Өнөөдөр "Элэг бүтэн Монгол" Зөвлөлдөх ардчиллын хэлэлцүүлэг зохион байгуулагдана. Энэхүү уулзалтыг "Оном сан", "Монголын зөвлөлдөх ардчиллын хүрээлэн" хамтран зохион байгуулж байгаа бөгөөд Элэгний вирүсийн оношилгоо, эмчилгээний зардлын 80%-с багагүй хувийг Эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлүүлэх, Элэгний хорт хавдар үүсгэгч хепатитын С вирүсийн халдварын тархалтыг бүрэн зогсоож, элэгний хавдар, хатуурлын шалтгаант нас баралтыг бууруулж, ЭРҮҮЛ ЭЛЭГ хөтөлбөрийг Монгол орон даяар хэрэгжүүлэх гэсэн онцлох сэдвүүдийн хүрээнд ярилцах аж. Хэлэлцүүлэгт урилгаар ЭМСЯ-ны сайдын үүрэг гүйцэтгэгч, Шадар сайд Ц.Оюунбаатар, ДЭМБ-ын Монгол дахь Суурин Төлөөлөгч Доктор Су Нюунт-У нар оролцно.

Өнөөдөр Монгол Улс элэгний хатуурал, хавдар үүсгэдэг вирүст хепатитын халдварын тархалт нэн өндөр улс орны тоонд багтдаг. Өнгөрсөн хугацаанд төр засгаас энэ асуудалд анхаарч, тухайн үеийнхээ боломжийн хэрээр арга хэмжээ авсаар ирсэн боловч вирүст хепатитын тархалт төдийлэн буурахгүй, хүн амын эрүүл мэндэд үзүүлж байгаа сөрөг нөлөө даамжирч байна. Өнөөдөр Монгол улс зуун мянган хүн тутам дахь элэгний хавдрын нас баралтаар дэлхийд нэгдүгээр байранд байгаа төдийгүй энэ үзүүлэлт нь дэлхийн дунджаас найм дахин их байгаа нь үнэхээр өр өвтгөсөн баримт юм. Тэгвэл 2020 он гэхэд Монгол улсад хепатит С вирүсийг устгаж, мѳн хепатит В вирүсийн халдварыг эрс бууруулж, вирүст хепатитын халдвартай хүмүүсийг эмчилгээнд хамруулах замаар Монгол улс дахь элэгний ѳвчлѳлтѳй холбоотой нас баралтыг 2020 он гэхэд 50 хувь бууруулна гэсэн зорилго тавьж түүнийхээ эхлэл нь гэж болох “Элэг бүтэн Монгол” Зөвлөлдөх ардчиллын хэлэлцүүлгийг зохион байгуулж байна. Зөвлөлдөх ардчиллын хэлэлцүүлэг гэдэг уншигчдад сонин бодон тусах дамжиггүй. Учир нь, сүүлийн хугацаанд Стэнфордын Их сургуулийн Зөвлөлдөх ардчиллын хүрээлэнгийн ахлах зөвлөх, Гадаад хэргийн сайд асан Г.Занданшатар ихээхэн ярих болсон билээ. Дэлхийн олон оронд амжилттай туршигдаж байгаа Зөвлөлдөх ардчиллыг овжин харсан хотын мээр Э.Бат-Үүл ч анхны хэлэлцүүлгийг Улаанбаатарын хэмжээнд хийгээд эхэлсэн билээ. Цаашид дүүргүүдэд ч тулгамдсан асуудлуудыг тус аргачлалаар шийдвэрлэх зорилттой яваа гэж болно.

Зорилгоо биелүүлэхийн тулд “Оном сан”-гийнхан эрт илрүүлэлт, урьдчилан сэргийлэлт, эмчилгээ гэсэн үндсэн гурван дэд хѳтѳлбѳрѳѳс бүрдсэн элэгний ѳвчлѳлтѳй тэмцэх хѳтѳлбѳрийг Монгол улсын тѳр засагтай хамтран орон даяар цогц байдлаар хэрэгжүүлэхээр зорьж байгаа. Энэ гурван дэд хѳтѳлбѳрийг тодруулбал,

1. Урьдчилан сэргийлэлтийн дэд хѳтѳлбѳр - Ард иргэдэд элэгний өвчлөл түүнтэй холбогдох үр дагавар, нийгэмд учруулж буй хор уршиг, уг өвчинтэй хэрхэн тэмцэх, өөрсдийгөө болон гэр бүлээ хэрхэн хамгаалах талаарх ойлголтыг дээшлүүлэхэд чиглэсэн болно.

