Бидний амьдарч буй энэ зууныг "чимээгүй тахал" нөмөрсөөр байна. МХЕГ-ын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын хяналтын газраас орон даяар өрнүүлж байгаа “Хүний төлөө -Зөв тус” аяны хүрээнд “Асбестын аюулаас сэргийлэх нь” сургалт хийсэн.

Асбесттай харьцдаг ажилчид, үйлдвэрийн эмч, улсын байцаагч нар сургалтад хамрагджээ. ДЭМБ, Олон улсын хавдрын судалгааны агентлаг (WHO, International Agency for Research on Cancer) хавдар үүсгэх нөлөөт 107 төрлийн хорт бодисыг нэрлэсэн байдаг аж. Үүнд асбестийн бүх төрөл, усан дах арсеник, кадми, этилины оксид, олон цагирагт гидрокарбон, бензопирин, нитрозамин, афлатоксин, шөрмөсөн чулуу, цацраг туяа, радио идэвхт бодис гэх мэт.

Мөн судлаачдын үзэж байгаагаар дэлхий дахинаа ойролцоогоор 125 сая хүн асбесттэй ажлын байранд ажилладаг гэсэн тооцоо хийсэн ба жил бүр 107 мянга гаруй хүн абестээс шалтгаалсан уушгины хорт хавдраар өвддөг хэмээн тогтоожээ. Үүний 4000 нь маш ховор тохиолддог цээж, хэвлийн гялтан хальсны хортой хавдрын улмаас нас барж байна.Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 192-дугаар тогтоолоор асбестийн зарим төрлийг хэрэглэхийг хориглосон химийн хортой, аюултай бодисын жагсаалтанд оруулсан ба харин 2011 оны 176 тоот тогтоолоор хэрэглэхийг хязгаарласан химийн бодисын жагсаалтанд оруулсан байна.

Асбест нь гидроксиликат магни, төмөр, кальци, натригаас тогтсон маш нарийн бат бөх ширхэглэгтэй, эрчилж мушгирсан, өндөр температурт болон галд тэсвэртэй, усанд уусдаггүй зэвэрдэггүй химийн урвалд ордоггүй байгальд тархсан эрдэс юм. Асбестийн төрөлд цагаан асбест /кризотил/, хөх асбест /крокидолит/, хүрэн асбест /амозит/, антофилит, тремолит, актинолит гэсэн бүлгүүд байдаг. Үйлдвэрлэлийн явцад асбестийн ширхэглэг тоос ажлын байр болон орон сууц гадаад орчинд тархаж тоос нь амьсгалын замаар орж уушгинд удаан хугацаагаар хадгалагдсанаас уушгины хорт хавдар, цээж хэвлийн гялтан хальсны хорт хавдар, уушги тоосжих, гялтан хальсны зузаарал үүсгэдэг нь нотлогджээ.

Манай улсын хувьд хорт хавдар үүсгэдэг химийн бодисыг 40 гаруй жил ашигласан, аюулгүй ажиллагааны болон ажилтны эрүүл мэндийг хамгаалах талаар тогтоосон дүрэм, журам хангалтгүй байгаагаас эрсдэлд орж болзошгүй байгаа юм.

Асбесттай харьцаж ажилладаг хүмүүст 15-20 жилийн дараа уушги тоосжих өвчин, 20-25 жилийн дараа уушгины хавдар, 40 гаруй жилийн дараа гялтангийн хавдар үүсгэдгийг олон судалгаа баталжээ. Асбестийн гол хэрэглэгчид нь зарим төрлийн үйлдвэрүүд юм. Тухайлбал дулаан, дуу, цахилгаан тусгаарлагч, ус сувгийн хоолой ба ариутгал, галд тэсвэртэй дээврийн болон шал, хашаа саравчны цаасаар хийсэн иржгэр материал, будаг, винилын ханын цаас, цемент, шаваас ба чигжээсний материал нэхмэл бүтээгдэхүүн зэрэг 300 гаруй зүйлд хэрэглэнэ.

