УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрындарга С.Баярцогттой Үндсэн хуулийн өдрийн хүрээнд ярилцлаа. Тэрбээр23 насандаа АИХ-ын депутат болж 24 насандаа ардчилсан шинэ Үндсэн хуулийг батлалцаж байсан. Өнөөдөр шинэ Үндсэн хуулийн 24 жилийн ой тохиож байна. Түүнээс 24 асуултад хариулт авснаа хүргэе.

-Ардчилсан шинэ Үндсэн хуулийг баталж байхдаа хэдэн настай байсан бэ?

-24-тэй байсан.

-Одоо та хэдэн настай вэ?

-48 хүрч байна. Ардчилсан шинэ Үндсэн хуулийг 24 настайдаа батлалцсанаас хойш 24 жил өнгөрчээ.

-АИХ-ын депутатад нэр дэвшихдээ хаанаас өрсөлдөж байв?

-АИХ-ын депутатуудаар сонгоход намуудаас нэр дэвшүүлдэггүй, байгууллага нэр дэвшүүлдэг байсан. Тухайн үед би Монголын Хувьсгалт Залуучуудын эвлэл гээд 240 мянган гишүүнтэй байгууллагын дэд даргын албан тушаалтай байлаа. Би хотод амьдардаг байсан ч намайг Сэлэнгэ аймгийн МХЗЭ-ээс аймгийн төв Сүхбаатар суманд буюу 288 дугаар тойрогт нэр дэвшүүлсэн.

-Өдгөөгөөс яг 24 жилийн өмнөх энэ өдөр та Үндсэн хуулийг батлалцажбайлаа. Тэр өдрийг эргэн дурсахгүй юу?

-1992 оны нэгдүгээр сарын 13-ны өдрийн сэтгэгдэл гэвэл их л баяртай байсан. Тэр үед ардчилсан улс болно гэдэг урт хугацааны процесс гэж бодож байсангүй. Үндсэн хуулиа баталчихад л ардчилсан улс болчихно гэсэн ойлголттой явсан. Харин Үндсэн хуулиа баталсны дараа Б.Чимид гуай дээр гүйж очоод “Манай улс ардчилсан улс болчихлоо шүү дээ” гэж баярласан сэтгэлээ хуваалцахад надад нэг зүйлийг хэлсэн юм.

-Б.Чимид гуай танд юу гэж хэлсэн юм бэ?

-“Манайх ардчилсан улс болтол 4-5 сонгуулийн нүүр үзнэ. Үүнийг би үзэхгүй байх. Харин чи үзэх байх” гэсэн. Түүнээс хойш зургаан сонгууль өнгөрсөн байна. Амжилтад хүрсэн зүйл байгаа ч илүү амжилтад хүрэх боломжуудаа ашиглаж чадаагүй.

-УИХ-ын гишүүний нас 25-аас эхэлдэг. Гэтэл та 24-тэйдээ нэр дэвших гээдтанд зориулан нэрдэвшигчийн насны доодхязгаарыг 25 гэж тогтоосонгэдэг юм билээ?

-Тийм ээ. Яагаад гэвэл Үндсэн хууль баталж байхад би 24-тэй байсан. Би гуравдугаар сард төрсөн учраас зургадугаар сард сонгууль болоход би 25 хүрчих байсан юм. Манайхан насыг 30 байхаар хийе гэж байлаа. Тэгээд “Энийг бүлтэлзүүлсээр байгаад сонгуульд оролцуулахгүй байх юм уу” гээд 25 болгож байсан тийм нэг түүх бий.

-Та УБХ дотроо хэнтэй илүү ойр дотно нөхөрлөж явсан бэ?

-Би П.Улаанхүү, Баабар хоёртой ойр байсан.

-УБХ-ын гишүүн С.Баярцогтыг хоёр удаа цэрэгт татсан гэдэг байх аа?

-Би УБХ-д байхдаа хоёр удаа цэрэгт татагдаж байсан. Үүнийг нь зохицуулсан хууль байхгүй байлаа. Намайг бүр бунхны цэрэг бол гэж байсан юм.

-Бунхны цэрэг гэдэг нь?

