2016 оны УИХ, Орон нутгийн сонгууль дөтөлж байна. Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулна, оруулахгүй нь гэсээр нэр дэвшигчдийг ч, намуудыг ч хүлээлтэд байлгаад эдүгээ бүх зүйл тодорхой болоод байна. Яригдаж байсанчлан жагсаалтад бичигдэгсэд бүсчилсэн хэлбэрээр өрсөлдөхөөргүй болж, нэг тойрогт үзэгсэд аймгаа урд, хойгуур нь хувааж аваад жижигсгэсэн тойрогт тулах биш, хуучнаараа, томсгосондоо нэг намын гишүүд ч хоорондоо өрсөлддөг сүүлийн хоёр сонгуулийн жишгээр явах нь. Он солигдохын өмнө нэр дэвшихээр мандатын эрх горилогчид намдаа мөнгөө хэдийнэ тушаасан байгаа. Гэхдээ тэдний зарим нь намаасаа нэр дэвших эрхээ авч сонгуульд өрсөлдөх бол нэг хэсэг нь мөнгө тушааснаараа л горилогч хэвээр үлдэх.

Одоогоор аль тойрогт аль намаас хэн, хэн дэвших нь хараахан эцэслэгдээгүй ч ерөнхий чиг тодорхой болжээ. Дэвших санаатай тойргоо тордсоор ирсэн, оны өмнө хэн хэрхэн ямар байдалтайгаар “бөөцийлсөн” гэдгээс бүх зүйл ойлгогдоно. Эцсийн шийдвэр намаас гарах учиртай ч албан ёсны уг шийдвэрээс өмнөх урьдчилсан таамаг сонин байдаг билээ. Тиймээс ирэх сонгуулиар аль тойрогт хэний намаас хэн өрсөлдөх таамаглалыг хамтдаа сонирхъё. Нийслэлээс хүн амын тоондоо тааруулж мандатын тоог нэмж өгөх саналыг УИХ-д хүргүүлчихээд байгаа. Хэрэв энэ хүсэлтийн дагуу нийслэлд байсан 14 мандат дээр нэмж, 22-24 болгох шийдвэр гарвал орон нутгийн 8-10 мандат танагдах талаар яригдаж таарна. Гэхдээ тойргууд дээрээ хэн яаж ажилласан, рейтинг нь ямар байгаагаас шалтгаалж намууд сонголтоо хийх учиртай.

СҮХБААТАР АЙМАГ

Наран ургах зүүнтээ, Сүхбаатар аймагт АН-аас нэр дэвшигчийн хувьд угаасаа тодорхой. Аймгийн Засаг даргаар сүүлийн найман жил ажиллаж байгаа Ж.Батсуурь энэ удаад УИХ-д нэр дэвшинэ гэж байгаа. Өмнөх сонгуулийн үед орон нутагтаа ажилламаар байна гэснээр М.Зоригтод боломж гарч тэр УИХ-ын гишүүн болж байлаа. Зүүн гурван аймгаасаа барилгажилт, дэд бүтэц гээд юм юмаараа дутуу байсан Сүхбаатар аймаг сүүлийн жилүүдэд нүүрээ угаасан мэт болсон. АН-ын Засгийн газрууд ч орон нутагт сайны жишээ авахаараа Сүхбаатар аймгийг жишээлэн үлгэр болгож үзүүлж ирсэн. Олон талын утгаараа Сүхбаатар аймгийн нэг мандат хаана ирэх нь тодорхой гэгдэж буй. Үүнтэй эсрэгцээд МАН-аас Сүхбаатар аймагт нэр дэвших хүн олдоход хэцүү болжээ. Уг нь Монголбанкны дэд ерөнхийлөгч Б.Жавхлан Сүхбаатар аймагт нэр дэвшинэ гэж байсан ч сүүлийн үед Дархан руу дэвшихээ илэрхийлэх болсон. МАН-аас Сүхбаатар явна гэж хэлэх хүн ховор байгаа гэх бөгөөд “Моннис”-ийн Б.Чулуунбаатар байж магадгүй гэсэн яриа бий. Харин МАХН-аас бол Ч.Улааныг ирж магад гэж үзэж байгаа. МАХН-ын дарга Н.Энхбаяр УИХ-ын гишүүд, Засгийн газрын гишүүд болон өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд намын нэрээр албан тушаал хүртэж байсан бүх хүмүүсийг тойрогт явж өрсөлд гэсэн шаардлага тавьж байгаа бөгөөд өнгөрсөн сонгуульд жагсаалтад орсон Ч.Улааны хувьд хуучны ээлтэй тойрог Сүхбаатартаа ирж магадгүй.

