Шинэ төмөр замын гэх хэрэгт холбогдуулан УИХ-ын гишүүн Х.Баттулга, Зам тээврийн сайд асан А.Гансүх нарыг ЦЕГ, АТГ-ын хамтарсан ажлын хэсэг сэжигтнээр татан шалгаж байгаа гэх мэдээлэл нэгэнт тодорхой болсон билээ. Түүнээс хойш хэд хэдэн хүнийг сэжигтнээр татан шалгасны дотор Х.Баттулгын туслахаар ажиллаж байсан Г.Түвшинжаргал гэх хөхүүл хүүхэдтэй эмэгтэйг саатуулан шалгаж эхэлсэн нь нийгэмд зөв, буруу гэх маргаан үүсгэж байгаад нэг мөр хариулт өгөх зорилгоор хуульчдаас тайлбар хүслээ.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 68 дугаар зүйлд Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэрэглэх үндэслэл, журмын талаар тодорхой заасан байна. Үүнд: “Хөнгөн гэмт хэрэгт сэрдэгдсэн буюу хүнд өвчтэй этгээд, жирэмсэн эмэгтэй, хөхүүл хүүхэдтэй эмэгтэйн хувьд энэ хуулийн 68.2-т заасан үндэслэл байхгүй бол цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэрэглэхийг хориглоно.” гэж заасан байдаг.

Г.Түвшинжаргалын хувьд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 68.2-т заасан үндэслэл байгаа гэж Прокурор, Шүүхээс үзсэн учраас цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авсан байх үндслэлтэй аж. Үүнд: Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн

- 68.2.1. Өмнө нь авсан таслан сэргийлэх арга хэмжээг зөрчсөн,

- 68.2.2. хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхээс оргон зайлж болзошгүй, эсхүл оргон зайлсан,

- 68.2.2. хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дахин гэмт хэрэг үйлдсэн бол гэмт хэргийн сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийг цагдан хорьж болно гэж заасан байна. Энэ дагуу шүүгчийн захирамжийн дагуу сэжигтнээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан байна.

Нөгөө талаас хөхүүл хүүхэдтэй гэдэг нь төрөөд удаагүй хүүхдийг хэлдэг юм байна. Тодруулбал Монгол хэлний их тайлбар тольд:

• хөхүүл хүүхэдтэй - хөхөө хөхдөг нялх хүүхэдтэй

• хөхүүл эх - нялх хүүхдээ хөхөөрөө хооллож байгаа эх

• нялх хүүхэд- сая төрсөн буюу төрөөд удаагүй хүүхдийг хэлнэ гэж заасан байна. Өөрөөр хэлбэл Г.Түвшинжаргалын хүүхэд нь ой зургаан сартай болохоор нярай биш бага насны хүүхдэд тооцогдох юм.

Энэ бүхнээс үзэхэд Г.Түвшинжаргалыг хуулийн дагуу саатуулсан болж байгаа бөгөөд дүгнэлтийг уншигч та хийх юм.