-Төрийн ордны урд бунхан байсан юм. Манай Улсын бага хурлын гишүүд “Чи цэрэгт татагдчих. Бунхны хажууд зогсож байгаад үг хэлмээр байвал гүйж орж ирээд үгээ хэлчихээд тэндээ очоод зогсож байхгүй юу” гэж хүртэл хэлж байсан шүү.

-Та нам бус байхдаа Нагаржунайн нам гээд МАХН-аас нэр дэвшээгүй гэдэгбил үү?

-Би 1992 онд нэр дэвшихдээ нам бус байв. Намайг тухайн үед МАХН, Ардчилсан нам аль аль нь нэр дэвшээч гэсэн юм. 1992 онд МАХН-ын Удирдах зөвлөл намайг дуудаад “Манай намын нэр дээр дэвш” гэсэн. Талийгаач С.Зориг манай сургуулийн хүүхэд байсан тул “Манай намаас дэвш” гэж байлаа. Би МАХН дээр очоод “Би танай намаас дэвшихгүй” гэсэн. Тэр үед төв ёсны үзэлтэй нам гээд Нагаржунайн нам гэдэг байсан юм.

-МАХН-ыг уу?

-МАХН чинь төв ёсны үзэлтэй байж байгаад Нагаржунайн нам болсон. Би залуу байсан болохоор төв үзэлтэй Нагаржунайн нам гэж яриад явж чадахгүй байсан. МАХН, АН-ын саналыг хүлээж авалгүй итгэл үнэмшил арай ойр юм гээд Социал демократ намыг сонгосон. Хөдөө очоод Социал демократ нам гээд ярихаар хэн ч ойлгодоггүй байлаа.

-1992 оны сонгуульд нэр дэвшээд яасан юм?

-Манай Сэлэнгээс гурван гишүүн гарах ёстой байсан юм. Би дөрвөөр гарч ирээд чадаагүй. Унасныгаа ч зөв зүйл болсон гэж боддог. Тэр хугацаанд би МУИС-д сурч, Германд очиж худалдааны академи төгссөн.

-Үндсэн хуулийг батлахад 70гаруй хоног зарцуулсан.Удаан хуралдсан байгаа юмшүү?

-Үнэнийг хэлэхэд АИХ-ын хоёрдугаар чуулган эхлэхэд үсрээд л 14 хоног хуралдаад баталчихна гэж бодож байлаа. Гэтэл 76 хоног хуралдсан. Эцэс төгсгөлгүй процесс яваад эхлэхээр “Үндсэн хуулиа баталж чадах юм уу” гэх сэтгэгдэл төрдөг юм билээ.

-Үндсэн хууль батлалцажбайсан хүмүүсийн талаархтаны бодол?

-Улс орны өнцөг булан бүрт ажиллаж, амьдарч байгаа АИХ-ын депутатууд, Улсын бага хурлын гишүүдийг Их дээд сургуулиуд уриад Үндсэн хууль баталсан нэгдүгээр сарын 13-ны өдөр залуучуудын дунд яриа хийлгэдэг байвал зөв байх. Тэр үеийн уур амьсгал ямар байсныг одоогийн залуучууд тэр бүр мэддэггүй. 1990-1992 он гэхээр хоёр жил гээд урт хугацаа мэт санагдавч 1992 нэгдүгээр сарын 13-ны өдөр Үндсэн хуулийг баталсан. 1990 оны долдугаар сард АИХ-ын сонгууль болсон. Үндсэндээ 17 сарын дотор бүх зүйлээ хийсэн.

-Хоёр нийгэм солигдоод ороо бусгаа байсан цаг. Хүмүүсийн сэтгэхүйҮндсэн хууль батлахад бэлэн байсан уу?

