Зуны турш чангарсан валютын ханш импортлогдсон инфляцийг үүсгэсэн бол “Нарантуул” олон улсын худалдааны төвд гарсан гал түймэр инфляцийг нэмэгдүүлэх сөрөг шокийг үүсгэж, богино хугацаанд хүнсний бүтээгдэхүүний үнэ өсөхөөр байна. Хүнсний бүтээгдэхүүний үнийн хувьд 1-2 долоо хоногийн дараа мэдэгдэхүйц өсөх хандлага ажиглагдсан талаар “Мандал Женерал даатгал” компанийн судалгаанд дурджээ. Учир нь “Нарантуул” захын шатсан хэсэг нь хүнс, гоо сайхан, цайны газар, оёдол, үсчин зэрэг бүтээгдэхүүн, үйлчилгээ эрхлэгчид голчлон төвлөрч байжээ. Тус захаас Улаанбаатар хотын алслагдсан худалдааны төв, дэлгүүрүүд, “Бөмбөгөр”, “Баянзүрх”, “Баянгол” гэх мэт худалдааны төвүүд хүнсний бүтээгдэхүүнийхээ 70 орчим хувийг авдаг байж. Тэгэхээр түймэр нь нийлүүлэлтийн тасалдлыг бий болгох ба нөгөө талаас наймдугаар сарын сүүлээс есдүгээр сарын сүүл хүртэл эрэлт нэмэгддэг тул үнэ өсөхөөр байна. Үнийн өсөлт ирэх долоо хоногоос эхлэн мэдрэгдэх болов уу. Харин бүтээгдэхүүн бэлтгэн нийлүүлэгчдийн орлого нэг сарын дотор мэдэгдэхүйц нэмэгдэх бол банкны чанаргүй зээл гурван сарын дараа огцом өсгөх төлөвтэй байна.  Барагцаалбал хамгийн багадаа 110 лангуу буюу хамгийн багадаа дөрвөн тэрбум төгрөгийн хөрөнгө шатсан гэх мэдээлэл бий. Тиймээс өдгөө нийлүүлэлт дээрх дүнгээр дутагдах тул зах зээлийн эрэлтийг хангахын тулд хүнс, гоо сайхны бүтээгдэхүүний бэлтгэн нийлүүлэгчдийн захиалга дээрх дүнгээр өсч тэдний орлого нэмэгдэх боломж бий болно. Гэхдээ худалдаа эрхлэгчид тодорхой хугацаанд орлогогүй болж байгаа тул банкны чанаргүй зээлийн хэмжээ өсч магадгүй. Тухайлбал, нэг худалдаачныг 10-50 саяын зээлтэй гэвэл хамгийн багадаа хоёр тэрбум төгрөгийн зээлийг түрээслэгчид авсан байхаар байна. Энэ дүнгээр зээлийн чанар муудах эрсдэл өндөр байгаа юм. Мөн эдгээр түрээслэгчдийн бизнесийн зээлээс гадна хэрэглээний зээл, орон сууцны зээлийн чанар муудах эрсдэл үүсч байна. Тиймээс зээлийн эргэн төлөлт нэг сарын дараагаар хугацаа хэтэрсэн зээлийн ангилалд багтах замаар банкны секторын статистик үзүүлэлтэд илрэх юм. Улмаар гурван сар гаруйн дараанаас чанаргүй зээлийн ангилалд орж эхлэхээр байна.
 
Хэрвээ...
 
Монголын даатгалын салбар хөгжсөн байсан бол гэх харуусал хаа сайгүй байна. Даатгуулна гэдэг нь өөрийн болон өрөөл бусдын эрх ашигт хохирол учрах, учруулсан нөхцөлд бэлтгэлтэй байх үүднээс тодорхой хувиар зардал гаргах үйл явц. Иймд тодорхой түвшний багахан зардлаар гэнэтийн томоохон дүн бүхий хохирлыг даван туулах бололцоо эндээс харагдаж байна. Даатгал бол эрсдэлд санаа зовохгүй тайван амьдрах гарц. “Нарантуул” олон улсын худалдааны төвийн удирдлагын мэдэгдэж байгаагаар “Түрээслэгчид даатгуулсан болохоор нөхөн төлбөр төлөх явц хүндрэл багатай байх" талаар мэдэгдээд байгаа. Гэхдээ зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр түрээслэгчид даатгуулаагүй гэсэн мэдээлэл бий. Ямартай ч одоогоор эл асуудал тодорхойгүй байна.
 
“Нарантуул” захад гарсан гал нэг талаар “хэт төвлөрөл хэврэг эдийн засгийг бий болгож байгаа” тод жишээ боллоо. Экспортын бүтээгдэхүүний багц нь эрдэс баялагт төвлөрсөн, санхүүгийн сектор нь банкны секторт төвлөрсөн, эдийн засаг нь уул уурхайд төвлөрсөн, хүн ам нь Улаанбаатарт төвлөрсөн гээд хэт төлвөрөл Монголд хэрээс хэтэрсэн гэж болно. Иймээс аливаа салбарын хэт хамаарлыг бууруулах зайлшгүй шаардлага Монголд тулгарч байна.