Ойрын хэдэн өдөр "Херо интертайнмент"-ийн уран бүтээл болох "Монгол тулгатны 100 эрхэм" нэвтрүүлэгт Монгол Улсын Ерөнхийлэгч асан Н.Энхбаярын оролцсон нэвтрүүлгээс монтажлагдаагүй хэсэг дүрсүүдийг "хулгайлан авч" олон нийтэд зориулан цацаж байгааг үзлээ.

Найруулга болон үндсэн дүрсүүдэд ороогүй "ил задгай" ярианууд нь хүмүүст янз бүрийн сэтгэгдэл төрүүлсэн байх. Миний хувьд энэ бүхэн тийм ч таатай санагдаагүй. Олон хүмүүс "Херо интертайнмент" студийн уран бүтээлчид болох Баатар, Анужингийн талаар "мэргэжлийн бус" , "ёс зүйгүй" гэдэг талаас нь шүүмжилж, шоолж байгааг ч анзаарч байв. Нөгөө нэг хэсэг нь олонд нилээд сайнаар үнэлэгдэж буй "Монгол тулгатны 100 эрхэм" нэвтрүүлгийн талаар ч таагүй зүйлс бичиж, бусдын урмыг хугалах хэмжээнд үнэлгээ өгч буй нь мэдрэгдэж байлаа. Харин би өнөөдөр "Монгол тулгатны 100 эрхэм" нэвтрүүлэгт МУГЖ Д.Сосорбарамын оролцсон дугаарыг үзэж амжаагүй байснаа хэрэг болгон нөхөж үзлээ. Зүгээр л өчигдөр сэтгэлд минь буусан бараан сүүдэр энэ нэвтрүүлгийг үзээд хэрхэн сарнихыг л анзаарах гэсэн хэрэг. Нэгэнт олон нийтэд "ил тод" болж, шүүмжлэл тохуурхал дагуулж буй энэ үйлдлийг зөвхөн нэг талаас нь биш, ядаж л өөр талаас нь харж дүгнэхийг хичээв. Надад нэг л зүйл бодогдсон, юу гээч. Хувь хүн нь хэн байхаас үл хамааран сайн уран бүтээл л цаг хугацааны шалгуурт тэнцэж үлдэх аж.

 

ХУВЬ ХҮН ба УРАН БҮТЭЭЛ

 

"Херо интертайнмент"-ийн "Монгол тулгатны 100 эрхэм", "Монгол тулгатны 100 дуу", "100 чухал сэдэв" зэрэг нэвтрүүлгүүдийг сонирхон үздэг хүмүүс олон бий. "Мэргэжлийн" гэдэг талаас нь биш, аливаа уран бүтээлийг хүмүүс хэрхэн сонирхож хүлээн авч, уг уран бүтээл нь үзсэн хүмүүсийн сэтгэлд юуг үлдээж байна вэ? гэдэг л хамгийн том шалгуур. "Херо"-гийн энэ уран бүтээлүүд Монголын ТВ нэвтрүүлгийн орон зайд цоо шинэ мэдрэмжийг авчирсан. Уран бүтээлийг хийсэн хүмүүс нь хичнээн "новш" байлаа ч, үнэхээр сайн уран бүтээл тэдний муу талыг цайруулж, үеийн үед мөнхрөн үлддэг нь жам. "Монгол тулгатны 100 эрхэм", "Монгол тулгатны 100 дуу" нэвтрүүлгүүд хичнээн олон шүүмжлэл, магтаал дагуулж байлаа ч монголчууд бидний ирээдүй хойч үед үлдээж байгаа их өв. Бид үүнийг үгүйсгэх аргагүй. Үүний төлөө бид тэдэнд талархах учиртай. Сайн муу, буруу зөвийг өнөөдөр бид биш, ирээдүйд цаг хугацаа шалган нотолдог.

 

"Хулгайлагдаж" олон нийтэд цацагдсан дүрсүүд дундах хувь хүмүүсийн эрээ цээргүй ярианууд бол хувь хүмүүсийн үзэл бодол. Харамсалтай ч тэд ийм яриагаараа бусад хүмүүсийн сэтгэлд гэгээн сайхнаар төсөөлөгдөж байсан өөрийнх нь тухай төсөөллийг хиртүүлж орхисон ч байж магадгүй. Гэхдээ хүн болгон төгс төгөлдөр "бурхан " шиг гэгээн амьтад биш. Хүмүүст гэгээлэг сайхан итгэлийг уран бүтээлээрээ өгчихөөд зовлон жаргал ээлжилсэн хувийн элдэв асуудлууд дундаа шаналж гомдон, баярлаж хөөрч явдаг нь хүмүүний араншин. Алдаан дундаасаа зөндөө олон ухаарал олж, түүнийгээ давтахгүйгээр засч сайжраад явдаг нь ч бас л амьдралын хэмнэл. Баатарт ч, Анужинд ч, бас бид бүгдэд зөндөө олон сул талууд байгаа, нөгөө талаасаа энэ нийгмийн хар бараан сүүдэрт сэтгэлээ хиртээж, бухимдан цухалдаж л яваагаараа адилхан. Зүгээр л уран бүтээлч хүн нэвтрүүлэгт оролцож буй хүн болгонтойгоо адил тэгш харьцаж, өөрсдөө бага ярьж бусдыг их сонсож байх хэрэгтэйг одоо тэд ойлгосон байх. Энэ талаар би ч тэдэнд харамссан, нуулгүй хэлэхэд. Гэхдээ энэ бол аймшгийн муухай, үзэн ядахаар зүйл ч бас биш.