-АИХ-ын депутатууд, УБХ-ын гишүүд өөрсдийн үндсэн үүргээ маш сайн ойлгож байсан. АИХ, УБХ-ынхан маань таван жилээр сонгогдсон ч Үндсэн хуулиа баталчихаад зургадугаар сард УИХ-ын сонгууль явуулъя гэж шийдэж байсан. Өөрсдийнхөө бүрэн эрхийн хугацааг таван жил байсныг хоёр жил болгон хязгаарлаад шинэ Үндсэн хууль дээр суурилсан сонгууль явуулах нь зүйтэй гэж үзсэн. Ингээд бодохоор УБХ-ын гишүүдийг идеалист хүмүүс байжээ гэж боддог. Тухайн үед МАХН-ынх, ардчилсан хүчнийх гэж хуваалгүйгээр “Бид л энэ улсыг ардчилсан улс болгоно” гэж бодож байсан. Мэдээж зөрчилтэй хурал хаяж явах зүйл байсан ч бүгдээрээ Монголд ардчиллыг бий болгож байна гэсэн сэтгэлээр хандсан.

-Үндсэн хуулийг батлахад гол үүрэгтэй оролцсон хүмүүс нь хэн хэн байв?

-429 депутатдаа Үндсэн хуулийг зөв тайлбарлах үүргийг гүйцэтгэж байсан Б.Чимид, Г.Очирбат, Б.Даш-Ёндон, С.Зориг, Э.Бат-Үүл, Ц.Элбэгдорж гээд гол хүмүүсээ дурсах ёстой. Үндсэн хууль гэдэг чинь маш олон хүний хамтын бүтээл. Түүхийн нэг харамсалтай нь ялсан хүмүүсээр түүх бичигдээд байдаг юм. Түүх бодитой байх ёстой. Энэ өдрийг эргэн дурсахаар Үндсэн хууль баталсан чухал өдрийг цөөхөн депутатын хүрээнд тэмдэглэдэг баяр шиг болгоод байна. Миний хувьд орон даяар Үндсэн хуулиа сурталчилдаг өдөр болоосой гэж боддог.

-ЗХУ-ын нийгэм, улс төрийн нөлөөлөл манайд Үндсэн хуулиа өөрчлөхөд хэрнөлөөлсөн юм бэ?

-ЗХУ-д хийгдэж байсан өөрчлөлт шинэчлэлт хамгийн их нөлөөтэй байсан. 1985 оны дөрөвдүгээр сард престройка эхэлсэн. Намайг Моксвагийн Их сургуулийн нэгдүгээр курсээ төгсөж байхад эхэлж байлаа. Энэ престройка 1989 он хүртэл яваад 1989 онд ЗХУ-д анх удаа хагас чөлөөт сонгууль болсон. Сахаров, Ельцин гээд энэ хүмүүс хамгийн анх тойргоос гарсан депутатууд. Би 1989 оны наймдугаар сард сургуулиа төгсөөд Монголд ирсэн. Харин 1989 оны арванхоёрдугаар сарын 10-нд МоАХ байгуулагдсанаар албан ёсоор манайд ардчилсан хөдөлгөөн эхэлсэн. Энэ үйл явц чинь Монголд 4-5 жил бэлтгэгдчихсэн байлаа.

-Ардчилсан хөдөлгөөн үүссэнээр эрх чөлөөний салхи сэвэлзэж эхэлсэн цагмэдээж 1989 оны сүүл 1990 оны эхэн үе. Эрх чөлөөний талаарх таныбодол?

-Монголчуудын цусанд нь эрх чөлөө гэдэг зүйл байдаг гэж боддог. Бусдаас хамааралгүй амьдраад сурчихсан учраас биеэ даагаад явчихдаг. Монголчууд боломжийг маш сайн ашиглаж чаддаг ард түмэн. Энэ нь нүүдэлчдийн соёл дээр суурилсан зүйл. Түүгээрээ ч бахархдаг.

Тухайн цаг үед монголчуудын хувьд ЗХУ-аас жинхэнэ утгаараа тусгаарлаж бие даасан улсаа байгуулах хүсэл эрмэлзэл байсан. Тэр үед хамгийн их мэдрэгдэж байсан зүйл гэвэл социалист системд бүхэлдээ орж байгаа өөрчлөлт байлаа. Социализмын үеийн эдийн засаг бүхэлдээ маш өндөр өсөлттэй байж байгаад уналтын үе нь 1980-аад оны сүүл үе болж таарсан. Өөрөөр хэлбэл монголчууд эрхэм дээд эрмэлзэл дээрээ хүртэл эргэлзсэн цаг үе байлаа. Шинэчлэлийн хөрс нь бүхэлдээ маш томоор бүрдсэнийг монголчууд маш сайн ашигласан. Тэгснээрээ эдийн засаг, улс төрийн өөрчлөлт шинэчлэлтээ цуг хийж чадсан юм. Энэ бол хамгийн сайн боломж байсан.

