Түвдүүдийн байгаль дэлхийгээ сүйтгэсэн гашуун түүх Монголд давтагдах вий


Монголчууд эрт дээр үеэс хадгийг дээдэлж, ихэд бэлгэшээж ирсэн ард түмэн. Бурхан номын шүтээндээ хадгаа дахиж, буянлаг бурханлаг үйлстэнд хадгаа барьдаг ёс төртэй ард түмэн.


Гэтэл өнөөдөр Монголчуудын бэлэгшээж, дээдэлж явдаг тэр үнэт зүйл нь ямар ч үнэ цэнэгүй зүйл болсон нь  өнөөдрийн нийгмийн “эмгэнэл” гэж хэлж болно.


Уул ус, мод ургамал гээд морины шон дээр хүртэл хадаг өлгөсөн байгаа нь бэлэгшээл гэдэг зүйл устгаж үгүй болж буйг тод томруун харуулж байгаа мэт.


Магадгүй ямар нэг учир утгатай болоод л хадаг яндаг өлгөсөн байх гэж бодох хүн бий. Гэвч энэ зүйл нь эцэстээ байгаль экологид асар хортой хог хийгээд хүмүүсийн ухамсрын хог болж үлдэж байгаа нь харамсалтай.

Хадаг нефтийн шаараар үйлдвэрлэдэг, синтетик материалтай, байгальд уусч алга болдоггүй хор хөнөөл ихтэй эд. Гэтэл хүмүүс нэг нэгийгээ дуурайгаад харсан мод, овоо болгондоо хадаг уяж, тавьж байна. Энэ нь байгаль ээжид төдийгүй тухайн хадаг тавьсан хүнд өөрт нь сөрөг нөлөөлөл үзүүлдэг. Мухар сүсэг, хадагны зохисгүй хэрэглээнээс болж байгаль дэлхийгээ сүйтгэсэн гашуун түүх Түвд оронд байдаг юм билээ.


Өнөөдөр манайхан тийм байдалд хүрэхэд ойрхон байна.


Ер нь судлаачид хадгийг зүй зохистой хэрэглэхгүй бол хараадаг гэж ярьдаг юм билээ. Тиймээс ард иргэддээ уул овоогоо ёс заншил, өв уламжлалын дагуу шүтэж, байгаль дэлхийдээ ээлтэй амьдрахыг уриалж байна.

 

Хадгийг хаа хамаагүй өлгөж, зүүж хаяхаас сэргийлэхийн тулд эхний ээлжинд  сургуулиуд эко тодотголтой болж, байгаль хамгаалах дугуйлан хичээллэж, сайн дурын байгаль хамгаалагчдын хүрээг тэлэх чухал байна. Үүнд аймаг, сумдын засаг дарга, эрх баригчид анхаарлаа хандуулах зайлшгүй хэрэгтэй байгаа юм. Мөн иргэдийн идэвхи санаачлагыг нэмэгдүүлж хадаг яндагийг уул, овоонд зүүхээс сэргийлснээр ёс заншил хэвээр үлдэж, байгаль экологи ч тайван “амьсгалах” цаг ирэх биз ээ.

Уул харагдвал овоо босгож, овоо харагдвал хог хаядаг зуршлаасаа салцгаая


Хадагнаас гадна олон нийтийн буруу зуршил гэх айхавтар зүйл бий. Энэ нь хаа сайгүй овоо босгож, янз бүрийн зүйлээр “чимэх” явдал. Сүүлийн үед бүр овоог уул толгод дээр бус модны дунд, голын эрэг дээр ч босгодог болж. Хамгийн гол нь овоо босгохдоо бус овоон дээр хаяж буй хог хаягдлууд энэ удаагийн хөндөх сэдэв болоод байна.


Манай өвөг дээдэс цай, идээнийхээ дээжийг уул овоондоо өргөдөг сайхан уламжлалтай байсан. Одоо бол энэ уламжлал алдагдаж, хог хаягдлаа овоон дээр орхиж байна.


Овоонд хамгийн нандин санааны өргөл нэмэх учиртай тул бохирлох буртаглах үйлийг цээрлэдэг. Гэвч энэ ёсон гээгдсэнээс таяг, хадаг, бүс, архины шил, мөнгөн тэмдэгт, машины руль, гарын боолт, гипс гэх мэт зүйлийг овоонд өргөдөг болжээ.


Гэтэл ийн  элдэв зүйл тавьж өргөснөөр  наад зах нь өт, хорхой, шавьж өсч үржих уршиг болж  нөгөөтэйгүүр байгаль экологид аюултай, хог хаягдлыг бий болгож байгаа гэдгийг иргэд ойлгох хэрэгтэй байна.


Уул усаа хамгаалах, байгаль орчноо хайрлах нь хүн бүрийн үүрэг. Гэтэл хүн бүр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаагаас гадна зарим нь бүр зөрчиж байгаа энэ үзэгдэлтэй зон олноороо тэмцэх хэрэгтэй байна.

 

Уул харагдвал овоо босгож, овоо харагдвал хог хаядаг зуршлаасаа салахгүй бол удахгүй овоо овоолсон хог болж, хог нь “цэг” болох вий дээ.


Орон нутагт ч , нийслэлд ч  тулгамдаж байгаа асуудлын нэг бол яахын аргагүй овоо тахил дахь хог хаягдал, хадаг яндаг.  


Энэ нь монгол орон тэр аяараа энэ аюулын харангад өртсөн гэдгийг харуулж байгаа юм. Тиймээс уул ус, газар шороо, байгаль дэлхийгээ шүтэж ирсэн монгол түмэн минь хаа хамаагүй хадаг яндаг өлгөхөө больж, гаргаж буй үйлдэлдээ хариуцлагатай хандая.


Сайн дурийнхан, залуус нэгдэж байсхийгээд л хадаг яндаг цэвэрлэдэг.  Тонн тонноор нь хог хаягдал, хадаг цуглуулж устгадаг. Харин энэ бүхэнд зорилго нэгтэй иргэд тусалж, зуу зуугаар нэгдэж харагддаг. Дашрамд хэлэхэд, нэг мод 700 гаруй насалдаг. Хадаг уясан мод 15 орчим жил болоод л усдаг гэсэн тооцоо байдаг.

Д.УНДРАХ

 

Эх сурвалж                                http://www.24tsag.mn