ХЭНТИЙ АЙМАГ

Хэнтийд рейтинг өндөр байгаа хүн бол УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ гэх. Гэхдээ 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж үндэсний хэмжээний санал авч байсан, өмнө нь дандаа тойрогт өрсөлдөж гурван ч удаа ялсан гэдэг утгаараа шууд намын жагсаалтад орж мэдэх. Тэгэхээр МАН-аас нэр дэвших хүмүүсийн хувьд НАМЗХ-ны ерөнхийлөгч асан Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын гишүүн асан Н.Ганбямба нарын нэр яригдаж байгаа ажээ. Н.Ганбямбын хувьд Хэнтийн МАН-ын хорооны дарга. Гэхдээ сүүлийн сонгуульд эндээсээ гарч чадаагүй, дандаа хоёроор нь, гурваар нь ялдаг байсан МАН-ын суудлуудад цэнхэр завсар оруулсан. Л.Оюун-Эрдэнэ Харвард төгсч ирээд удаагүй байгаа, шинэ гэдгээрээ Хэнтийнхэнд сонин байж таарна. Хэнтийн Бэрхэд төрж өссөн, Хэнтийдээ салбар нэгжээс нь эхлээд ажиллаж байсан гэдгээрээ орон нутагтаа танигдсан. Оны өмнөхөн шинэхэн хэвлэсэн “Азийн хүлэг” номоороо Хэнтийн бүх сумдаараа явж лекц уншсан дуулдаж байсан. У.Хүрэлсүх, Б.Бат-Эрдэнэ, Д.Арвин эсвэл Н.Ганбямба гээд тогтсон хэдхэн хүн ирдэг байсан Хэнтийн тойрогт МАН-аас шинэ хүн ирэх нь бас анхаарал татаж болох юм.

АН-ын хувьд аймгийн Засаг дарга Ж.Оюунбаатар нэр дэвших нь тодорхой байгаа. Тэрбээр бас ч аймагтаа хийсэн юм ихтэй гээд рейтинг өндөр байгаа аж. АН-ын нөгөө нэр дэвшигч харин тодорхойгүй байгаа бөгөөд “Цагаан шонхор”-ын Ч.Энхтайван байж магад гэгдэж байгаа. Гэхдээ Ж.Оюунбаатар, Ч.Энхтайван нар зэрэг дэвших нь худлаа, юу гэж “Цагаан шонхор”-т хоёр мандат өгөх вэ гэлцэж байгаа юм. Мөн ГОК-ийн үйлдвэрлэл эрхэлсэн орлогч дарга Д.Даваасамбуу нэр дэвшиж магадгүй гэсэн яриа байсан ч эх сурвалж үүнийг үгүйсгэж байна. Ер нь ГОК-ийн удирдлагуудаас сонгуульд нэр дэвшиж, улс төр рүү орох хүн байхгүй ажээ. Энэ тохиолдолд Хэнтийн дараагийн нэр дэвшигч “Лектор төв”-ийн Ц.Баатархүү байж болно.

Бас Н.Алтанхуяг Ерөнхий сайдын зөвлөхөөр ажиллаж байгаад саяхнаас Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн зөвлөх болсон М.Хүдэрбаатар явж байгаа. Тэрбээр оны өмнө тойргуудаараа бэлэг тарааж нэлээд явсан дуулдаж байсан. Мөн оны өмнө нэлээд хөрөнгө гаргаж явсан горилогч бол Н.Учрал. Намдаа багагүй мөнгө өгч нэр дэвших эрхээ авч байгаа гэсэн яриа гараад байгаа. МАХН-аас хуучин Засаг дарга байсан С.Жаргал нэр дэвшинэ. Ерөнхийдөө Хэнтийд нэр нь яригдаж байгаа хүмүүс бол тэд. Өмнө сонгуульд Хэнтийгээс сонгогдож гарч ирсэн Д.Гарамгайбаатар гишүүний хувьд УИХ дахь бүлгийн даргын хувьд намын жагсаалтад орох учраас тойрогт нэр яригдахгүй байгаа юм. Ерөнхийдөө Хэнтийд МАН, АН-ын хувьд өмнөх сонгуулийн адил 1:1 гэсэн дүн гарч, Оюун нэртэй хүмүүс илүү шанстай гарч ирнэ гэсэн яриа тэнд яригдах болжээ.

ДОРНОД АЙМАГ

Өнгөрсөн сонгуулиар энэ аймгаас УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр, бие даагч Х.Болорчулуун нар сонгогдон гарч ирсэн байдаг. Өнөө жил энэ хоёр ч мөн нэр дэвших ажээ. Гэхдээ Х.Болорчулууны хувьд өмнөхийн адил бие дааж бус харин МАН-д элсч тэндээс нэр дэвших гэж байгаа бололтой. МАН-ынхны хувьд бие даагч, популист гишүүдийн нэр хүнд өндөр байгааг ашиглан нэг суудал баталгаатай гэж тооцоолж байх шиг байна. Хэрэв Х.Болорчулуун намд элсэхээр яригдаж байгаа хувилбараа дагахааргүй болбол МАН-аас УИХ дахь МАН-ын бүлгийн чадварлаг хуульч Б.Энхбаяр нэр дэвших санаатай байгаа. Бас Дорнодоос хоёр ч удаа сонгогдсон УИХ-ын гишүүн Д.Одбаярыг мартаж болохгүй. Тэрбээр сонгуульд ялагдсанаасаа хойш Дорнодод амьдрах болсон. Харин АН-ын хувьд П.Алтангэрэл явах нь тодорхой. Тэрбээр Чойбалсан хотын захирагчаар ажиллаж байснаас гадна 2008-2012 онд тус аймгаас УИХ-д сонгогдсон. 2012 оноос шинэхэн байгуулагдсан Соёлын яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан билээ. Өмнөх сонгуульд Н.Номтойбаяраас 300 хүрэхгүй саналын ард үлдсэн гэхээр Дорноддоо олон саналтай нэр дэвшигчийн л нэг. АН-ын өөр нэгэн суудал дээр өрсөлдөгчид олон байна. Хэдийгээр УИХ-ын гишүүн, Зам тээврийн сайд М.Зоригт нэр дэвшихгүй гэж сошиалаар зарласан ч Дорнодыг дотроо бодоод явж байх талтай. Өмнө нь эндээс сонгогдож байсан ч дахин нэг үзэхдээ ялагдсан учраас шууд аавынхаа нутаг Сүхбаатар руу явж нэг гарсан. Одоо эргээд ээжийн нутаг гээд яриад ирэх талтай. Р.Бурмаа сайд уг нь энд нэр дэвших төлөвлөгөөтэй байсан ч Халх голын чөлөөт бүсийн асуудал гээд олон хүчин зүйлсийн нөлөөтэй төлөвлөгөө өөрчлөгдсөн гэх. АН-аас дэвших бас нэгэн магадлалтай хүн бол Дорнодын АН-ын дарга Д.Цэрэнчимэг. АН-аас намын хороог даргалах болсон анхны эмэгтэй гэгддэг.Нэг хэсэг АН-ынхан орон гарсан дэд сайд нарынхаа талаар яригдах үед намын дарга нь түүний нэрийг дэвшүүлж буйгаа зарлахад орон нутгаас үүнийг нь эсэргүүцэж буйгаа илэрхийлж шаардлага төв намдаа хүргүүлж байсан билээ. Түүнээс гадна намдаа олон жил зүтгэж, өмнөх сонгуулиар тус тойрогт нэр дэвшиж явсан эмэгтэй бол Б.Мөнхцэцэг. Тэрбээр төрийн албаа өгөөд намынхаа ажилдаа шуударснаас үзэхэд бас л дэвших байх. Мөн Дорнодоос нэр дэвшиж магадгүй хүний хувьд казино гэгдэх генерал Д.Энхбаатарын нэр хүчтэй яригдаж эхэлсэн. Түүнийг тойрогт үзнэ гэдгийг ойр дотных нь хүмүүс батлах болсон бөгөөд энэ тохиолдолд буриад зоноо түшиж Дорнодоос дэвших нь тодорхой. Бас ТӨХ-ны дарга асан Д.Цогтбаатар ч Дорнодод ажиллаж байгаа.

