УИХ-ын сонгуулийн мандатыг тоог нэмэгдүүлэх хүсэлтийг Нийслэлийн ИТХ-ын дарга УИХ-ын дарга Д.Баттулга, Сонгуулийн ерөнхий хорооны даргад хүргүүлсэн юм. Ийн нэмэх болсон шалтгаанаа Сонгуулийн тухай хуульд УИХ, орон нутгийн сонгуулийг хүн амын тоог харгалзаж сонгуулийн тойрог, мандатын тоог тогтоох тухай заасан. Нийслэлийн хүн ам 1.5 сая болчихсон байгаагаас болсон аж.

Тиймээс УИХ-ын 76 мандатын 40 гаруй хувийг нийслэлд хуваарилах шаардлагатай. УИХ-ын суудал өөрөө хүний төлөөлөл байдаг. Зарим тойрогт 2000 хүнийг төлөөлж байгаа УИХ-ын гишүүн байхад нийслэлээс сонгогдсон гишүүн 20 мянган хүн төлөөлж байх жишээтэй. Арав дахин ялгаа байгаа биз хэмээн хотын Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл тайлбарлав.

МАН-ын бүлэг дээрх асуудлыг дэмжнэ гэдэгтэй тэрбээр 100 хувь итгэлтэй байгаа гэнэ. Учир нь М.Энхболд нийслэлийн Засаг дарга байхдаа хотын мандатыг нэмэхийн төлөө явдаг гол хүн байсан. Тиймээс одоо хоёр нүүр гаргахгүй гэж итгэж байна гэсэн юм.

Түүний хэлж буйгаар бол Баруун хязгаарын гурван аймаг болох Баян-Өлгий 93 мянга, Ховд 81 мянга, Увс 75 мянган хүн амтай. Аймаг тус бүрээс хоёр гишүүн УИХ-д сонгогддог. Энэ гурван аймгийн нийт хүн амын тоо нийлээд ч Сонгино хайрхан дүүрэгтэй дөхөж очихгүй байгаа юм байна. 300 мянган хүн амтай Сонгино хайрханаас гурван гишүүн, гурван аймгийн нийлсэн 250 мянган хүнийг төлөөлж зургаан гишүүн парламентад сууж байгаа нь учир дутагдалтай байгаа гэнэ.

Одоогоор 48 мандатын 14 нь гурван сая монголчуудын 50 хувь нь амьдардаг хотод хуваарилагддаг бол 34 нь 21 аймгийн 20 тойрогт оногдож буй. Тэгэхээр цаашид хүн амын тоотой уялдуулж мандатын тоог хуваарилах талаар УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд байр сууриа илэрхийлж дэмжиж байгаа гэдгээ уламжилсан.

Тэгвэл УИХ дахь МАН-ын бүлгийн ээлжит хуралдаанаар уг асуудлыг хэлэлцлээ. Тус намын бүлгийн дарга С.Бямбацогт "АН-аас СЕХ-нд үүрэг даалгавар өгч сонгуулийн тойрог, мандатын тоог өөрчлөх асуудлыг ярьж байгааг дэмжихгүй" гэлээ.

Дэмжихгүй байгаа гол учир нь нийслэлд 22, орон нутагт 26 мандат оногдох бөгөөд нийслэлийн дүүргүүд 2-5 мандаттай болж, алслагдсан, хил дагасан аймгууд нэг мандаттай болохоор байгаа аж. Тухайлбал, Дорнод, Сүхбаатар, Хэнтий, Өмнөговь, Говь-Алтай, Увс, Ховд, Баян-Өлгий, Завхан, Баянхонгор зэрэг аймаг УИХ-д нэг мандаттай болох магадлалтай болжээ.

МАН-ын намын зүгээс хотын мандатыг нэмбэл, Улаанбаатар хотод хэт төвлөрөл бий болж, хэдэн жилийн дараа хот улс бий болохыг ч анхааруулж. Энэ шийдвэрээс болж хоёр том асуудал үүснэ. Нэгдүгээрт, хөдөө орон нутаг эзгүйрч, улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлнө.

Хоёрдугаарт, Улаанбаатар хотын асуудал хүндэрнэ. Төр засгаас үеийн үед төвлөрлийг сааруулах, өргөн уудам нутаг дэвсгэр дээрээ жигд тархаж амьдрах, хил хязгаараа манах, алслагдсан бүс нутгаа дэмжих бодлого явуулж ирсэн. Хүн амын нягтралыг дагаад утаа, замын түгжрэл, гэмт хэрэг, сургууль цэцэрлэгийн хүрэлцээгүй байдал зэрэг тулгамдсан олон асуудал бий болж байгаа. Энэ шийдэл Улаанбаатарын иргэдэд бас сөргөөр нөлөөлнө. Сонгуулийн тойрог, мандатыг өөрчилснөөс нийслэл хотод хүн амын хэт төвлөрөл бий болж, бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэнэ.

Эрүүл мэнд, боловсролын үйлчилгээний ачаалал ихэсч, гэмт хэрэг өсөх зэрэг олон сөрөг үр дагаврыг энэ шийдвэрээрээ эрх баригч АН бий болгох гэж байгаад харамсаж байна хэмээн өөрийн байр сууриал илэрхийллээ.

Ийнхүү хоёр намын байр сууриа эсрэг, тэсрэг байр сууриатай байгааг харахад нэлээдгүй асуудал үүсч мэдэхээр байна. Хот 21 мандаттай болох болов уу? гэсэн асуултын хариу удахгүй гарах буй за.