-Ямар эдийн засгаар явах вэ гэдэг нь өөрөө маргааны гол сэдэв болжбайсан гэдэг?

-Бид процессоо маш сайн ойлгох хэрэгтэй. УБХ чинь 1990 оны есдүгээр сард байгуулагдсан юм. Үүний өмнө буюу тавдугаар сард нь 1960 оны Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт хийсэн. “МАХН нийгмийн удирдан чиглүүлэгч” гэдэг үгийг авч, олон намын тогтолцоогоор сонгууль явуулна гэдгээ баталчихсан, парламент нь дээд, доод танхимтай, өмчийн хэлбэрийг ижил тэгш хэмжээнд аваачна гэдгийг тунхаглачихсан учраас Үндсэн хуулийн хажуугаар Хөдөлмөрийн хууль, Өмч хувьчлалын хууль гээд реформын шинжтэй хуулиудаа давхар батлаад явсан. Энэ нь маш хүчтэй эргэлдэж байсан процессыг эхлүүлсэн. Дунд нь алдаа оноо бий ч зах зээлийн эдийн засагт эргэлт буцалтгүй оръё, хувийн өмч гэдгийг хүлээн зөвшөөрье, шашны эрх чөлөөг олгоё гэсэн юм. Залууст энэ талаар ярихаар “Ямар сонин юм бэ. Цаанаасаа өгөгдчихсөн шүү дээ” гэж магадгүй. Өдөр бүхэн эсэргүүцэлтэй тулгарч, өдөр бүр л нээлт хийж байсан юм. Тиймээс энэ өөрчлөлт шинэчлэлтийг хийсэн хүмүүст Монголын ард түмэн хүндэтгэлтэй хандах учиртай.

-1989-1990 оны ардчилсан хувьсгалыг 1911 оны Үндэсний эрх чөлөөнийхувьсгалтай дүйцүүлдэг. Энэ тал дээр ямар бодолтой байна вэ?

-1911 он гэдэг бол Манжийн дарлалаас гараад автономит улс байгуулж байсан үе. 1990 онд Монгол Улс НҮБ-д бүртгэлтэй бүгд найрамдах улс байсан ч гэсэн бүрэн биеэ даасан гадаад, дотоод бодлого чөлөөтэй явуулахыг тодорхойлсноороо маш том амжилт.

-1992 оны Үндсэн хууль тухайн үеийнхээ хүлээлтийг хангаж чадаж байсанбайх. Энэ 24 жилийн хугацаанд нийгэмд ямар томоохон өөрчлөлт авч ирсэнюм бэ?

-Үндсэн хууль нь өөрөө тухайн улсын тогтолцоо, суурь зарчмуудыг тодорхойлсон баримт бичгээс гадна төрийн тогтолцоог тодорхойлсон баримт бичиг юм. Ямар засаглалтай улс байх вэ гэдэг зохицолдлогоог нь хангасан байдаг. Бид Үндсэн хууль батлахдаа символ зүйлс дээр нь анхаарал хандуулж ирсэн юм билээ. Тухайлбал, төрийн сүлд ямар байх вэ, төрийн далбаа ямар байх вэ гэдэг дээр маргаан олон хоног үргэлжилсэн. Сонгодог парламентын, Ерөнхийлөгчийн, холимог засаглал уу гэдгээ тодорхойлж улс төр, эдийн засгийн өөрчлөлт дээр хэдий үед нь нэмэр болоод хэдий үед нь саад болох вэ гэдэг бодлогыг тухайн үед тодорхойлж чадаагүй гэж боддог.

-Тэгээд одоо л хэлж байгаа юм уу?