ДУНДГОВЬ АЙМАГ

Энэ тойрогт өмнө АН-аас ялалт байгуулан дөрвөн жил УИХ-д суугаа Б.Наранхүү гишүүн нэр дэвших нь тодорхой. Угаасаа МАН-ынхан ч тус тойрог дээр 1:0-ээр ялагдана гээд тооцчихсон суугаа гэсэн. МАН-аас өмнөх сонгуульд нэр дэвшиж байсан МАН-ын нарийн бичгийн дарга асан Б.Амарсанаа өрсөлдөж таарна. Гэхдээ орон нутгийнхан нь дандаа гаднаас дарга тавьж, гаднаас хүмүүс ирж өрсөлддөг, тэгээд гарсан хүмүүс нь сум орон нутгийн төлөө юу ч хийдэггүй гэсэн гомдолтой байгааг харгалзан үзэх талтай. Хэрэв энэ хувилбараар явбал тус аймгийн ИТХ-ын дарга С.Буджав нэр дэвшиж магадгүй. Гадаадад боловсрол эзэмшсэн, хөдөө орон нутагтаа ажиллаж амьдарч ирсэн хүмүүсээ дэвшүүлнэ гэвэл тэр нь зөв сонголт байж болох юм.

ДОРНОГОВЬ АЙМАГ

Зарим аймгуудад маш олон нэр дэвшигчтэй, хэн нь ч нэр дэвшиж магадгүй учраас өрсөлдөөн ихтэй байгаа бол зарим газар хэн нэр дэвших нь тодорхой бас хэн гарах нь ч тодорхой газрууд байна. Тухайлбал, МАН-аас “Дорнын говь”-ийн Б.Дэлгэрсайхан тодорхой гэх хүмүүс олон байна. Тэрбээр сүүлийн жилүүдэд тус аймагт жинхэнэ тулж ажиллана гэдгийг үзүүлж байгаа бөгөөд нутгийн зөвлөлийн нэрээр их юм тараасан бас хийсэн ч гэлцэнэ. “Болд төмөр Ерөө гол” компанийн ерөнхий захирал түүнийг ихээхэн нууцлаг хүн гэдэг байна. Гэхдээ хоёр ч удаа намдаа суудал авчирсан УИХ-ын гишүүн Ж.Батсуурь ямар сонголт хийхийг харгалзаж таарна. Бас өнгөрсөн сонгуулийн өмнө баривчлагдаад нэр дэвшигчдийг зарласны дараа суллагдсан Ц.Анандбазар ямар бодолтой явааг хэн ч мэдэхгүй. Тойрогтоо хамгийн шургуу ажиллаж байгаа нь дээрх Б.Дэлгэрсайхан бололтой.

Н-ын хувьд Аймгийн засаг дарга П.Ганхуяг, ИТХ-ын дарга Г.Ганбаатар нар аль аль нь санаатай. Энэ байдлаасаа болж ч хоорондоо тааруу байдаг гэж хэвлэлээр бичигддэг. Гэхдээ АН-ын эх сурвалжууд ИТХ-ын дарга нь нэр дэвшинэ гэж тодотгож байгаа юм.