Бид дуучин Адарсүрэн агсныг архичин арчаагүйгээр нь дуудаж, адалсаар нөгөө ертөнцөд үдсэн бол өнөө цагт түүний дуулсан дууг сонсох бүрдээ бахдан баярлаж, уяран хайлдаг. Бид Чойномыг "төрийн эсэргүү юм гэнэ билээ" хэмээн өөр хоорондоо айдас тээн шивнэлдэж байсаар олон оныг үдсэн хэрнээ, одоо түүний бичсэн шүлэг найраглалыг бишрэн шүтэж, амьдралын олон үнэнийг өнөө цагт ч түүний уран бүтээлүүдээс ухаарч яваа. Бид уран бүтээлч хүмүүсээ алдаан дээр нь дэгээдэж унаган дэвсэлж, шоолж тохуурхаж, үзэн ядахыг бусдад уриалж, хийсэн бүтээсэн болгоныг нь хог новштой хутгах гэж оролдоод хэрэггүй дээ. Тэд алдаж оносон ч бай, хийсэн сайн уран бүтээлүүд нь л бусдад ухаарал, бахархал, омогшил болж үлдэнэ. Хийж буй уран бүтээл болгоны цаана ямар их хөдөлмөр зүтгэл, шаналал тарчлаан, нойр хоолгүй өдрүүд урсч байгааг бид мэдэхгүй. Мэдэх албагүй ч, түүнийг бүтээж буй уран бүтээлчдийг ойлгож хүндэлж байх нь хэрэгтэй байнаа. Гэхдээ муу хүнээс сайн уран бүтээл төрдөггүй л юм даа.

 

УЛСТӨР ба УРАН БҮТЭЭЛ

 

Энэхүү бичлэгүүдэд Монголын улстөр хэрхэн бохир заваан байж, тэр хэрээрээ бусдад ч энэ хир буртагаа нялзааж байгааг хүмүүс анзаарсан байх. Аливаа уран бүтээл улстөртэй хутгалдаад ирэхээрээ үнэ цэнээ алдаж байгааг ч бид анзаарсан. Хэрэв улстөр нь бохир заваан бол түүнийг илэрхийлж буй уран бүтээл нь ч бохир заваан байх болно. "Хулгайлагдсан" энэ бичлэгүүдээс хүмүүс амандаа шивэр авир хийн сургаар ярьдаг зүйлийнхээ талаар сонсов. Хүмүүс бухимдаж, уцаарлаж байна. Нэг хэсэгт нь бид ямар хүмүүст итгэж ямар сонголт хийж байгааг ч ойлгуулсан байх. Төрийн эрхэнд байгаа улстөрчид ёс зүйгүй, шударга бус байх тусам иргэд, уран бүтээлчид нь ёс зүйгүй увайгүй болж байгааг анзаарч болно. Муу энэ үзэгдлийг сайн талаас нь харах юм бол, улстөрчдийн ар дахь хөшгийг гэнэдүүлэн нээж харуулсных байх.

 

Харин эдгээр бичлэгүүдийг хэн ямар зорилгоор хулгайлж, олон нийтэд үзүүлэх болов? гэдэг асуулт хариу нэхэж үлдлээ. 2016 оны УИХ-ын ээлжит сонгууль ойртож байгаа үед энэ үйлдэл нь улстөрийн зорилготой, зохион байгуулалттай үйлдэл гэж ойлгогдохоор байна. Улстөрчид хэн нэгнийхээ муу муухайг илчлэхийн тулд юу ч хийхээс буцахгүйгээр улайрч байгаагийн жишээ. Хэдийгээр өнөөдөр бид "Херо"гийнхныг харааж зүхэж байгаа боловч, цаашид хичнээн уран бүтээлчид ийм бохир зүйлд хутгалдахыг таахын аргагүй. Зарим нь сонгогчдод бидон сав, мөнгөн аяга, нүүрс, эс бусын зүйлсүүдийг янз бүрийн "шошго" тойгоор тарааж эхлэв. "Мөнгөөр бүхнийг шидэж болно" гэдэг сэтгэлгээнээс хэзээ салж, эрүүл саруул ухаанаар сонголт хийдэг болох бол? Хүмүүсийн оюун санаанаас гарсан сайн уран бүтээл, түүнийг бүтээсэн бүтээлчдээ хэзээ үнэлж чаддаг болох бол? СОНГУУЛЬ Ч ОЙРТОЖ БАЙНА ДАА. СОНГОЛТ НЬ УГ НЬ АРД ОЛНЫХ ЮМ ШҮҮ ДЭЭ.

Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах