Үр хөндүүлэх нь өөрийгөө хамгаалах чадваргүй хүний ​​амь насанд халдаж буй хэрэг” хэмээх эрдэмтний үгээр бичвэрээ эхэлье.  

 Учир нь цөөхөн хүн амтай манай улсын хувьд үр хөндөлтийн асуудал дэндүү их байгаа нь сэтгэл эмзэглүүлж байгаа юм. Хорвоод хүн болж мэндлэхээр тэмүүлэх бяцхан үрсээ “Чи ирэх болоогүй” хэмээн хөнөөх хүйтэн сэтгэлтнүүд олширсоор.  Судалгаанаас үзэхэд нийт үр хөндөлтийн 46 хувь нь анхны тохиолдол, тэдний 16 хувь нь оюутан, 54 хувь нь давтан хийлгэж буй гэх баримт байна. Харин  нийт жирэмслэлтийн 24 хувь нь үр хөндүүлдэг байна.        

Одоогоос хэдэн жилийн өмнө дунд сургуулийн сурагчид, тодруулж хэлвэл, 17-18 насны охид үр хөндүүлэх нь элбэг байсан бол өдгөө залуужиж 14-15 насныхан ирдэг болсон хэмээн эмч мэргэжилтнүүд хэлж байна. Тэд  амьдралын сайн, мууг таниж мэдээгүй хүүхдүүд шүү дээ. Үнэхээр харамсмаар.

Үр хөндүүлэх гол шалтгаан нь хүсээгүй жирэмслэлт. Арван хүсээгүй жирэмслэлтийн дөрөв нь үр хөндөлтөөр төгсдөг гэнэ. Үр хөндөлтөөс үүдсэн олон сөрөг үр дагавар байдгийн дотор  хүүхэдгүй болох магадлал өндөр хувьтай байдаг. Ганц удаагийн алдаагаар дахин хэзээ ч “ээжээ” гэж дуудуулах эрхгүй ч болж мэднэ. Түүнээс гадна амиа ч алдах эрсдэлтэй.  Эдгээр хор нөлөөг нь мэдсээр байж үр хөндүүлсээр байгаа нь эмгэнэл гэлтэй.

Үр хөндөлтийг дэлхийн олон оронд хуулиар хориглосон байдаг. Манай улсын тухайд тодорхой нөхцөл байдлыг харгалзан эхийн хүсэлтээр хийнэ гэсэн заалттай. Үр хөндөлтийг зөвхөн эмэгтэйчүүдийн мэргэжлийн эмч, эмнэлгийн нөхцөлд  жирэмсний 4-12 долоо хоногтой хугацаанд хийж болно.  Бусад тохиолдолд хийх ёсгүй байдаг. Үр хөндөлтийг тойрсон бас нэг асуудал бол үр зулбуулах эм. Баталгаагүй эмийг хувь хүнээс худалдан авч уун үр зулбуулах асуудал хэрээс хэтэрсэн гэхэд болно.

Одоогийн байдлаар манай улсад төрийн болон хувийн өмчийн 126 эмнэлэг эмэгтэйчүүдэд зориулсан үйлчилгээ үзүүлдэг нь судалгаагаар харагджээ. Үр хөндөлтийг зөвхөн магадлан итгэмжлэлтэй эмнэлэгт мэргэжлийн эмч хийх эрхтэй.   Эдгээрээс 13 эмнэлэг үр хөндүүлэх албан ёсны эрхтэй бол үлдсэн нь нууцаар буюу хууль бусаар үр хөндөлт хийж байна.

Эрүүл мэндийн сайдын тушаал ёсоор бол Монгол Улсын стандарт, журмыг зөрчсөн нь нотлогдсон тохиолдолд эмнэлгийн эмч, ажилтны эмчлэх, сувилах зөвшөөрлийг хүчингүй болгоно гэсэн заалт байдаг. Гэхдээ энэ заалт тэр бүр мөрдөгдөж чаддаггүй. Тиймээс үр хөндөлтийн асуудлыг тойрсон элдэв хууль бус үйлдлүүдэд арга хэмжээ авах цаг нь иржээ.

...Алаг үрээ дараа ир гэж үрийн заяаг бүү хуур

                                    Агшин хором бүр эргэж ирэхгүйг сана

 

Б.Хорлоо