БУЛГАН АЙМАГ

Тус аймаг бол мөн л ганц мандаттай аймаг. Хэзээнээсээ улаан аймаг гэж нэрлэгддэг. Үеийн үед МАН-ынхан энд ялалт байгуулж байсан. Одоо ганц мандаттай болсноор МАН-ынхан хоорондоо ихээхэн өрсөлдөөнтэй тойрог болсон. Мэдээж, УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр өмнө ялалт авчирсан тойрогтоо үзэж таарна. УИХ-ын гишүүд нь тойрогтоо давуу эрхтэй байх бичигдээгүй хууль аль ч намд бий. Гэхдээ горилогчид ч бас ажилласаар иржээ. Ё.Отгонбаяр гишүүнээс гадна МАН-ын, сахал гэгддэг Ж.Бат-Эрдэнэ, бас “UFC”-гийн О.Амартүвшин нар тойргоо тордсоор ирснийг онцлох нь зүй. УИХ-ын гишүүд нийслэлийн тойрог руу шилждэг жишиг Булганд гарахгүй л бол Ё.Отгонбаяр давуу эрх эдэлж таарах байх. АН-ын хувьд нэр дэвшигчид тодорхойгүй л байна. Булганы Засаг дарга Д.Эрдэнэбат үзчих санаатай байгаа гэсэн. Өмнө нь өрсөлдөж байсан Булганаас ҮЗХ-нд орж ирсэн, ТМ телевизийн үндсэн хөрөнгө оруулагч Д.Түмэнжаргал даагаа нэхэхийг үгүйсгэхгүй.

СЭЛЭНГЭ АЙМАГ

Сэлэнгэ аймаг бол АН-аас хэн, хэн явах, МАН-аас хэн хэн өрсөлдөх нь хамгийн тодорхой тойргуудын нэг. АН-аас УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт, Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат нар явна. Харин МАН-аас УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат, Гадаад хэргийн дэд сайд асан Н.Оюундарь нар өрсөлдөх гэж байгаа ажээ. Уг нь С.Баярцогт бол тойрогтоо хэд дараалан сонгогдсон, өмнөх сонгуулиар жагсаалтад ороогүй, тэр утгаараа энэ удаад жагсаалтад ороход болохгүй зүйлгүй хүн. Офшор банкин дахь дансаа мэдүүлээгүй асуудлаар баалуулж байгаагаас жагсаалтад оруулахгүй байж магадгүй. Гэвч сэлэнгэчүүд түүнийг үргэлж ивээдэг, өөрөө ч хичээдэг. С.Баярцогт энэ тойрогт өрсөлдөнө гэдгээ зарлачихаад байгаа. Д.Эрдэнэбат сайдын хувьд өмнө нь намын генсек гэдгээрээ жагсаалтаар гишүүн болсон учраас энэ удаад яах аргагүй тойрогт үзнэ. Ж.Эрдэнэбат, Н.Оюундарь бол аль аль нь МАН-ыг Засагт багтах үед Засгийн газарт багтаж байсан хүмүүс. Ж.Эрдэнэбат өмнөх сонгуулиар дэргэдээ МАН-аас С.Гэрэлмаа хэмээх эмэгтэйг дагуулж явж голдуу 1:1-ийн харьцаатай хоёр намд санал өгдөг тойрогтоо ялж байсан. Харин Н.Оюундарийн хувьд боловсролтой эмэгтэй учраас тэр тоглолтод орох нь юу л бол. Сэлэнгийнхний хувьд аймгийн төв нь АН-д, Зүүнхараа нь МАН-д саналаа өгчихдөг газар.