-Тухайн үед яагаад хэлж чадаагүй юм бэ гэхээр нэг улстөрч хувь хүнийхээ хувьд Үндсэн хууль батлагдсанаас хойших 24 жилийн хугацаанд урт удаан хугацаанд лидерийн үүрэг гүйцэтгэсэн үү гэвэл тийм. Н.Багабанди гуай гэхэд дөрвөн жил УИХ-ын дарга, найман жил Ерөнхийлөгч гээд нийтдээ 12 жил Монгол Улсын удирдах албан тушаалыг хашсан байна. Н.Энхбаяр гуай гэхэд дөрвөн жил Ерөнхий сайд, нэг жил УИХ-ын дарга, дөрвөн жил Ерөнхийлөгч гээд есөн жил болчихсон. Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч нэг жил Ерөнхий сайд, дараа нь хоёр жил мөн Ерөнхий сайд, найман жил Ерөнхийлөгчөөр ажилласан гээд нийтдээ 11 жил лидерийн үүрэг гүйцэтгэсэн. Үүнийг харахаар нэг зүйл буруу байгаа юм. Ерөнхий сайд, УИХ-ын дарга, Ерөнхийлөгч гээд гурван албан тушаалыг дамжаад байгаа биз. Меркелийг хар л даа. Дөрөв дэх удаагаа сонгогдоод 10 гаруй жил Ерөнхий сайд хийж байна. Засгийн газар тогтворгүй байгаа, манай лидерүүд нэг голлох албан тушаал дээр удаан хугацаагаар ажиллахгүйгээр дамжаад байгаа нь Үндсэн хууль дотор төрийн салаа мөчир хоорондын уялдаа сул байгаатай шууд холбоотой.

-Засгийн газрын дундаж нас ч гэсэн тийм ч урт биш. Энэ ч мөн Үндсэнхуультай хамаатай байх?

-П.Жасрай, Н.Энхбаяр гуай хоёрын Засгийн газрыг хасчихвал бусад Засгийн газрын ажилласан хугацаа нь дунджаар 1.3 жил байна. Үндсэн хуулийн өөрийнх нь зарчим төр нь тогтвортой, бүтээлч байж засаглалын суурийг нь бий болгож өгөх ёстой. Үндсэн хууль нь өөрөө учир дутагдалтай болсон байна гэдгийг өнөөдөр хүн бүр хүлээн зөвшөөрч байгаа. Тиймээс Үндсэн хуулийн өөрчлөлтийг яриад байгаа юм.

-Үндсэн хууль үүргээ биелүүлж чадсан уу?

-Үндсэн хууль тогтвортойгоор нийгмийнхээ үйл ажиллагааг зохицуулах ёстой. Мөн зөрчлийг зохицуулах ёстой юм. Анхны Үндсэн хуулийн суурь нь тийм. Парламент гэдэг ойлголт байгаагүй. Харин төр гэдэг ойлголт байсан. Түүнийгээ л гүйцэтгэх засаглал гэж үздэг.

Аливаа улсын хөгжлийг улс төрийн тогтвортой байдал, бодлогын залгамж чанараар тодорхойлдог. Манай орны хувьд улс төрийн байдал нь тогтвортой байгаа ч бодлогын залгамж чанар нь байхгүй болчихсон. Нэг Засгийн газар 1.3 жил ажиллаад дараагийн Засгийн газар нь гарч ирээд тодрох ёстой болдог. Тэгээд л өмнөх Засгийн газраа муулдаг. Тийм болохоор 1.3 жил болоод дараагийн Засгийн газар нь өмнөхийгөө давтаад яваад байгаа юм. Энэ нь богино хугацаанд бид өндөр хөгжилтэй улс болох боломжийг хаагаад байна. Бодлогын залгамж чанар үндсэндээ байхгүй байгаа болохоор Урт хугацааны баримт бичгийн тухай хууль гээд ярьж байна. Үндсэн хуульдаа бид бодлогын залгамж чанарыг суулгаж чадаагүй. Үндсэн хууль өөрөө суурь баримт бичгийнхээ хувьд баталгаажуулах ёстой.

Гэрэл зургуудыг Ц.Мягмарсүрэн