Би саяхан нэг кино үзлээ л дээ. Үзүүлж буй үйл явдал нь их олон хүн нэг эмэгтэй хүнийг тал талаас нь бүччихээд зодож байх юм.Болох болохгүй үгээр дайрч бүр буланд шахаад нүдээд бүр алах нь ээ алах нь.

Энэ хаанахын кино юм гээд бодлоо. Нэг үг бий дээ. Нэг хүн олон хүнийг зодож байвал Солонгос кино, олон хүн нэг хүнийг зодоод байвал тэр монгол кино гэж. Энэ шалгуураар аваад үзсэн чинь яг монгол кино.

Олон цөөврүүд нэг муу гөрөөсийг хөөсөөр байгаад барьж идэж байгаатай адил үйлийг харуулсан энэ кино маань болсон явдлаас үндэслэсэн бололтой юм. Тэр нь нэг яамны түшмэл эмэггэйг өөчилж өөнтөглөсөөр бүр сүүлд нь үх хат, Монголоос зайл гэж олон талаас нь олиггүй нөхөд сошиал ертөнцөөр боорлосоор байгаад унагаад авсан явдал. Б.Насанбаяр гэх тэр эмэгтэй хэнд буруу юм хийсэн юм бэ?

Харин түүнийг мүүний шашинтан гэж элдвээр гоочлон байж суух газаргүй болгосон юм билээ. Тэр нь өөрөө хэвлэлийн хурал хийж тайлбарласнаар ор үндэсгүй л гэмээр. Гэтэл цахим ертөнцийг шүтэж түүгээрээ бусдыг хэл амаар доромжлох хэнээтэй, хийрхэл өвчин туссан зарим нөхөд ер юу юу гэнэ вэ?

Чи үхэж далдар, ажлаа өг, Монголоос яв, хүүхдүүдээ аваад зайлаач гэж. Бас гар утсаар нь хорвоогийн муу муухай үгийг түүж хэлж дарамтлаад байж. Нэг сонинд “Том мэлмийтэй хатагтай Ногоон дарь эхийн хөрөг шиг харагдахыг хүсчээ” гэсэн гарчигтай зүйл нийтэлж. Түүнийг бичсэн нөхөр юм харахгүй сэтгэлийн нүд нь дутуу амьтан биз тэгээд л Насанбаяр гэдэг эмэгтэйн эцэг, эхээс заяасан төрөлхийн тунгалаг нүдэнд атаархаа байлгүй дээ чааваас. Бас нэг худал үг тархаж Б.Насанбаяр гэдэг хүн 700 үгийг өөрийн эрх мэдлийг ашиглан өөрчилсөн, уран зохиолын хичээлийг программаас хассан, Монгол бичгийн тайлбар толийг Солонгос хүнээр хийлгэсэн гээд л цуурав. Үүний худлыг эрдэмтэд, багш нар нотолж тайлбарлаад л байгаа.Гэх атал нөгөө хэн нэгний, захиалгатай алуурчид буюу хэрүүлд цаддаггүй жиргээчдэд өө тийм үү гэх тэнхээ алга бололтой.

Харин бүр тэр муу хүүхэн ажлаа өгсөн гэнэ. Больж гээд л бичиж байна. Нэг нөхөр Насанбаярыг өндөр байшин дээрээс амиа хорлох гэж байгаа мэт эвлүүлэг зураг хийгээд твиттерээр цацаж. Энэ ер нь гэмт хэрэг биш үү. Ийм байхад тэр эмэгтэйг бараг хэн ч хамгаалахгүй л байх шиг. БСШУ-ны сайд нь тагчиг. Арай Насанбаярыг Боловсролын яамны бодлогод муу нөлөөлсөн гэж ажил, амьдралаас нь холдуулахыг дэмжиж суудаг юм биш байгаа даа.

Хэрэв чи хажуугийнхаа хүний эрхийг хамгаалахгүй бол хажуугийн чинь хүн чиний эрхийг хамгаалахгүй ээ гэсэн нэг мэргэн үг байдаг шүү. Т эр эмэгтэйн эрх туйлын бүдүүлгээр зөрчигдөж байна. Нөгөө хүний эрхийн хорооныхон анзаарч байгаа болов уу. Монгол Улсын Үндсэн хууль болон Олон улсын хүний эрхийн түгээмэл тунхаглалд хүнийг үзэл бодол, шашин шүтлэгээр нь ялгаврлан гадуурхаж болохгүй, хэн юу шүтэх нь хуулиар олгосон эрх нь гэж яруу тодорхой заалт бий.

Ийм байхад Монголын төр увайгүй үйлдлээс хүнээ хамгаалах чадваргүй болж басхүү монгол хүний сэтгэл зүй доройтлын доройтолд оржээ гэж үзэхэд хүргэж байна. Мөн нэг баримт хэлье. Монголын уран зохиол яруу найргийн ноён оргилын нэг ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнг төрийн эрхмүүдэд хандаж захидал бичлээ гэж нөгөө хийрхэгчдийн өвчин бас хөдөлсөн байх юм.

“Лхагвасүрэн чи авсандаа орвол таарна” гэж нэг нөхөр жиргэсэн гэнэ. Тэр муу хийрхэгч Ардын уран зохиолчоос илүү юм бүтээсэн болов уу. Зүгээр л нэг компьютерийн ард өдөр шөнийг өнгөрөөгч “би” нь хэт хөгжснөөс цаашгүй амтан байх л даа. Ямар олигтой хүний амнаас ийм үг гарахав. Бэлгэ дэмбэрлээ бодсон ч тэр. Б.Лхагвасүрэн энэ тухай сүрхий гомдож байгаагаа хэлсэн л байна билээ.

Энэ бүхнийг бодохоор монголчууд бид нийгмээрээ юуг ч үл хүлээн зөвшөөрөгч, хийдэг ажил нь бусдыг даган хийрхэгч, муучлан шүүмжлэгч, ирээдүйдээ итгэдэг үзэлгүй олонлог болж хувирсан юм биш үү гэж хэлмээр байна. Ингэж хэллээ, Б.Насанбаярыг өмөөрлөө гээд бичигч намайг бас мүүнийг шүтэгч гээд цоллох байхдаа.

Харин мүүний шашин гэгч ямархан болохыг би мэдэхгүй. Тэр нэг сонинд бичсэнээр Б.Насанбаяр Ногоон дарь эх шиг харагдах нь гэснээр бол хүнийг их гоё болгодог юм болов уу гэж төсөөлж байна шүү. Ер нь мүүн гэдэг нь шашин ч биш гаж урсгал гэж уншсан байх юм. Эцэст нь Насанбаяр ажлаа өгч хийрхэгчдийн бахыг хангалаа гээд Монголыг гийгүүлдэг нар зүүн урдаас биш хойноос гарахыг л харах үлдлэв. Тэгээд энэхүү таталбараа “Гэгээнтнүүдэд ч өнгөрсөн амьдрал байдаг. Адгийн амьтанд ч маргааш гэж бий” гэсэн үгээр төгсгөюү.

Ц.Жаргалсүрэн