УИХ-ын дарга З.Энхболд банкны салбар, иргэдийг бухимдуулаад байгаа 8 хувийн зээлийг эргэн сэргээх болно гэж мэдэгджээ.

Тэрээр өөрийн цахим хуудсаараа дамжуулан "Нямдорж гишүүн 8 хувь зээлийг сонгуулийн сурталчилгаа гэж ойлгодог тул хүчингүй болгоход оролцсон юм шиг ойлгогдохоор үг хэллээ. АН 8 хувь зээлийг иргэдээ байртай, ажилтай байлгах, барилгын салбараа өөд татах боломж л гэж санаачилж ҮХЦ-ээс зогсоох хүртэл хэрэгжүүлж ирлээ. 76000 айл байртай болжээ. Удахгүй УИХ хууль баталж 8 хувь ипотекийн зээлээ сэргээнэ " гэж бичсэн байна.

Үндсэн хуулийн цэцээс гаргасан үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой 13, 15 дугаар дүгнэлттэй холбогдуулаад арилжааны банкууд ипотекийн зээлээ зогсоосон юм. Монголын банкны холбоо “Банкуудаа эрсдэлд оруулахгүйн тулд ипотекийн зээлийг зогсоох шийдвэр гаргалаа” гэж мэдэгдсэн. Тийм учраас УИХ-ын хэсэг гишүүн хууль санаачлах бүрэн эрхийнхээ хүрээнд Иргэний хуульд зохих өөрчлөлт оруулахаар төсөл боловсруулаад Засгийн газраас санал авахаар өгчихөөд байгаа юм байна. Санал ирсний дараа хуулийн төслөө УИХ-д өргөн барих аж. Тэгэхээр ирэх нэгдүгээр сард шийдэгдэх төлөвтэй байна. Ямартай ч УИХ-ын дарга З.Энхболд 8 хувийн ипотекийн зээлийг сэргээхийн төлөө ажиллаж байгаагаа мэдэгдсэн учир дээрх хуулийн төсөл дараалал хүлээлгүй шуурхай хэлэлцэгдээд шийдэгдэх бизээ.

Мөн Ц.Нямдорж гишүүний хэлсэн нүгэл чинь нүдээрээ гарна гэсэн хатуу үгний хариуд спикер З.Энхболд ийм хариу барьжээ. УИХ-ын ЭЗБХ-ны хуралдааны үеэр Ц.Нямдорж гишүүн “8 хувийн ипотекийн зээл сонгууль угтаж хийсэн НҮГЭЛ, энэ ЯЛААС та нар бултахгүй шүү, хоншоор чинь дутна” гэх зохисгүй, бүдүүлэг үгс хэлсэн юм.

"8% ипотекийн зээлтэй холбоотой АН-н 10 "НҮГЭЛ""гэх хариуд:


.Ц.Нямдорж гишүүний хэлж байгаагаар сүүлийн 30 сарын хугацаанд бий болсон дараах эерэг өөрчлөлтүүд НҮГЭЛ гэж үү?

• 44336 өрх 2427 тэрбум төгрөгийн ипотекийн зээл шинээр авч, 177.3 мянган иргэн шинээр өөрийн гэсэн орон байртай болж амьдрал ахуй нь дээшилсэн нь НҮГЭЛ ҮҮ?

• 76583 өрх, 153.2 мянган иргэн сар бүр 28 тэрбум, жилд 336 тэрбум төгрөг, 20 жилд 6.7 их наяд төгрөгийн бодит хуримтлал хийдэг болсон нь НҮГЭЛ ҮҮ?

• 19413 өрхийн 581 тэрбум төгрөгийн ипотекийн зээлийг 8%-д шилжүүлж, 77.6 мянган иргэний бодит орлогод жил бүр 70 тэрбум төгрөгийн, 20 жилийн хугацаанд 1.4 их наяд төгрөгийн дэмжлэг бий болсон нь НҮГЭЛ ҮҮ?

• Эдийн засгийн хүндрэлтэй үед ажилгүйчүүдийн эгнээ 200 мянгаар нэмэгдэх байсан эрсдэлээс сэргийлж, барилгын салбарт ажиллагсдын тоо 2013-2014 онд 15.3 мянгаар өсч 77 мянгад хүрсэн нь НҮГЭЛ ҮҮ?

• Барилгын материалын жилийн импортын хэмжээ өсөөгүй хэвэндээ байхад шинээр ашиглалтанд орсон орон сууцны нийлүүлэлт 2.4 дахин нэмэгдэж, дотоодын үйлдвэрлэл сайжирсан нь НҮГЭЛ ҮҮ?

• 2013-2014 онд 2.5 сая метр квадрат орон сууц шинээр ашиглалтад орж, улсын хэмжээнд 5.2 их наяд төгрөгийн орон сууцны барилга угсралт, барилгын үйлдвэрлэл хийгдсэн нь НҮГЭЛ ҮҮ?

• Дунджаар 1.3 сая төгрөгийн орлоготой өрх орон сууцны ипотекийн зээл авч орон сууцтай болох боломжтой болсон нь НҮГЭЛ ҮҮ?

• Иргэд тогтвортой ажил эрхлэх хандлагатай болж, хөдөлмөрийн бүтээмжээ нэмэгдүүлэх, амьдралын зөв хэв маягт шилжих, зорилготой, тэмүүлэлтэй, зөв амьдрах дадал суусан нь НҮГЭЛ ҮҮ?

• Хөдөлмөрийн зах зээл илүү тунгалаг болж, нийгмийн даатгалын төлбөр бодитой болон, бүртгэлгүй орлогыг бүртгэлтэй болгож, далд эдийн засгийг хумих сайн нөлөө гарсан нь НҮГЭЛ ҮҮ?

• Монгол Улсын эдийн засаг суурь өвчнөөсөө салж, өрхийн зардлын бүтэц зөв гольдролдоо орон, дундаж давхаргын хуримтлалд суурилсан тогтвортой өсөлттэй болж эрүүлжих нь НҮГЭЛ ҮҮ? хэмээжээ.

Х.Тэргэл

 

 

 

 




Эх сурвалж: TIMES.MN