Өнгөрсөн онд Монгол улс нь эхийн эндэгдлийн харьцааг 1990-2015 онд 75 хувиар бууруулснаар Мянганы хөгжлийн зорилтод хүрсэн орны нэг болж чадсан билээ. Эхийн эндэгдлийн бууралтыг таван жилийн дунджаар авч үзэхэд тогтвортой буурсаар байгаа хэдий ч улс орны эдийн засгийн хөгжил, хот, хөдөөгийн ялгавартай байдал, эхийн нас, боловсрол, орлогын түвшин, хооллолт, архи тамхины хэрэглээ нь эх эндэхэд нөлөөлөх эрсдэлт хүчин зүйл болсон хэвээр байгаа.

2015 онд нийт 21 тохиолдын 9 буюу 42,8 хувь нь хөдөө орон нутагт 12 буюу 57,2 хувь нь нийслэлд энэдсэн байна. ДЭМБ-аас эхийн эндэгдэлд гурван хожимдол нөлөөлдөг гэж үздэг бөгөөд хожимдлын нөлөөлөл нь тухайн улсын хөгжлөөс шалтгаалан өөр өөр байдаг гэж үздэг байна. Эндсэн эхийн 81 хувь нь жирэмсний хяналтанд хамрагдсан, хяналтанд хамрагдаагүй эхчүүдийн 50 хувь нь өсвөр насны, оюутан эмэгтэйчүүд эзэлж байна. Энэдсэн эхчүүдийг ажил эрхлэлтийн байдлаар авч үзэхэд ажилтай болон оюутан эмэгтэйчүүдийн эзлэх хувь нэмэгдэж байгаа нь сургууль, хамт олон, албан байгууллага, аж ахуйн нэгжийн жирэмсэн эмэгтэйчүүдэд анхаарал тавьж, дэмжлэг үзүүлэх байдал хангалтгүй байгааг ЭМСЯ-ны Эмнэлгийн тусламжийн хэлтсийн мэргэжилтэн Н.Болормаа онцлов.

Т.Буянаа