Мүүний урсгалын гаж, буруу зан үйлтэй зэрэгцээд дунд сургуулийн сурах бичгийн агуулга хэрхэн муудсаныг харуулсан зураг, эхүүд олны анхааралд өртөх болсон. Олон нийт боловсролын салбарын шинэчлэл, хөтөлбөрүүд тэр чигтээ хэн нэгэн хүний бодлого, явуулга мэтээр дайрж давшилсаар боловсролын салбарынхныг тэвдүүлж, бүр хэвлэлийн хурлын танхимд ажлын тайлангаа тавихад хүргэв бололтой.

Уржигдар монгол хэл, уран зохиолын сургалтын хөтөлбөр боловсруулж, хэрэгжүүлэгч эрдэмтэн, багш нарын баг “Монгол ньюс” хэвлэл мэдээллийн танхимд хэрэгжүүлж буй ажлууд, сургалтын хөтөлбөрийн зорилго чиглэлээ тайлагнан, ЕБС-ийн сургалтын хөтөлбөрийн агуулгад ямар ч улс төр, шашны нөлөө байхгүй хэмээн мэдэгдэл хийсэн юм. Харин өчигдөр түүх, нийгэм, иргэний боловсролын сургалтын хөтөлбөр боловсруулж, хэрэгжүүлэгч эрдэмтэн, багш нарын баг, өнөөдөр математик, байгалийн ухааны багийнхан, баасан гарагт сургуулийн өмнөх боловсролын сургалтын хөтөлбөр боловсруулж, хэрэгжүүлэгч эрдэмтдийн баг мэдэгдэл хийхээр төлөвлөөд байна.

БСШУЯ-наас мэдээлж буйгаар хэн нэг хүний зохиосон гарын авлага, брошюр, онигооны номуудын зураг цахим сүлжээгээр тархсаныг дунд сургуулийн сурах бичигтэй эндүүрэх тохиолдол байгаа аж. Цахим сүлжээгээр тархсан зүй бус болоод бага насны хүүхдүүдэд тохиромжгүй үг хэллэгтэй үлгэрийн зургууд үнэн хэрэгтээ “Шидэт өнгө” компанийн хэвлэх үйлдвэрт хэвлэсэн А.Наранбаатар хэмээх хүний эмхтгэсэн “Онигоо. Хүүхдэд зориулсан цуврал” гэх өнгөт цувралууд дахь зургууд юм байна. Яам зөвхөн сурах бичгүүдийн хөтөлбөрийг хариуцдаг тул бусад аливаа ном, гарын авлагад хяналт тавих боломжгүй байдаг гэнэ.

Эндээс харахад монголчууд хэтэрхий туйлширамтгай, салхинд хийссэн хамхуул шиг санаа бодолтой болчихоогүй байгаа гэх бодол төрөв. Дээвэр муутай байшинд дусаал амархан нэвтэрдэг шиг, тэлэгдэж гэгээрээгүй оюун ухаан бусдыг дагах нь дэндүү гэмээр хэврэг сэтгэлгээ биш гэж үү. Нийгмийн сүлжээнд бичсэн гэх зүйл үнэхээр таны хүүхдийн дүүгийн тань номонд байгаа эсэхийг номыг нь нэг удаа сөхөөд үзчихэд яана. Үнэн хэрэгтээ эцэг, эхчүүд хүүхдийнхээ боловсролд хэр анхаарал хандуулгийг дээрх жишээнээс харж болохоор. Үнэн дээ хүүхэдтэйгээ хамт хичээлийг хийдэг байсан бол хэн нэгний гаргасан хувийн ном, хичээлийн сурах бичиг гэдгийг ялгаж салгах байсан байх. Иймд та хүүхдийнхээ сурах бичгийн агуулгыг нэг харч үзээрэй.

Тэглээ гээд дээр дурдсан шиг зүй бус, чанаргүй ном, зохиол зэрэг хүүхдийн хүмүүжилд нөлөөлөх зүйлс ямар ч шүүлтүүргүй хүүхдийн оюун руу цутгасаар байх уу гэдэг бол бас бодох л асуудал.

Сурах бичгүүдэд үнэхээр улс төр, шашны нөлөө огт байхгүй юу, олон түмний яриад байгаа “Боловсролын шинэчлэл гээч юм буруу замаар будаа тээгээд байгаа юм биш үү” гэсэн эргэлзээг хэн тайлах вэ? “Эдмон” компанийн захирал Р.Энхбат, иргэн Э.Цэрэндолгор нарын сэтгүүлч Л.Мөнхбаясгалангийн “Цензүргүй сурвалжлага”-д ярьсан шиг Монголын боловсролын шинэчилсэн хөтөлбөр гадаадаас хуулсан төдий, улс орныхоо түүх уламжлал, хүн ам зүй, боловсролын тогтолцооны онцлогийг харгалзан үзээгүй, түргэн түүхий зүйл үү?

Энэ асуултанд өчигдөр түүх, нийгэм, иргэний боловсролын сургалтын хөтөлбөр боловсруулж, хэрэгжүүлэгч эрдэмтэн, багш нарын баг ингэж хариулсан юм. “Хөтөлбөрийг нь нэгд нэггүй танилцаж үзсэнийхээ дараа Мүүн сүүн гэдэг нь мөн үү биш үү гэдгийг тунгааж үзээрэй. Ухаарч ойлгох суралцах бол сургалтын хөтөлбөрийн цөм. Иргэний боловсрол хичээл үүнийг л олгох зорилготой” хэмээх тайлбарыг өгсөн.

“ЕБС-ын сургалтын шинэчлэлийн хөтөлбөрийн талаар мэргэжлийн багууд ажилладаг. Боловсролын байгууллагын бүхий л төлөөлөл төдийгүй сурагч нар хүртэл хөтөлбөрт санал, шүүмж өгч ажилладаг. Бүх оролцоог хангасан, мэргэшсэн багийг байгуулсан. Энэ дунд шинжлэх ухааны доктор хоёр, боловсролын доктор арав, аргазүй, дедактикийн чиглэлээр ажилладаг хүмүүс багийн 30-аад хувийг эзэлж байгаа юм. Сурах бичиг дээрээс ирдэггүй. Багш нараас ирсэн саналын дагуу сурах бичгийг боловсруулдаг” хэмээн Боловсролын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан У.Туяа онцоллоо.

Энэ мэт боловсролын салбарынхан энэ долоо хоногт ажлаа олон нийтэд хэвлэл, мэдээллийн хэрэгслээр тайлагнах юм. Үнэхээр та хүүхдийнхээ боловсролын асуудалд санаа зовж байгаа бол нэг удаад номыг сөхөн харж, хичээлд нь сууж болох ажээ.

Т.Буянаа