Манай улсын эдийн засаг ч сөхөрсөн. Өдгөө цалингаа цагтаа өгдөг албан байгууллага өдрийн од шиг тун цөөн боллоо. Үүний тод жишээ нь нийтийн тээвэрт суухад л мэдрэгдэнэ.

Энд нийгмийн дээдсүүд бол суудаггүй. Жинхэнэ ажилчин ангийнхан зорчдог. "Байна уу за өнөөдөр цалин чинь буув уу, Өнөөдрийн хоолны мах л байгаа даа" хэмээн дундаж насны ах эхнэртэйгээ утсаар ярина. "Харин тийм ээ цагаан сараас өмнө бууна л гэж найдаж байна. Ядаж хэдэн хүүхдүүдийнхээ гарыг цайлгах юм аа бэлдэх юмсан. Хоёр сарын цалин нэг дор өгнө гээд л гүрийлгээд байна. Уг нь ч өгчихвөл болчихно л доо" гэж нэгэн эмэгтэй утсаар ярьж зогсоно. Нийтийн тээвэрт жинхэнэ бодит амьдрал өрнөдөг гэдгийг цагаан захтнууд мэддэггүй.

Тэгвэл саяхан манай эрх мэдэлтнүүдийн тэргүүлэгч нь Дэлхийн эдийн засгийн форум дээр хамгийн их мөнгө гуйж царай алдаж яваа улсаар МОНГОЛОО тодруулж орхих нь тэр. Зээлжих зэрэглэл муутай, зээлээ төлөх найдвар багатай, хөрөнгө оруулагчдын хамгийн таагүй орчин, хуулийн нэр барьсан хулгайч нарын орон гээд л цол гуншин нь тасрахгүй цааш үргэлжилнэ. Харин энэхүү гуншин дээрээ ХЭЭЛ ХАХУУЛИАРАА ТЭРГҮҮЛЭГЧ улс.

Монгол улс авлигын индексээрээ Дэлхийн 168 орны 72-т жагсав. Төрийн албан дахь авлигын төсөөллийн үр дүнг харуулдаг уг тайлан жил бүр гардаг юм.

Манай улсын хувьд хэдийгээр найман байр урагшилсан ч харагдаж байгаа ч 2014 онд авч байсан 39 оноо нь нэмэгдээгүй тул авлигын индекс сайжраагүй хэмээн үнэлж байна. Монгол Улсын байр урагшилсан нь манай улсад авлига буурсантай холбоотой бус бусад улсуудын байр ухарч, урагшилснаас шалтгаалжээ.