ОРХОН

Өнөө жилийн хувьд энд МАН-аас хэн ирэх нь тун тодорхойгүй байна. Тодорхойгүй юу байхав, тухайлсан лидер алга гэж Эрдэнэтийнхэн ярьж байгаа юм билээ. О.Содбилэг гишүүний хувьд тэндээ дорвитой ажиллаагүй болохоор очиход нүүр халуун учраас өөр тийш сэлгэж магадгүй дуулдана. УИХ-ын гишүүн асан Д.Дамба-Очир бас өрсөлдөх санаатай гэх. АН-ын хувьд тус аймгийн намын хорооны дарга М.Батчимэг гишүүн анх удаа тойрогт өрсөлдөнө. Харин өөр нэг нэр дэвшигч нь Хууль зүйн сайд Д.Дорлигжав байна гэж байсан ч сүүлийн үед жагсаалтад орох тухай дуулдах болсон.

Ерөнхийдөө Эрдэнэтэд хүлээн зөвшөөрөгдсөн лидер ирчихвэл гарах магадлалтай гэдэг нь судалгаагаар харагдаж байгаа юм билээ. Гэхдээ хэн зориглож ирэхийг хэн мэдэхэв болоод байна. МАН-аас Ж.Энхбаярыг тийш дэвшвэл гарна гэх яриа хэдийнэ гарсан бөгөөд өөрөө шинэ газар зориглож дэвшихийг таашгүй. Түүнээс Л.Гүндалай, Данзанбалжирын Энхтайван нар бол мэдээж өрсөлдөхөөр бэлдэж байгаа ажээ. МАХН-аас өмнөх сонгуульд Л.Цог эндээс нэг суудал авчирсан бөгөөд дахин эндээ ирж магадгүй.

ДАРХАН-УУЛ

2012 оны сонгуулиар энэ тойргоос бие даагч С.Ганбаатар, МАН-ын Д.Хаянхярваа нар сонгогдсон. Бие даагч С.Ганбаатар шинэхэн намын гишүүн болчихсон. ХҮН-ын хувьд түүнийг урдаа барьж, тойргоос нэг суудал авснаар намын нэрээр авсан суудлаа баталгаажуулна гэж тооцож байгаа бол С.Ганбаатар гишүүн ярилцлагадаа намын даргын хувьд жагсаалтад орохыг үгүйсгэхгүй гэсэн байна лээ. Гэхдээ түүний хэлснээр бэлдсэн тойргоо залуучууддаа өгнө гэвэл тойргоос ганц суудал авахаа баталгаажуулах гэсэн ХҮН-ын хувьд дэндүү эрсдэлтэй хэрэг болох болов уу.

МАН-аас гишүүн Д.Хаянхярваагаас гадна Монголбанкны дэд ерөнхийлөгч асан Б.Жавхлан өрсөлдөх гэж байгаа. Тэрбээр Сүхбаатарыг тооцоолж байсан ч Ж.Батсуурьтай өрсөлдөх эрсдэлтэй гэж үзсэнээс Дарханд ирж байгаа аж. Нэр дэвших гэж байгаа учраас албан ёсоор ажлаа хүлээлгэж өгсөн. АН-аас Л.Гансүх нэр дэвших боломжгүй болсноос ах дүү Дашуудаас нэр дэвшиж таарна гэцгээж байна. Н.Мөнхдаш нэр дэвшиж таарна. Бас АН-ын дарга З.Энхболд ирж магадгүй гэж нэг хэсэг ярьсан ч жагсаалтад орох нь тодорхой болж байгаа гэсэн.

