УЛС ТӨРИЙН НАМЫН ТУХАЙ ХУУЛЬ ДЭМЖЛЭГ АВЧ ЧАДАХ ЭСЭХ НЬ ЭРГЭЛЗЭЭТЭЙ БАЙНА

 

Өнөөдөр Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэх эсэхийг шийдвэрлэнэ. Уг хуулийг УИХ дахь АН-ын бүлэг дэмжихгүй гэдгээ илэрхийлсэн. АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар энэ талаар “Уг хууль Үндсэн хууль болон бусад хуультай зөрчилдсөн учраас байнгын хорооны хуралдаан дээр дэмжигдээгүй. Үүнийг УИХ-аар дахин хэлэлцүүлэхээр Ерөнхийлөгч санал, санаачлага гаргасан. Тиймээс манай бүлгийн гишүүд ярилцаад нэгэнт байнгын хороогоор дэмжлэг авч чадаагүй хуулийн төслийг хэлэлцэх шаардлагагүй. Зарим нэг зүйл, заалтыг хүлээж авахад төвөгтэй байдалтай байна. Харин цэгцэлчих юм бол хүлээж авах боломж бий. Тэгэхгүй бол улс төрийн хэрүүлийн алим үүсэх нөхцөл байдалд орно. Хаврын чуулганаар энэ асуудлыг магадгүй хэлэлцээд дараагийн парламентын бүрэн эрхийн хугацаанд хэрэгжүүлбэл зүгээр байх гэсэн байр суурьтай байна” гэж хэлсэн.

 

Харин МАН-ын бүлгийн дэд дарга Н.Номтойбаяр “Энэ асуудлаар МАН-ын бүлэг дахин хуралдана. Бүлгийн дарга одоогоор эзгүй байгаа учир уг хуулийн төслийг хэлэлцээгүй. Ер нь уг хуулиар бусад намуудтай зөвшилцөж, саналыг нь сонсох ёстой гэсэн байр суурьтай байгаа” гэсэн билээ. Тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат уг хуулийг эсэргүүцэж мэдээлэл хүртэл хийж байсан.

 

Хууль санаачлагч Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хувьд улс төрийн намуудыг хариуцлагажуулах, үйл ажиллагаа болон санхүүжилтийг нь ил тод болгохоор уг хуулийн төслийг санаачилж өргөн барьсан. Гэтэл намууд маань уг хуулиас айгаад байна. Тэд хариуцлагатай ажиллахаас зугатааж байна. Машин жолоодож буй хүнийг 10 оноогоор дүгнэдэг болж хариуцлагажуулж байхад төр жолоодож буй намууд хариуцлагагүй байна гэсэн билээ.

 

Ямартай ч уг хууль өнөөдөр байнгын хороогоор хэлэлцэгдэх нь. Гэхдээ уг хууль дэмжлэг авч чадахгүй нь улс төрийн гол хүчин болох АН, МАН-ын байр сууринаас харагдаж байна. Хуулиар улс төрийн намуудад хариуцлага тооцдог болохоос гадна санхүүжилт нь ил болж, намуудын өмчлөлтэй байх эрхийг хасах юм.

 

Тодруулбал, тус хуулиар 10 шинэчлэл хийгдэх юм.

 

 

Намуудыг олон шинэ гишүүнтэй байхын төлөө кампаничилж элсүүлдэг биш олон асуудлын шийдлийг олохын төлөө бодлогоор өрсөлддөг болох ёстойг хуулийн төсөлд тусгажээ. Мөн улс төрийн намыг бүртгэдэг, хянадаг тогтолцоог шинэчилж, Сонгуулийн төв байгууллага хэрэгжүүлж, жилд 2 удаа намуудын тайланг авна. Намууд сонгуульд нэр дэвших эрхийн төлөө гишүүдээсээ хандив, барьцаа, дэнчин, мөнгөн тусламж авсан бол улсын орлогод хурааж, төрөөс олгох санхүүжилтийг бууруулахаар заасан байна.

