулиар шинэ хүн гаргаж ирнэ гэцгээх. Шинэчлэлийг шинэ хүнээр хийлгэх гэсэн тэдний сэтгэлийг ч буруутгах аргагүй юм билээ.  Авлига, хээл хахуультай алаг цоог тэмцэх биш, үндсээр нь устгах хүнийг тэд хүсч байгаа аж. Найзан дундаа намчирхаад явдаг биш, нийт түмнийхээ эв нэгдлийг илэрхийлэгч Ерөнхийлөгчтэй болохыг тэд хүсч байна. Тиймээс ч Ардын намаас Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигч Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ дээр дарханчуудын санал, сонголт хоёр хэдийнэ тогтжээ. 
Сонгууль бол төгссөн сургууль, барилддаг эсэхээр нь гоочилдог уралдаан огтхон ч биш. Харин бодлогын өрсөлдөөн, мөрийн хөтөлбөрийн уралдаан  байдаг билээ. Тиймээс ч нэр дэвшигч Б.Бат-Эрдэнэ Дархан хотын иргэдтэй хийсэн уулзалтад мөрийн хөтөлбөрөө дэлгэрэнгүй тайлбарласан юм. Найман бүлэг бүхий мөрийн хөтөлбөрөө илүү чамбайруулах, тодруулахад дарханчуудын санаа бодол чухал байгааг нэр дэвшигч хэлж байлаа. 
 
Иргэдийн хувьд батлан хамгаалах, байгаль хамгаалах, боловсролын тогтолцоог сайжруулах чиглэлээр Б.Бат-Эрдэнэ гишүүний хийсэн ажлуудыг сайшааж явдгаа хэлж байсан. УИХ-ын гишүүн байхдаа эхлүүлж чадсан эдгээр ажлаа Монгол төрийн тэргүүнээр сонгогдчихвол эрчтэй үргэлжлүүлнэ гэдэгт дарханчууд итгэж яваа аж. Тиймээс түүнд дайж өгсөн, төрд хүргэх  захиас олон байв. 
 
Б.Бат-Эрдэнэ гишүүн УИХ-д тасралтгүй гурван удаа сонгогдож, 10-аад жил төр түшилцэн ажиллахдаа ганцаараа болон бусад гишүүний хамтаар 80 шахам хууль санаачилж, боловсруулж, батлуулсан байдаг аж. Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөж буй 400 гаруй хуулийн дөрөвний нэг нь түүний гараар дамжсан  гэсэн үг. 
Онцолж хэлж болох, нэр дэвшигчтэй тодруулж холбож болох хууль бол байгаль орчны чиглэлийн төрийн бодлогууд. "Урт нэртэй" хууль  үүний нэг жишээ юм. Б.Бат-Эрдэнэ гишүүнийг "Урт нэртэй" хуулийг санаачлан батлуулахаас өмнө Монгол Улсын нутаг дэвсгэрт 7000 гаруй лиценз буюу тусгай зөвшөөрөл олгогдоод байжээ. Харин "Урт нэртэй" хуулийг баталснаар гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сав, ойн сан бүхий газруудад  олгогдсон 3000 гаруй лицензийг цуцалсан байна. Тэр хэрээр ус мөрөн, рашаан булаг, ой шугуй хамгаалагдан үлдэж чаджээ.  
 
Б.Бат-Эрдэнэ гишүүний УИХ дахь ажлын хэсгийг нь ахалж, Хууль зүйн байнгын хорооны дарга байхдаа анхны нээлттэй сонсголыг нь зохион байгуулсан Авлигын эсрэг хуулийг Дархан-Уул аймгийн иргэд дэмжиж явдгаа хэлсэн. Гэхдээ авлигатай тэмцэх эрх зүйн орчин нь бүрдчихээд байхад авлигачид байсаар байгаад тэд гайхаж явдгаа хэлж байна лээ. Тиймээс авлигатай алаг цоог тэмцдэг биш, үндсээр нь тасдаж тэмцэнэ гэсэн Б.Бат-Эрдэнийн мөрийн хөтөлбөрийг хоёр гараа өргөн дэмжинэ гэдгээ амласан юм.
 
Төгссөн сургуультай нь холбоотой янз бүрийн гүтгэлэгт  нэр дэвшигч Б.Бат-Эрдэнэ тодорхой хариулт өгч явлаа. "Би Монголдоо эзэмшиж болох бүхий л боловсролыг эзэмшсэн хүн. Яагаад заавал гадаадад сурсан болгон боловсрол болж, Монголд сурсан нь боловсрол биш байдаг юм бэ. Үнэндээ ийм ойлголт байгаа нь улс төрийн намчирхал, талцалтай салшгүй холбоотой. Өнөөдөр дотоодын их, дээд сургуулийг  сайн дүнтэй төгсч,  сайн мэргэжил эзэмшсэн байсан ч  намын харьяалалгүй бол ажилд орж чадахаа байсан. Гадаадад хэчнээн сайн сургууль төгсөөд, хэчнээн том компаниудад мэргэшил дээшлүүлээд ирсэн ч гэсэн намын гишүүн биш бол Монголд ажилд орж чадахгүй байна. Ингэж л намчирхаж, талцаж байна шүү дээ. Би үүнтэй хатуу тэмцэнэ" гэж амлалаа. 
 
Ерөнхийлөгчид нэр дэвшигч, УИХ-ын гишүүн, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, Дархан аварга Б.Бат-Эрдэнийгээ Дархан хотын иргэд намчирхаж, талцалгүй хүлээж авсныг хэлэх нь зүйтэй байх. Түүний иргэдтэй хийсэн уулзалтад МАХН-ын гишүүд, дэмжигчид  хүрэлцэн ирж сонгуулийн ажилд нь амжилт хүсч, дэмжинэ гэдгээ илэрхийлсэн юм. 
 
Дархан бол залуусын хот. Хүн амын 60 хувь нь залуус болохоор энэ аймгийн иргэд нэр дэвшигч Б.Бат-Эрдэнийн мөрийн хөтөлбөрийн оюутны тэтгэлгийн нөхцөлийг сайжруулах, оюутнуудыг сурлагаас нь хамаарч төлбөрийг нь хөнгөлөх заалтыг олзуурхан хүлээн авчээ. Тус аймаг дахь Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн салбар сургуулийн оюутан Мөнх-Учрал энэ талаар хэлээд "Залуусын хүсэлд тулгуурласан төрийн бодлого боловсруулна" гэсэн нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөрийг бодит ажил болгохын төлөө саналаа өгнө гэдгээ амлаж байсан. Түүний хувьд энэ удаагийн сонгууль ихээхэн онцлогтой. Амьдралдаа анх удаа төрийнхөө сонгуульд саналаа өгөх гэж байгаа Мөнх-Учрал өөр шигээ мянга, мянган залууст аваргыг дэмжихийг захиж байлаа. 
 
Уурхайчин залуус аваргаа дэмжинэ
Залуусын хотын галыг манаж байдаг газар бол Шарын гол сумынхан. Шарын голын нүүрсний уурхайг түшиглэн анх байгуулсан уг суманд нэр дэвшигч Б.Бат-Эрдэнэ иргэдтэй уулзалт хийсэн юм. Түүний дэвшүүлсэн хөтөлбөр, тавьсан зорилгыг нутгийн иргэд дэмжиж буйгаа илэрхийлсээр байсан. Уурхайчин Нандинцэцэг "Би аль нэг нам, улс төрийн хүчний гишүүн биш ээ. Залуу хүний хувьд Б.Бат-Эрдэнэ ахыгаа дэмжинэ гэж шийдсэн. Би Монгол Улсын Ерөнхийлөгч гэдэг үнэнийг үнэнээр нь хэлдэг хүн байгаасай гэж хүсдэг. Хэлээд зогсохгүй хэлснээ хэрэгжүүлдэг, хийдэг хүн байгаасай гэж хүссэн учраас Б.Бат-Эрдэнэ ахыгаа дэмжинэ. Ерөнхийлөгч хэмээх  энэ албан тушаалын эрхийг нь эдэлсэн бол үүргийг нь ч бас биелүүлж чадах хүн бол Б.Бат-Эрдэнэ ах маань" гэж тодотгож байв. Мөн гавьяат уурхайчин н.Очир гуай "Хууль боловсруулах, тогтоох байгууллагад арваад жил  чанагдсан хуульч Ерөнхийлөгчтэй болбол монголчууд бид алдахгүй ээ” хэмээн онцоллоо.