Үүнээс гадна хавдар үүсгэх канцероген нөлөөтэй төрөл бүрийн химийн нэгдлүүд байна. Олон цагирагт гидрокарбон нь тамхи, үйлдвэрлэлийн орчин, утсан хүнсний бүтээгдэхүүнд илэрнэ. Энэ нь мах, загас утах болон ил галд шарах үед амьтны гаралтай өөх тосны шаталтын улмаас үүсдэг байна. Бензопирин нь ахуйн орчинд хоол хүнсийг хуурах, шарах, утах, хатаах үед, амьтны болон ургамлын гаралтай тосыг дахин давтан ашиглах үед, хоолыг олон удаа шарах явцад, тамхи татах үед, автомашины утаа зэргээс, байгаль дээр ойн мод шатах, галт уулын дэлбэрэлт, чулуужсан түлш шатаах үед үүсдэг байна. Дээрхи хүчин зүйлсийн нөлөөгөөр үүссэн бензопирин нь хүний биед хоол боловсруулах зам болон амьсгалын замаар нэвтрэн орж өвчин үүсгэх шалтгаан болох төдийгүй жирэмсэн эхээс урагт цусаар дамжин тархаж, хүний дархлалын системийг дарангуйлах нөлөө үзүүлдэг байна. Нитрозамин нь утсан гахайн мах, халуун зайдас зэрэг хүнсний бүтээгдэхүүний хадгалалтын хугацааг уртасгахын тулд хэрэглэгдэнэ. Иймээс хадгалах хугацаа уртасгагч бодис хийж даршилсан, нөөшилсөн хүнснээс аль болох зайлсхийж, эслэгээр баялаг шинэ жимс, хүнсний ногоо хэрэглэж байх хэрэгтэй. Харин нитрозаминыг “С” аминдэмийн хоргүйжүүлэх антиоксидант үйлчилгээ саармагжуулна. Афлатоксин нь үр тариа, газрын самар түүний тосонд үүссэн хөгц, мөөгөнцөрөөс ялгардаг хортой бодис юм.

Дээр үед хөгшчүүл хөгцтэй ааруул идэх нь биед сайн гэдэг байсныг санаж байгаа байх. Тэгвэл орчин үед эмнэлгийн шинжлэх ухаанд хөгц нь элэгний хорт хавдар үүсгэх гол шалтгаан болдог гэдгийг тогтоогоод байна. Шөрмөсөн чулуу ба эрдэс гэдэгт жонш орно. Иймд жоншны уурхай дээр ажилладаг хүмүүс хөдөлмөр хамгаалалын аюулгүй ажилагааг мөрдөн ажиллахгүй бол бодисын хортой нөлөө биед нь нөлөөлж л байгаа гэсэн үг. Эдгээрээс гадна олон гинжит үнэрт нүүрс төрөгч бензиперин, үнэрт амин, амид, азобудаг, металлт нэгдлүүд, тосон будаг, уусгагч болон гэр ахуйн эдлэл хэрэглэл дэх химийн бодисууд канцероген бодисууд юм.
Хавдар үүсэхэд зарим ажлын байрны орчин нөхцөл нөлөөлнө. Цацраг туяа нь нүдэнд харагдаж гарт баригдахгүй, амтлагдахгүй, цацраг идэвхит, хий байдалтай бодис ба газар шороо, хад чулуунд байдаг. Радио идэвхт бодис, хэт ягаан болон рентген туяаны идэвхт бодистой орчинд ажилладаг хүмүүс эрсдэлт бүлэгт хамаарна.
Ургамлын өвчин, хог ургамал, хортон шавьж өт авгалдай, мэрэгчид, амьтдын эндо, экзопаразиттай тэмцэхэд хөдөө аж ахуй, газар тариалан, ахуйн зориулалтаар хэрэглэдэг химийн бодисыг олон улсын нэршлээр пестицид гэнэ. Эрдэмтдийн үзэж байгаагаар пестицидийг хэзээ,хэн, ямар нөхцөлд яаж хэрэглэх талаарх заавар журмыг сайтар мөрдөж ажилласан тохиолдолд хэрэглэгчдэд очих хүнсэнд агуулагдах үлдэгдэл пестицидийн хэмжээ үлэмж бага байдаг аж.

 

 

Х.Даваа