​Манай эрдэмтэд ийм л мундаг шүү дээ. Бүгдээрээ даруу ажлаа хийгээд л байж байгаа. Яагаад гэвэл “эрдэмт хүн даруу”, “их мөрөн дөлгөөн” гэдэг шүү дээ.

Даруу л байх ёстой. Заавал даруу байх ёстой учраас эрдэмтэд нь ёрөөсөө яриад бичээд ч хэрэггүй. Нийгэм улс орны талаар юу ч яриад хэрэггүй. Энэ бол манай агуу мундаг эрдэмтэн судлаачдын гол зарчим.

Нийгэм жамаараа явж эрдэмтэн судлаачид нэртэнгүүд их сургуулиуд болон академиудад амьдралаас тасран жаргацгаана. Насаараа цааснаас өөр хүнд юм өргөж үзэлгүй өтөлцгөөнө. Сайхан юмаа сайхан юм. Ийм аз жаргалтай амьдрал гэж үү ер нь байх уу.

Манжийн үед ч юм уу хэзээ ч юм, түвдээс ч юм уу хаанаас ч юм орж ирсэн энэ “эрдэмт хүн даруу”, “их мөрөн дөлгөөн” гэсэн энэ заваан үг өнөөгийн манай нийгмийг сайхан багалзуурдаж байна даа. Их мөрөн заавал дөлгөөн байдаггүй гэдгийг гол, нуурын эрэг дээр өссөн хүн бүр мэднэ дээ. Заавал мэдлэг боловсролтой хүн даруу байх ёстой юм уу. Яг л лам шиг тэгээд худал манж зан гаргаад суугаад байх юм уу.

Эрдэмт хүн даруу биш харин үнэнийг хэлэхийн төлөө тэмцдэг байх ёстой. Хүн төрөлхтний түүхэнд эрдэмтэн мэргэд даруу байцгаасан бол тэд өөрсдийн бүтээлээ хэзээ ч олонд таниулж чадахгүй байсан. Даруу биш харин дэндүү зоримог, тууштай байсан учраас л тэд түүхийг өөрчилсөөр ирсэн. "Надад зохиолоо зориулж бич" гэсэн хааны дарангуйлал, генералын тушаалыг ч үл тоон "зөвхөн үнэнд" л зориулж бүтээл туурвидаг хэмээн бардам хэлж чаддаг хүмүүс бол жинхэнэ сэхээтнүүд.

Өөртөө итгэлтэй, өөрийгөө үнэлж чаддаг тэр чанар эрдэмтэн хүнд байдаг. Яагаад гэвэл тэд өөрийнхөө юу мэдэж байгаа сайн мэддэг мөн юуг мэдэхгүйгээ ч маш сайн мэддэг. Харин манайхны эрдэмтэн гэж байгаа хүмүүс юу мэдэж, юуг мэдэхгүйгээ ч сайн сайн мэддэггүй хүмүүс. Товчхондоо тэд өөрсдийгөө ч таньж чадаагүй л “хүүхдүүд”. Худал цол гуншингаар дулдуйдахаас өөр шидгүй хүмүүс гэж хэлж болно.

Түвд лам нар шиг эрдэмтэн судлаачидтай байснаас байгаагүй нь хавьгүй сайн. Дээр нь манж зантайг нь яанаа. Юу ч мэдэхгүй байж мэддэг царайлахаас хэтрэхгүй. Заавал эрдэмтэн хүн даруу байх албагүй. Харин үнэнийг үхтэл нь хэлэх ёстой. Өнөөдөр энэ л манай нийгэмд үгүйлэгдсээр байна. Үнэнийг хэлсэн заримыг нь өвчтэй гэнэ, шизотой гэнэ.

Гэвч эцсийн эцэст үнэн ялна гэдгийг ухамсарлан хүн бүр үгээ хэлж, нийгмийг өөрчлөхийн төлөө зүтгэцгээвэл ямар вэ?