Японоос цоо шинэ, хямд үнэтэй, гоёмсог машинуудыг хүмүүсийн захиалгаар, хүссэн өнгө, загвараар нь оруулж ирээд шууд өгч байна гэсэн цахим сүлжээний зарын дагуу монголчууд нэг хэсэгтээ л шуурч байлаа. 2011 оноос эхэлсэн ийм луйварт харамсалтай нь өнөөдөр 60 гаруй хүн нийтдээ нэг тэрбум гаруй төгрөгийн хохирол амсаад хуйхаа маашиж суугаа ажээ.

Энэ хэргийг анх Т.Дамдиндорж гэгч нь санаачлан зохион байгуулж Япон автомашины урьдчилгаа төлбөрт дунджаар нэг саяас таван сая төгрөг авдаг байсан байна. Эхний саруудад цөөн хэдэн машин авчраад хүмүүст итгэл төрүүлж чадсан тэрбээр ойр дотнынхоо найзуудыг уриалан дуудаж өөрийнхөө “Гүн бэйс” компанийн охин компани болон хорших ажиллах өөр компаниудыг “Дэлхийн тамга”, “Алтан самурай”, “Автожапан” гэсэн нэртэйгээр долоохон хоногийн дотор байгуулаад залилангийн ажилдаа эрчимтэй оржээ. Хэзээний зальдуулж ханадаггүй монголчууд ч тэдгээр компаниуд руу цуварч өгсөн байна.

Цахим сүлжээгээр дүүрэн зар, реклам цацсан болохоор автомашин захиалагчдын тоо өдрөөс өдөрт улам өсч байв. “Гүн бээс”-т урьдчилгаа мөнгөө төлөөд машин захиалсан залуучууд нь гэрээнд заасан хугацаандаа ирэхгүй хэдэн сар хүлээлгэж байгаад ганц хоёр машинаа “Дэлхийн тамга”, “Алтан самурай” зэрэг компаниас авах гэж өглөөнөөс орой болтол дугаарлан зогсох болж, сүүлдээ учраа олохгүй будилцгааж, хоорондоо хэрэлдэх зодолдохдоо тулдаг болжээ. Урьдчилгаа төлбөрөө төлөөд машинаа авч чадахгүй олон сарын турш хүлээсэн зарим хүмүүсийн тэвчээр барагдаж, мөнгөө буцааж авах гэж бас өдөржингөө “Гүн бээс”-ийн үүдийг сахин хэрүүл хийж эхэлсэн байна. Мөн бусад компанийн менежер хүүхнүүд нь “Т.Дамдиндорж захирал мэнд” гээд нөгөө “Гүн бээс” компани руу явуулах гэхээр “Энэ нь чинь ямр учиртай юм бэ. Би “Гүн бээс” гэдэг копанийг мэдэхгүй, танай “Автожапан”-д захиалга өгсөн. Танайх л миний урьдчилгаа мөнгийг минь буцааж өгөх ёстой” гээд л хэл ам хийцгээх ажээ. Ийнхүү гомдол гарагчийн өөдөөс харин “Автожапан” болон бусад компанийн менежерүүд “Тэр хамаагүй. Манай хоёр компанийн хоорондын тохироо ийм байгаа юм” гэсэн сэжиг төрүүлэм зүйлүүдийг ярьж, сүүлдээ залилангийн үйлдлүүдээ дотроосоо илчилсэн тохиолдол нэг бус удаа гарчээ. Ингээд бүтэн гурван жил үргэлжилсэн луйврын сүлжээ нь 2014 оны 10 дугаар сар гэхэд үндсэндээ нийтэд ил болсон байлаа.

