Ч.Сайханбилэгийг Ерөнхий сайд болсон цагаас нь огцруулж, унагаана гэж хэлж байсан. Тэгвэл УИХ-ын гишүүн Г.Уянга, Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун, С.Ганбаатар, Л.Цог, Б.Бат-Эрдэнэ, О.Баасанхүү, Су.Батболд, Ж.Батсуурь, Ц.Дашдорж, Д.Лүндээжанцан, Ц.Нямдорж, Ё.Отгонбаяр, Д.Сарангэрэл, О.Содбилэг, А.Тлейхан, Д.Хаянхярваа, Ч.Хүрэлбаатар, Ж.Энхбаяр нар Ерөнхий сайдыг огцруулах саналд гарын үсэг зурсан юм.

Тэд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг АНЭУ-д айлчлах үеэрээ Оюутолгойн орд газрыг ашиглах гэрээний нэг тал Туркойз Хилл Ресурс болон Рио Тинто компанитай “Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөө”-нд Монгол Улсын Засгийн газар гарын үсэг зурахдаа УИХ-д мэдээлэлгүйгээр “далд уурхайн санхүүжилт” нэрээр Оюу толгойн ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээ, техник, эдийн засгийн үзүүлэлтээр баталгаажсан далд уурхайн санхүүжилт 1.5 тэрбум ам.долларын анхны хөрөнгө оруулалтын дүн дээр нэмж 4.7 тэрбум ам.долларын зардлыг хүлээн зөвшөөрсөн нь огцруулах үндэслэл хэмээн үзсэн юм.

Эдийн засаг нь дээсэн дөрөөн дээр дэнжгэнэж байгаа Засгийг унагаах цаг нь биш хэмээн олон хүн өмнө нь хэлж байсан. Харин Ч.Сайханбилэгийг огцруулах төсөл өргөн барьсанаар уг асуудлыг өчигдөр УИХ-аар зуун хувийн ирцтэйгээр хэлэлцэв.

Улс орны хөгжлийн бодлоготой холбогдох чухал хуулийг хэлэлцэх болоход гишүүдийн ирц бүрддэггүй байсан бол энэ удаад ойрын хэдэн жил цуглаж байгаагүйгээрээ ирцээ бүрдүүлсэн юм.

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Ерөнхий сайдыг огцруулах тухай асуудлыг хэлэлцэн "Ерөнхий сайдыг огцруулахыг дэмжие" гэсэн үндэслэлээр санал хураалт явуулахад байнгын хорооны 19 гишүүний 10 нь дэмжихгүй гэсэн санал өгснөөр уналаа. Гишүүдийн 47.4 хувь нь “Огцруулах нь зүйтэй” хэмээн үзлээ. Ингэснээр Ерөнхий сайдыг огцруулахыг дэмжээгүй юм.

Чуулганы үеэр УИХ-ын гишүүн Сү.Батболд “Эдийн засаг уруудахад дэлхийн зах зээлд уул уурхайн бүтээгдэхүүний үнэ ханшийн уналт нөлөөсөн зүйл байгаа ч эрх зүйн болоод бодлогын алдаа гарснаас хөрөнгө оруулалт унаад ийм нөхцөл рүү орсон, ард иргэдийнхээ итгэлийг алдсан, өмнөхөө үгүйсгэсэн бодлогоос болсон гэдгийг эрх баригч хүчин дүгнэж чадахгүй байна.

Намайг Ерөнхий сайд байхад УИХ-ын гишүүн Н.Батбаяр өөрийнхөө бланкан дээр огцруулах бичиг дараад УИХ-д оруулж ирж байсан. Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг сайжруулах ёстой гэдэг асуудлыг тавьсан. Тэр үед бид зөв зүйтэй асуудал ярьж байна гээд хүлээж авч байсан. Бид Оюутолгойгоос Монголын хүртэх ашгийг нэмэгдүүлэх асуудлаар хөрөнгө оруулагч нартай ярьж байсан. Гэтэл одоо сөрөг хүчнээ харлуулах юм ярьж байгаа нь буруу. Өмнөх гэрээг сайжруулах чиглэлээр ажиллаад явах ёстой” гэв.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Г.Уянга нар "Оюутолгойн хөрөнгө оруулалтын зардал анх гэрээнд зааснаасаа 3 тэрбум орчим ам.доллараар хэтэрсэн байхад яагаад түүнийг нь бууруулж 30 сая ам.доллар болгосныг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан бэ?" гэж Ч.Сайханбилэгээс асуухад тэрбээр “Ийм асуудалд Засгийн газрын тэргүүн оролцдоггүй юм” хэмээсэн юм.

Харин “Эрдэнэс Оюутолгой” компанийн захирал Да.Ганболд “Оюутолгойн хөрөнгө оруулалтын зардлыг хянахаар 20 гаруй хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулагдан ажилласан. Ажлын хэсэг 1.4 тэрбум ам.долларын зөрчил илрүүлсэн. Гэхдээ тэдний дотор хөрөнгө оруулалтын гэрээ, тогтворжуулалтын гэрээнд заасан зүйлүүдийг ойлгоогүй хүмүүс байсан учраас зөрчлийн тоо ингэж гарсан. Анхан шатны бүртгэл материал тэр бүгдийгээ дахин үзэж нягталснаар хөрөнгө оруулалтын зардал 30 гаруй сая ам.доллараар хэтэрсэн гэх дүгнэлт гаргасан. Энэ дүгнэлтийг Сангийн яамны дэргэдэх Маргаан таслах зөвлөлөөр хянан баталгаажуулсны үндсэн дээр хоёр тал хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан. Хэтэрсэн зардлыг нь хөрөнгө оруулалтын зардал биш гэж үзэх үндэслэл байхгүй” гэсэн хариултыг өгөв.

Ч.Сайханбилэг Оюутолгойн гүний уурхайн санхүүжилтээр 6 тэрбум ам.доллар орж ирнэ. Энэ бол Монголын хоёр жилийн төсөв. УИХ дээр бид энэ асуудлыг 7-8 удаа ярьсан. Ойлголцсон гэж бодсон. Гэтэл бид биедээ итгүүлэхгүй юм байна. Оюутолгой Монголын талд 53 хувийн ашиг өгнө. Энэ төсөл явна гээд бизнесийнхэн дунд хүлээлт үүссэн. 2000 хүн ажлын байртай болох гэж байна. бид 1.4 тэрбум долларын тавны нэгийг төсөвтөө аваад хэрэглэчихсэн. Бүх зүйлийг мэдэж байж хоосон улс төр хийж байна. Өмнөговь аймгийг очоод үз, далд уурхай ажиллаасай гэсэн ард иргэд зах дээр нь олон бий.

О.Содбилэг таны 34 хүртэл хувийг нь эзэмшдэг “Петровис” Оюутолгойд 274 тэрбум 500 сая төгрөгийн бензин нийлүүлсэн. Тэгсэн хэрнээ том төслийг явуулахгүй гээд сууж байна. Гүний уурхайн явцад 2009 оны хөрөнгө оруулалтын гэрээнд өөрчлөлт оруулах шаардлага гарах байх. Боломж гарна гэж харж байгаа. Гүний уурхайн төсөл 2-3 жил зогссоноос 3 тэрбум ам.доллар алдсан гэсэн судалгааг гадаадын шинжээчид гаргасан. Алдагдсан боломжийг хэн ч ярьдаггүй, хариуцлага хүлээдэггүй. Оюутолгой бол улс төрийн асуудал биш. Цэвэр бизнесийн асуудал гэв.

Ингээд дэлгэрэнгүйг бичлэгээс хүлээн авна уу.