Жилийн жилд л сурагчид будаг нь ханхалсан анги танхимд хичээллэж, зарим сургуулийн урсгал засварын ажил дуусаагүй гэх шалтгаанаар хичээллэх хоног нь хэд хоногоор хойшлох тохиолдол бий.

Энэ жилд ч гэсэн сургуулиудын засварын ажлыг хүүхдүүдийг хичээлдээ орохыг нь амдуулаад л хийлээ. Өчигдөр Нийслэлийн засаг даргын шуурхай зөвлөгөөн дээр Ерөнхий боловсролын сургууль болон цэцэрлэгийн засварын ажлын талаар Нийслэ

лийн боловсролын газрын дарга Ц.Отгонбагана мэдээлэл хийлээ. Нийслэлийн хэмжээнд 31 сургууль, 12 цэцэрлэгт барилгын засвар хийгдэж байгаа бол , төрийн өмчийн 111 сургууль, 176 цэцэрлэгт урсгал засвар хийгдэж байгаа юм.   7 сараас эхлэн сургууль, цэцэрлэгийн барилгын засварын ажил гүйцэтгэх аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулж, засварын ажил  энэ сарын 5-аас эхэлжээ. Сургууль, цэцэрлэгийн  засварын ажил  төлөвлөсөн хугацаанаас  хойно эхэлсэн бөгөөд барилга засварын ажил  45 хувьтай, урсгал засварын ажил  75 хувьтай явж байгаа тухай мэдээллээ.  Нийслэлийн Боловсролын газарт нийт 53 сургууль, цэцэрлэгээс 8,6 тэрбум төгрөгийн засварын ажил хийх санал ирүүлсэн ч улсын төсөвт 3,6 тэрбум төгрөгийг баталжээ. Иймд батлагдсан хөрөнгийн дагуу барилгын засварын ажлыг эхлүүлсэн байна.  Сургууль, цэцэрлэгүүдийн засварыг энэ сарын 25 гэхэд бүрэн дуусгахаар төлөвлөн ажиллаж байгаа аж. Гэхдээ хэдэн сургуулийн засварын ажил 25 гэхэд дуусах бол. Тэгээд ч тав хоногийн дотор будагных нь үнэх хэр хурдан гарах бол...

 

Хичээлийнхээ шинэ жилд баяр хөөр дүүрэн орж буй хүүхдүүдийнхээ хичээл хийх идэвхийг нь сулруулсан энэ үйлдлийг таслан зогсоож, сургууль амрангуут урсгал засварын ажлыг хийдэг болвол ямар вэ. Тэгэхгүй бол будаг ханхалсан танхимд өдөржин хичээлд суусан хүүхдүүдийн эрүүл мэндэд муугаар нөлөөлж, оройд нь толгой нь өвдөх тохиолдол ч бишгүй л гардаг. Эцэг эхчүүдийн зүгээс ч гэсэн энэ асуудал тийм ч их анхаарал хандуулсангүй удлаа. Хүүхдээ орой баргар царайлаад бие өвдөөд, толгой өвдөөд гээд ороод ирэхэд нь эцэг эхчүүд засвар хийгдсэн сургуулийн будагнаас болж гэж боддоггүй байх. Гэхдээ миний хувьд ийм зовлонг тойроод биш туулаад ирсэн юм. Есөн сарын нэгэнд баяр хөөрөөр дүүрэн ангидаа ороход  будаг нь ханхалсан танхим хүлээж авна. Эхний ганц цаг суусны дараагаас эхлээд л будагны үнэрт нь толгой манарт, өвдөж эхэлдэг байлаа. Будаг нь хурдан арилаасай гэж бодохоос биш багшийн зааж байгаа хичээлд анхаарал хандуулах чадваргүй болно. Энэ зовлон ямар ч байсан сургуулийн засварын будагны үнэр арилтал үргэлжилдэг байсан юм.

 

Ийм зовлонг олон хүүхэд битгий эдлээсэй гэсэндээ уг асуудлыг дэвшүүлж байна. Тиймээс холбогдох байгууллагууд нь үүнийг анхааралдаа авч, цаашид сургууль, цэцэрлэгийн засварын ажлыг хавар сургууль, цэцэрлэг амрахад эхлүүлдэг болговол ямар вэ... Хүүхдүүдийн эрүүл мэндийг бодсон ч гэсэн ийм шийдвэр хамгийн дохиромжтой санагдах юм. Заавал хичээл орохтой уралдах биш, хичээл амарсаныг дараа засварын ажлыг эхлүүлэхэд болохгүй гэх газаргүй биз дээ. Үүнийг зовлон гэлээ хэмээн зарим нэг нь зэмлэж мэдэх юм. Гэхдээ л хичээл номондоо анхаарч, анги дэвшиж, шинэ хичээл заалгаж, түүнийгээ ойлгохын тулд анхаарал хандуулах ёстой хүүхдүүдийн хувьд зовлон. Хичээлдээ анхаарал хандуулж чадахгүй, ойлгох чадваргүй болно гэдэг бол зовлон шүү дээ.

 

Ямартай ч ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн урсгал засварын ажлыг намар биш, харин хавар хийдэг болох асуудлыг холбогдох хүмүүс анхааралдаа авч, шийдвэрлэнэ гэдэгт найдаж байна.

 

Н.Чинзориг