Энэ хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэсгийн мөрдөн байцаагч нар шалгасан юм. Эхний үед залилуулсан хүмүүс ганц хоёроороо гомдол гаргаж байсан болохоор Т.Дамдиндорж нар тэдний хохирлыг тэр дор нь барагдуулаад хэргээ хаалгачихдаг байсан байна. Залилагчид нь ингэж төлсөн мөнгөө харин дараагийн залилангаа хийж олж авах гээд бас л “Японоос хямд машин оруулж үйлчилнэ”, “Таны машин гааль дээр ирчихсэн байгаа. Манай данс руу хурдан мөнгөө хийгээд ирж ав” гэсэн зар түгээж байжээ. Үүнд нь хууртагдаж мөнгө өгөөд баларсан хүн ч олон байна. Угаасаа бүтэлгүй хүмүүсийн явдал тиймэрхүү л байдаг аж. Гэхдээ муу үг модон улаатай гэгчээр хохирогчдын гомдол дахиад цагдаагийн сонорт хүрч удалгүй 2014 оны сүүлчээр Т.Дамдиндорж тэргүүтнийг баривчлан саатуулжээ. Ганц худагт Т.Дамдиндоржоос гадна түүний гол хамсаатан Батбаатар нарын дөрөв, таван хүнийг хорьж шалгасан байна. Тэдний үйлдэл бүрэн онц хүнд гэмт хэргийн ангилалтай байлаа. Гэсэн ч нэг л өдөр Т.Батдорж нь батлан даалтанд гараад хил даван оргож алга болсон юм. Хохирогчдын мөнгө эзэндээ эргэж олдсонгүй. Одоо болтол хэрэг шийдэгдсэнгүй. Хэргийн ул мөр нь ч замхарах тийшээ ханджээ. Цагдаагийнхан оргодол Т.Дамдиндоржийг эрэн сурвалжилж олоод, эх оронд нь чихдэж авчран шийтгэнэ гэсэн итгэл найдвар хүлээсэн хүмүүсийн сэтгэлээс салхинд хийсэх өвс шарилж мэт салж алга болох янзтай болоод байна. Энэ оны нэгдүгээр сарын эхээр Т.Дамдиндоржийг Туркт очоод нэг найзындаа бүгж байна гэсэн яриа гарч байсан юм.

Харин саяхнаас Т.Дамдиндоржийг Туркт нас барсан гэж ар гэрийнхэн нь хэлж байна. Түүний ээж Загдаа гэдэг эмэгтэй “Миний хүү Туркт гэнэтийн ослоор нас барсан гэдгийг найз нөхдүүд нь надад хэлсэн. Бид газар дээр нь очиж харж чадаагүй. Түүнтэй хамт амьдарч байсан нэг залуу танигдахын аргагүй болсон цогцосыг нь хараад бие дээрх шивээсээр нь Т.Дамдиндорж яах аргагүй мөн байна гэсэн юм билээ” хэмээн хэнэггүйхэн ярьж суугаа ажээ. Түүнийг ямар осолд өртөж нас барсан, хаана оршуулсан, яагаад ар гэрийнхэнд нь мэдэгдэж Турк улс руу явуулаагүй, Монголын иргэн тэнд нас барсан тухай манай Гадаад харилцааны яаманд яагаад нот бичиг ирүүлсэнгүй вэ гэх мэт хариу нэхсэн олон асуултыг холбогдох албан тушаалтан, хувь хүмүүст тавьсан боловч ганц нь ч тодорхой зүйл хэлсэнгүй. Ямартай ч Гадаад харилцааны яаманд Т.Дамдиндоржийн үхлийн талаар нэгэн албан ёсны мэдээлэл ирээгүй юм байна. Тиймээс түүнийг ослоор нас барсан гэдэг нь худлаа болж таарч байгаа юм. Тэр өөрийгөө үхсэн гэж зориуд худал хуурмаг мэдээлэл тараасан нь гарцаагүй аж. Одоо түүний хаана манаргаж яваа мэдэх хүн олдохгүй байна. Хүүгээ үхсэн гэдгийг тээж төрүүлсэн ээж нь өөрийн нүдээр хараагүй атлаа бусдын дүйвээнээр “За дүүрсэн хэрэг. Хүү минь залилангийн хэргээр шоронд орсноос баригдчихгүй л хүний нугагт үхсэн гэдгээрээ дуусаг. Хэзээ нэгэн цаг хэрэг цайрах биз” гээд амаа хамхиж явахаас шийдсэн бололтой. Харин хэргийг мөрдөн шалгах, хянах үүрэгтэй цагдаа, прокурорууд нь “Т.Дамдиндорж үхсэн” гэж үнэмшээд байгаа бол дэндүү инээдтэй, бас ичмээр юм болоод байна. Гэхдээ хэрэг хуучирдаггүй гэдэг.

Б.Баяр

Эх сурвалж: Шуурхай.мн