ТӨВ АЙМАГ

Цэнхэртэж үзээгүй цөөхөн аймгийн нэг бол Төв аймаг. Хуучин дөрвөн гишүүн сонгогддог байхад дөрвүүлээ МАН-аас байдаг байлаа. Энэ удаад цэнхэр туяа татах эсэхийг хэн мэдлээ. Төв аймагт өрсөлдөөд хоёр ч удаа унасан Эрчим хүчний дэд сайд асан Д.Доржпүрэв гурав дахь удаагаа өрсөлдөхөөр шийджээ. Мөн анх удаа Баянгол дүүргээс нэр дэвшин гарч, 2012 оны сонгуульд намынхаа жагсаалтад гуравдугаарт бичигдэж гишүүн болсон Х.Тэмүүжин гишүүний нэр яригдаж байна. Бас Нийгмийн халамж үйлчилгээний ерөнхий газрын дарга Ц.Тувааны нэр явж байгаа. Аль, аль нь Төв аймгийн угсаа гарвалтай хүмүүс. Энэ удаад 1:1-ээр тэнцчих сонирхол АН-ынханд их байгаа аж. Харин МАН-аас хоёр Энхболд нэр дэвших нь тодорхой байна. Уг нь М.Энхболд намын даргын хувьд жагсаалтын нэгдүгээрт бичигдэх ёстой. Гэхдээ намын дарга жагсаалтад нуугдаж үлдэх биш хуучин тойрогтоо нэр дэвших болж байгаагаараа нэр хүнд хаана ч өндөр гэдгээ батлах гэж байгаа бололтой. Урьдчилсан судалгаагаар ч Төв аймагт М.Энхболд тасархай байгаа гэсэн. Тиймээс жагсаалтад бичүүлэлгүй, нөгөө намуудын дарга нарыг биетээр үлгэрлэж тойрогт өрсөлдөх тактик барьж байгаа бололтой. МАН-ын өөр нэг нэр дэвшигч нь Н.Энхболд. Сүүлийн үеийн яриагаар нэр дэвшихээ болиод намаа ялах үед гүйцэтгэх засаглалд орж ажиллах хүсэлтэй байгаа дуулдсан. Хэрэв тэр тохиолдолд жагсаалт руу явна гэж таамаглаж байгаа Су.Батболд тойрогтоо ирж болох юм.

АН-ын жагсаалт эр “царайлаг” вэ?

