Ардчилсан Үндсэн хуулиа баталсны 24 жилийн ой өчигдөр тохиож Төрийн ордон хөл хөдөлгөөн ихтэй өнжив. Энэ үеэр шинэ Үндсэн хуулиа эх барьсан Улсын бага хурлын гишүүдээс гадна үе үеийн УИХ-ын дарга нар хүрэлцэн ирсэн нь 24 жилийн ойн өдөрт өнгө нэмж байв.

Тэдний дунд ганцхан эрхэм байгаагүй нь МАХН-ын дарга Н.Энхбаяр. Уг нь тэрбээр саарал ордонд ирээгүй биш ирсэн юм л даа. Гэвч Н.Энхбаяр дарга өнгөрсөн, одоогийн спикерүүдтэй санал бодлоо солилцож, хүндэтгэлийн гэрэл зураг татуулахаас илүүтэй 2004-2008 оны УИХ-ынпшгүүдиин монтажны өмнө зургаа авахуулчихаад гарч одсон нь зарим нэгэн асуултыг үлдээж орхилоо.

Тэрбээр Ардчилсан хүчний холбоо эрх барьсан 1996-2000 цөөнхийн бүлгийн даргаар ажиллах хугацаандаа АН-ын гурван Засгийн газрыг гаднаас нь огцруулж удаах Р.Амаржаргалын танхимыг ганхуулсаар УИХ-ын сонгуультай золгуулж байв. Ийнхүү улс төрийн уран нүүдэл хийснийхээ гавьяаг Н.Энхбаяр хангалттай хүртэж, МАХН-ыг УИХ-д 72 суудалтай болгоод зогсохгүй өөрөө Ерөнхий сайд болж байлаа шүү дээ. Улс төрд “хаан” болох сууриа энэ үеэс ч тавьсан гэж хэлж болно. Харин 2004-2008 оны сонгуулиар МАХН 36, “Эх орон-Ардчилал” эвсэл 36 суудал авч Үндэсний эв нэгдлийн Засгийн газрыг байгуулснаар Н.Энхбаяр Ерөнхий сайдын сэнтийгээ УИХ-ын даргын суудлаар сольсон байдаг.

Өмнөх болон одоогийн парламентын түүхэнд Ерөнхий сайдаас шууд УИХ-ын дарга болсон түүх гараагүй болохоор Н.Энхбаярын энэ нүүдэл улс төрд нэгэн шинэ түүхийг бичсэн билээ. Н.Энхбаяр олонхгүй парламентын спикерээр ганцхан жил ажиллаад Н.Баганбандийн халааг залгамжилсан нь бас нэгэн амжилт байв. Спикерээс төрийн тэргүүний сэнтийд заларч, намтартаа Ерөнхий сайд, УИХ-ын дарга, Ерөнхийлөгчөөр ажилласан хэмээн бичүүлсэн хүн түүнээс өөр байхгүй болохоор тэр шүү дээ. Түүнийг Ерөнхийлөгчөөр ажиллах хугацаанд хоёр Засгийн газар огцорсон түүхтэй. Эхнийх нь Ц.Элбэгдоржийн тэргүүлсэн “Эх орон-Ардчилал” эвсэл МАХН-тай хамтарч байгуулсан Үндэсний эв нэгдлийн Засгийн газар. Хэдийгээр Засгийн газраа хоёр, хоёр жилээр ээлжлэн барина хэмээн тохиролцсон ч лидерүүдээр дүүрэн гэгдэж байсан энэ засгиг М.Энхсайхан тэргүүтэй гишүүд ҮШН-ыг байгуулах замаар эвслээ задлан унагааж байв. Удаах нь буюу МАХН-ын дарга М.Энхболдын тэргүүлсэн Засгийн газар ч тэсч чадалгүй, ганцхан жил ажиллаад унаж байсан юм.

Энэ бүгдээс харахад Н.Энхбаярт Ардчилсан Үндсэн хуулиа баталсан өдрөөр үе үеийн спикерүүдтэй уулзалт, ярилцлага хийх, хүндэтгэлийн гэрэл зургаа татуулахаас илүүтэй 2004-2008 оны парламент, Засгийн газрын түүх илүү чухал байсан бололтой. Түүний улс төрийн карьер, төрийн өндөр албан тушаалыг ээлж дараалан сэлгэсэн он цагийн хэлхээс нь ч 2004-2008 онтой салшгүй холбоотойг дээр өгүүлсэн жишээнээс харж болохоор байна. Ерөнхийлөгчийн сэнтийгээс бууснаас хойш Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүнээр ажиллаж байсан эрхмүүдийн уулзалтад харагддаггүй тэрбээр энэ удаад хамтран ажилласан ангийнхаа нөхдийн монтажны өмнө элдэв тайлбаргүйгзэр зургаа татуулаад гарч одсон нь яах аргагүй өчигдрийн содон үйл явдлын нэг байлаа. Ерөнхий сайд, УИХ-ын дарга, Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан улстөрчдийн уулзалтвд Н.Энхбаяр байдаггүй нь түүнийг урьдаггүй эс бөгөөс өөрөө очдоггүйтэй холбоотой байж болох ч тэрбээр Ардчилсан Үндсэн хуулиа баталсан өдрөөр ангийн нөхдөө дурсч дурсамжаа ийн сэргээв.