2. Эрт илрүүлэлтийн дэд хѳтѳлбѳр - Орон даяар эрт илрүүлэлтийн хөтөлбөрийг хэрэгжүүлсэнээр вирүст хепатитын эсрэг эмчилгээг оновчтой, цаг тухайд нь хүргэх хүртээмжийг дээшлүүлэх ба өвчлөл цаашид даамжрахгүй, бусдад халдвар тараахгүй байх тал дээр анхаарах боломжтой болно.

3. Эмчилгээний дэд хѳтѳлбѳр - Вирүст хепатитын эсрэг олон улсын стандартад нийцсэн эмчилгээ үйлчилгээг Монгол улсын ард иргэдэд боломжит хамгийн хямд өртөгөөр, иргэдэд хүртээмжтэйгээр хэрэгжүүлэхэд чиглэгдсэн. Хэрвээ энэ зорилго биелнэ гэвэл 2020 он хүртэл С вирүсийн архаг халдвартай 147,700 хүнийг бүрэн эмчилж эдгээх шаардлагатай байна. Мөн хепатит В вирүсийн архаг халдвартай 128,000 хүнийг ч эмчилгээнд хамруулах шаардлагатай тулгарна.

Дээр дурьдсан вирүст хепатитын халдварын тархалт Монгол улсад нэн ѳндѳр байгаа нь манай улс элэгний хавдрын нас баралтаар дэлхийд тэргүүлэхэд хүргэж байгаа үндсэн шалтгаан юм. Цаашилбал сүүлийн арван жилд элэгний хавдрын нас баралт Монгол улсад улам бүр ѳсѳн нэмэгдэж байгаа (Зураг 2) бѳгѳѳд элэгний хатуурлын нас баралтыг (жилд дунджаар 900 орчим) оруулан тооцвол элэгний ѳвчлѳлийн нас баралт нь Монгол улс дахь жилийн нийт нас баралтын 15% дангаараа бүрдүүлж байна. Тулгамдаад байгаа энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэх, вирүст хепатитын тархалтыг тогтоосон хамгийн сүүлийн судалгааны (Зураг 3) үр дүнг хэлэлцэх зорилготойгоор Оном сан, Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургуулийн Халдварт өвчин судлалын тэнхимээс хамтран “Монгол улс дахь вирүст хепатитын өнөөгийн байдал цаашдын зорилт” сэдэвт хурлыг 2014 оны 3 дугаар сарын 26-нд зохион байгуулсан.

Энэ хурлын үеэр нарийн мэргэшсэн 80 гаруй эмч, эрдэмтэн судлаачид урьд өмнө хийгдсэн вирүст хепатитын тархалтын судалгаанууд мөн 2013 онд Оном сан, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Халдварт өвчин судлалын тэнхим хамтарч Монгол улсын хэмжээнд хориос дээш насны хүн амын дунд явуулсан судалгаагааг авч хэлэлцээд, өнөөгийн байдлаар Монгол улсад 400 мянга гаруй хүн архаг вирүст хепатитын халдвартай байна гэсэн дүгнэлт дээр санал нийлсэн юм. Энэ нь Монгол түмний эрүүл мэнд, цаашлаад Монгол улсын үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн асуудал юм.

Дээр дурьдсанчилан аюулын харанга дэлдээд буй энэ өвчнийг, төр засаг анхааралдаа авч нэн яаралтай тодорхой арга хэмжээ авах цаг нь иржээ. Сайшаалтай нь өнөөгийн дэлхийн шинжлэх ухааны хөгжил, манай орны анагаах ухааны хөгжил, бололцоо энэхүү элэгний өвчлөлийн нийтийг хамарсан уршгаас хагацаах боломжтой үед ирээд байна. Иймээс “Оном сан”-гаас “Эрүүл Элэг Хѳтѳлбѳр” санаачлан Монгол улсын тѳр засагтай хамтран хэрэгжүүлэх саналтай байна. Уг хѳтѳлбѳрийг хэрэгжүүлснээр Монголын улсын нийт хүн амыг хепатитын вирүс илрүүлэх шинжилгээнд хамруулан хяналтанд бүртгэн авч энэ өвчин даамжрах, бусдад халдвар тараахаас урьдчилан сэргийлэх, элэгний хавдар, хатуурлыг эрт оношлох зэрэг үйл ажилгааг эрчимжүүлэх боломжтой болно. Мѳн вирүст хепатитын эсрэг Дэлхий дахинд хэрэглэж буй сүүлийн үеийн шинэ эм, эмчилгээг Монгол Улсын иргэдэд санхүүгийн хүндрэл багатайгаар ханган нийлүүлэх боломжийг бүрдүүлэх боломж бүрдэх юм.