Өнгөрсөн арваннэгдүгээр сарын 4-нд АТГ-аас Засгийн газрын гишүүн, Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамбыг баривчлан саатуулсан. Энэ үйл явдлаас хойш Эрүүл мэнд, спортын сайдын суудал 77 хоног эзэнгүй байлаа. Эзэнгүй эрүүл мэндийн салбар элгээрээ мөлхөж, бүр "сэхээнд” орчихсон байдалтай байна. Уг нь Монгол Улсын тусгаар тогтнолын бүрэн бүтэн байдалд эрүүл мэндийн салбар чухал үүрэг хүлээх учиртай. Гэтэл энэ салбар хариуцах эзэнгүй, хаяглах зурвас үгүй 77 хоног боллоо.

Салбарын сайдыг нь авлигын хэргээр цагдан хорьж, эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлснээс хойш энэ салбар тэр чигтээ чигээ алдаж, нурсан гэж хэлж, ойлгож болмоор байна. Болж бүтэхгүй бүхэн эл салбартай холбоотой гарч, хариуцах эзэн, удирдах удирдлагагүй болсноос үүдэж өнөөдөр иргэд эрүүл мэндээрээ, амь насаараа хохирч байна. Амаржих газрууд эх хүүхдийн эрүүл мэнд, амь насаар тоглоод байна. Өнгөрсөн арваннэгдүгээр сард гэхэд Нийслэлийн "Өргөө” амаржих газарт амаржихаар ирсэн эх, ураг хоёулаа эндсэн харамсалтай хэрэг гарсан.

Саяхан нийслэлийн "Хүрээ” амаржих газарт амаржсан эмэгтэйн амь нас дээсэн дөрөөн дээр дэнжигнэж байна. Тэрбээр 2015 оны арваннэгдүгээр сарын 17-нд тус эмнэлэгт хүндрэлтэй амаржсан бөгөөд бүсгүйд цус сэлбэхдээ цусны бүлгийг андуурч хийжээ.

Нэгдүгээр бүлгийн цустай хүнд гуравдугаар бүлгийн цус сэлбэсэн байна. Үүний улмаас бүсгүй одоогоор эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд хүүхэд нь одоо хүртэл хөхөө амлаагүй байгаа гэдгийг ар гэрийнхэн нь хэлжээ. Уг хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж байгаа ажээ. Түүнээс гадна дүүргүүдийн эмнэлэгт хэвтэнэ гэдэг үнэндээ алаан болж байна. Өвчтэй зовлонтой иргэдийг "Хэвтэх ор байхгүй. Төлбөртэй өрөөнд хэвтвэл хэвт, эсвэл оочер хүлээж байгаад сарын дараа хэвтэж болно” гэж эмч нар загнаж зандраад хүлээж авахгүй байна. Ер нь хүн өвдөх эрхгүй болж, эмнэлэг бараадах ч эрхгүй цаг үе болсон мэт санагдав.

Түүнчлэн, Өвөрхангай аймагт томууны хүрээний Н1N1 вирусээр иргэд өвчилж, нэг иргэн нас барсан харамсалтай хэрэг гарлаа. Ийм ийм асуудал үүсч гарах нь салбар хариуцсан сайдтай салшгүй холбоотой мэт санагдаж байна. Үнэндээ ЭМС-ын сайдыг цаг алдалгүй томилж, ажлыг нь хийлгэсэн бол өнөөдөр эмнэлгүүдэд иймэрхүү төрлийн алдаа дутагдал гарахгүй байхыг үгүйсгэхгүй юм. Эрүүл мэндээс гадна спортын асуудал тэр доор орхигдсон гэж болно. Энэ жил олимпийн жил салбарын сайд нь байж хөрөнгө мөнгөний асуудалд оролцож, гарын үсэг зурахаас эхлээд хийх ажил ихтэй.

Гэтэл өнөөдөр энэ салбарыг эзэнгүй, дампуу байдалд байлгаж байхын оронд хариуцсан эзэнтэй болгож, энэ салбарыг сэхэл авахуулаасай билээ. Хамгийн гол нь мэргэжлийн эмч бөгөөд салбараа мэддэг хүнийг томилох нь чухал. Гэтэл салбарын бус "шахааны” буюу албан тушаалд санаархсан эрх мэдэлтнээр эрүүл мэндийн салбарыг удирдуулах гэсэн хүсэл сонирхол зарим нэгэн хүнд байгааг нуухгүй юм. УИХ-ын дарга З.Энхболд нэг мэдэгдэхдээ "Ерөнхий сайд зориггүй байна. Танхимынхаа сайдыг томилуулах нь түүний асуудал болохоос УИХ-ынх биш. Түүнийг хэн нэгнийг оруулаад ирвэл УИХ хэлэлцэнэ" гэсэн удаатай.

Тэгвэл УИХ дахь бие даагч нар Эрүүл мэндийн сайдын томилгоог яаравчуулах ёстой. Хугацаанд нь томилоогүй учир Ерөнхий сайд өөрөө буруудна” гэсэн юм. Тэгвэл өчигдөр УИХ-ын гишүүн Г.Уянга Ерөнхий сайдыг огцруулах тогтоолын төслийг өргөн барьсан. Үүн дотор ч Эрүүл мэнд, спортын сайдын томилгооны асуудал багтаж байгаа юм.

Т.Буянаа