МЗХ-ны "Спирт үү? Спорт уу" аян, "Унадаг дугуйтай Улаанбаатар" хөтөлбөрийн хүрээнд намрын дугуйн парад гурав дахь жилдээ амжилттай боллоо. Өнөөдрийн дугуйн парадад 3 настай балчираас 82 настай буурай хүртэлх 500 орчим дугуйчид оролцож, Чингисийн талбай-Зүүн дөрвөн зам-Баруун дөрвөн зам-Чингисийн талбай гэсэн маршрутаар 8 км зам тууллаа. Энэ удаагийн парадын гол онцлог нь дугуйчид МЗХ-ны санаачилгаар зохион байгуулж буй “Хулгайчгүй Монгол” хөдөлгөөнийг дэмжсэн бөгөөд “Хулгайчгүй Монгол төлөө” гэсэн уриалгыг парадын үеэр олон нийтэд хүргэлээ. Мөн уг парадад оролцсон дугуйчдыг ‪”GreenCity” ХХК ‪Ghana амтат шоколадаараа дайлсан юм.

Ийнхүү дугуйн парад зохион байгуулах нь их хотын иргэд спортоор амьсгалж, гэр бүл, найз нөхөд, хосоороо, хамт олонтойгоо унадаг дугуйгаар зугаалах таатай боломжийг олгодгоороо онцлогтой. Түүнчлэн сүүлийн үед парад гэхээсээ илүүтэй дугуйчдын наадам болон өргөжиж байгаа нь олон хүний талархлыг хүлээж байна.

Энэ удаагийн парадын ерөнхий зохион байгуулагчаар МЗХ, “Залуу дугуйчин” клуб, Нийслэлийн Замын Цагдаагийн Газар ажилласан бол ивээн тэтгэгч, дэмжигч байгууллагаар Cannondale, Аттила, Трек дугуйн дэлгүүр, Green city ХХК, Nice bike клуб, Оргил дугуйн клуб, Никель Ганбаа ХХК тус тус ажиллалаа.

Дашрамд сонирхуулахад "Унадаг дугуйтай Улаанбаатар" парадад оролцсон дугуйчдаас хамгийн ахмад нь 82 настай Гэндэн өвөө байсан юм. Тэрээр 1953 оноос хойш өнөөг хүртэл дугуйтай нөхөрлөж буй ахмад дугуйчин бөгөөд Монголд унадаг дугуйн зам нэн тэргүүнд шаардлагатай байгааг онцолж байсан юм.