МАН-ын дарга нь жагсаалтад бичигдэлгүй, тойрогт үзнэ гэдэг нэг талаасаа эрсдэлтэй мэт боловч нөгөө талдаа намаа өргөх том зориг байх талтай. Гэхдээ үүний нөгөө талд намын жагсаалт тун сүр хүч муутай харагдана. Бусад намуудын дарга нь жагсаалтын нэрсээ манлайлах бол МАН-ыг хэн толгойлж бичигдэх вэ. Энэ удаагийн сонгуулийн өмнөхөөс ялгаатай нь намын нэрээр санал авахдаа жагсаалтад багтсан хүмүүсээ саналын хуудсанд бичиж таарна. Тиймээс жагсаалтаа тун царайлаг байлгах тал дээр намууд анхаарахаас аргагүй. Эдний нам аргагүй л том кадруудтай шүү гэж харагдах нь чухал. МАН-ын хувьд одоо яригдаж буй хувилбарын нэрс жулдаад байгаа дуулдана. Намын дарга байхгүй учраас жагсаалтыг тэргүүлэх хүн ерөнхий нарийн бичгийн дарга болж таарна. Ж.Мөнхбатаар МАН жагсаалтаа эхлүүлнэ гэвэл эртний түүхт энэ намын илэрхийлэл төгс байх уу гэсэн асуулт гарах төлөвтэй. Зарим нэг яриагаар намын дарга нь удирдлагууд тойрогт үзэх ёстой гэж шахсанаас Ж.Мөнхбат Архангай руу бас ч явахаас аргагүйд хүрсэн гэгддэг. Өмнө жагсаалтад орсон хүмүүсийг энэ удаад оруулахгүй гэх хандлага аль ч намд байгаагаас намуудын жагсаалтаар нэр дэвшигчдийн асуудал ихээхэн амаргүй, бас нухацтай бодохыг шаардаж байгаа аж. Ардын намд ч адил. 2012 оны сонгуульд жагсаалтад бичигдсэн гэдэг шалтгаанаар Ц.Нямдорж, Д.Дэмбэрэл, Д.Лүндээжанцан нарын шалгарсан тодорхой гишүүдэд энэ нь анхаарлын тэмдэгтэй. Эднийг намын илэрхийлэл болгохгүй гэвэл тулхтай, хашир туршлагатай гэгдэх парламентчид жагсаалтад харагдахгүй болж байгаа юм. Нөгөөтэйгүүр МАН, МАХН-ыг тус тусдаа нам гэж харвал энэ гуравгүйгээр МАН-ын жагсаалтыг бас төсөөлөмгүй. Ахмад, дунд, залуу үеийн алтан хэлхээнд бодлогоо тодорхойлдог гэдэг ууган намд өмнө жагсаалтад бичигдсэн гишүүн дахин жагсаалтад бичигдэхгүй гэсэн хууль байхгүйг энэ хашрууд нь сануулахтайгаа. Улирах гэж байгаа парламент хүний хуучин, дээлийн шинэ гэдгийг чухам сануулж байгааг намууд анзаарахаар. Жагсаалтыг хэн толгойлох нь одоогоор тодорхойгүй ч УИХ-ын бүлгийн дарга С.Бямбацогт дээгүүр бичигдэж таарна. Угаасаа бүлгийн дарга тэгээд ч тойргоос хоёр удаа ялалт авчирч байсан болохоор маргах хүн гарахгүй. Жагсаалтын удаагаар бичигдэх хүн УИХ-ын гишүүн Д.Оюунхорол гэгдэж байгаа. Бас олон жил Завханаас суудал намдаа авчирч байсан. Нөгөө талаас өнгөрсөн жагсаалтад МАН аравдугаарт л эмэгтэй нэр дэвшигчээ эрэмбэлж байсан алдаагаа энэ удаад засах гэж байгаа бололтой. МАН-ын жагсаалтад орох өөр нэг эмэгтэй бол НАМЭХ-ны дарга Ц.Цогзолмаа байгаа. Өмнө нь жагсаалтдаа АН-ынхан хоёр ч эмэгтэйг урдуур бичиж гишүүн болгож байсныг тэд мартаагүй бололтой. Гэхдээ Ц.Цогзолмаагаас өмнө бичигдэх хүмүүс Б.Бат-Эрдэнэ, Су.Батболд нар байна гэсэн таамаг бий. Аваргын хувьд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн кандидат нь, Су.Батболд бол М.Зэнээ гуайн оронд орж ирсэн нөхөн сонгуультайгаа нийлээд дөрвөн ч удаа парламентад сонгогдсон хүн. Мөн жагсаалтад У.Хүрэлсүх бичигдэх аж. У.Хүрэлсүхийн хувьд өмнө жагсаалтад бичигдсэн ч үүнийгээ ашиглаагүй гэдгээр дахин бичигдэх бололтой. Тэрбээр УИХ-ын гишүүнээр сар гаруй хугацаанд ажиллаад ар гэрийн асуудлын улмаас ажлаа өгснөөр жагсаалтын 10-т бичигдсэн Д.Сарангэрэл гишүүн болж байсан.

Дээрх хүмүүсийн дараа жагсаалтад нарийн бичгийн дарга нарын нэг (Т.Гантулга, Д.Амарбаясгалан, Х.Булгантуяа) нарын нэг гэсэн хувилбар орж ирэх магадлалтай. Бас Говь-Алтайн Ц.Дашдорж, Үнэн сонины эрхлэгч Б.Ганболд гэж үргэлжилнэ. Үнэн сонины эрхлэгчийн хувьд жагсаалтад нэр нь зайлшгүй бичигдэж таарах аж.

Ерөнхийдөө магадлал, яригдаж байгаа хувилбараар МАН-ын жагсаалт ийм хүмүүсээр ирэх болов уу. Гэхдээ жагсаалт олонд ил харагдана гэдэг үүднээс танигдсан, хүлээн зөвшөөрөгдсөн түшээдийг оруулж ирэхийг зөв гэж үзвэл өөрчлөхөөс аргагүйд хүрэх биз ээ.

Үргэлжлэл бий