“Нэг хүнд ногдох нүүрсхүчлийн хийн хэмжээгээр Монгол Улс Азидаа тэргүүлж байна. Тэгэхээр манай эдийн засаг ногоон биш, хүрэн ч биш, бүр хар гэсэн үг” хэмээн “Эко Ази” байгаль орчин, менежментийн дээд сургуулийн үүсгэн байгуулагч Ц.Адъяасүрэн хэлсэн байдаг.

Энэ нь юуны түрүүнд эрчим хүчний хэрэгцээнийхээ 80 гаруй хувийг аль социализмын үед бий болсон, техник технологийн хувьд хоцрогдсон дулааны цахилгаан станцуудаас гаргаж авч буйтай холбоотой. Сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэхийн зэрэгцээ нүүрсээ ашиглахдаа байгаль орчинд хал балтай технологийг нэвтрүүлэх хэрэгтэй. Энэ ч үүднээс өнгөрсөн онд Дулааны цахилгаан станц II, III, IV, Дарханы дулааны цахилгаан станц, Эрдэнэтийн дулааны цахилгаан станц ТӨХК-уудын нийт хувьцааны 30 хувийг хувьчлах шийдвэр гарсан.

Хуульд заасны дагуу хөрөнгийн биржээр арилжаалсан хувьцаанаас олсон орлогыг улсын төсөвт оруулахгүй тухайн компанийн техник технологийг шинэчлэхэд ашиглахаар заасан гэдгийг Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Дэлгэрцогт хэллээ. Дулааны цахилгаан станцуудын 30 хүртэлх хувийг хөрөнгийн биржээр нээлттэй дамжуулж, хувьцаа гаргах замаар хувьчлал хийх ажээ. Эхний компаниудын хувьцааг ирэх 3-4 сараас эхлэн арилжаалж эхлэх гэнэ. Монголын хэрэгцээний дийлэнх хэсгийг хангаж буй долоон томоохон цахилгаан станцын нийт хүчин чадал 856 МВт байхад 2015-2030 онд эрчим хүчний хэрэглээ 1500-3000 МВт хүрнэ гэсэн таамаглал бий. Эрчим хүчний хэрэглээ өсөж байгаа учраас түүнийг хангах эх үүсвэр бий болгох хөрөнгө оруулалт татах нэг арга нь хувьцаа гаргах явдал юм.

Мэдээж хувьцаанаас олсон орлогыг техник технологийн шинэчлэлт зарцуулахаар болж байгаа учраас байгаль орчинд ээлтэй технологи нэвтрүүлэх шаардлага байгааг сануулаад хэлэхэд буруутахгүй байх.

Тэгвэл Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА) хүлэмжийн хийн ялгаралтыг бууруулах, үр ашгийг дээшлүүлэх зорилгоор Дулааны дөрөвдүгээр цахилгаан станцад 4.2 тэрбум иенийн санхүүжилттэй төсөл хэрэгжүүлэхээр өчигдөрхөн гарын үсэг зурсан.

Төслийн хүрээнд эхний ээлжинд Японы "Yokogoawa" компани IV ДЦС-ын удирдлага, тохируулгын системийг автоматжуулах ажлыг гүйцэтгэх аж. Мөн Японы "MHPS" компани, "MCS International" зэрэг компанийн тэргүүлсэн консорциум найман зууханд үнс үлээлгийн 192 аппарат суурилуулж, 16 тээрэмд бул тавгийг шинэчлэх юм байна.

Хоёр жилийн хугацаанд хэрэгжих уг төсөл хэрэгжснээр цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэл 2019 оноос 18 хувиар нэмэгдэж, нүүрсний зарцуулалт нь найман хувиар буурна хэмээн талууд үзэж байна. Мөн Монгол Улсын эрчим хүчний системийн 70 орчим хувийг дангаараа хангадаг IV ДЦС-ын уурын турбины механик тохируулгын системийн зогсолт бүрэн арилах ажээ.

Т.Буянаа