 

Нэг хүн нэг л намын гишүүн байж анхан шатны нэг л газар бүртгэлтэй байхыг хатуу заасан. Шинээр гишүүнээр элсэх бол заавал өөрийн биеэр очиж үлгэрчилсэн маягт бөглөж, гарын үсэг зурснаар баталгаажих аж. Намуудын гишүүнчлэлийн бүртгэлийг Улсын бүртгэлийн төв байгууллага дээр байх бөгөөд мэдээллийн цахим бааз иргэдэд нээлттэй шилэн байна гэх мэт заалтууд оржээ.

 

Улс төрийн намуудад улсын төсвөөс олгох санхүүжилтийн зориулалтыг зааж 30 хувиас доошгүйг бодлого боловсруулах, мөн 30 хувиас доошгүйг гишүүд, иргэдийн улс төрийн боловсролыг дээшлүүлэх, 10 хувиас доошгүйг намын бүтцийн нэгж дэх сонирхлын бүлгүүдийн улс төрийн оролцооны эрхийг хангахад гэж хатуу заасан байна. Үүнийг зөрчиж санхүүжилтийг зориулалтын бусаар зарцуулбал санхүүжилтийг зогсоож, нөхөн төлүүлэх аж.

 

3000-аас доош хүн амтай засаг захиргааны нэгжид намын салбар нэгж байгуулахыг хориглосон. Ингэснээр дээрх тоонд хүрэхгүй нийт баг, мөн 200 орчим сумдын иргэд улстөржилт, намын дарамтаас чөлөөлөгдөнө. Энэ хуулийн босгыг давж чадаагүй сум, суурин газрууд нэгдэж нийлэх замаар анхан шатны салбар нэгжийг байгуулж болох гэнэ.

 

Энэ хуулиар улс төрийн намын гишүүдийн тоо цөөн байх тохиолдолд нүсэр бүтцийг сонгохгүй байх эрхийг олгож байгаа. Нийт гишүүд 3001 хүрэхгүй тохиолдолд Их хурлын оронд Бүх гишүүдийн хуралтай байх, мөн Их хурлаас Төлөөллийн төв байгууллагыг зохион байгуулахгүйгээр Гүйцэтгэх төв байгууллагаа байгуулж болох, намын олон даргатай байх эрх нь нээлттэй, нам дүрмээрээ өөрийн бүтэц, зохион байгуулалтаа тодорхойлох боломж нээгдсэн гэнэ.

 

МАН, МАХН-ЫН БАЙРЫГ ХУРААХ УУ?

 

Үүнээс үзвэл нэг үйл явдал нийгэмд тов, тодорхой өрнөх нь. Тэр бол МАН болон МАХН одоо үйл ажиллагаагаа явуулж буй байрнаасаа салах нь. Улс төрийн намуудаас МАН, МАХН хоёр өөрийн эзэмшлийн том байранд үйл ажиллагаагаа явуулж түүнийхээ зарим хэсгийг түрээсэлж мөнгө олдог. Бусад намууд нь байргүй. АН хуучин намын байрныхаа газрыг Худалдаа хөгжлийн банкинд маш их хэмжээний мөнгөний барьцаанд тавьсан гэж эх сурвалжууд хэлдэг. Өөр ямар ч нам өөрийн гэсэн өмчилсөн байргүй. Тэгэхээр уг хууль батлагдвал МАН болон МАХН-ын байрыг хураах үйл явц өрнөхөөр харагдаж байгаа юм. Учир нь хуулинд намууд өмчтэй байхыг хориглож байгаа.

 

Энэ мэтчилэн заалтаас болж Улс төрийн намын тухай хууль намуудын дэмжлэгийг авч чадахгүй байна гэж хэлж болно.

Т.Хулан

http://www.24tsag.mn