Дөрвөн жилийн өмнө Монгол улсад цөмийн хаягдал булуулахгүй гэсэн ширүүн эсэргүүцэл өрнөж, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэзээ ч булахгүй гэсэн улстөрийн ам тангараг өгснөөр нэг хэрэг шувтарсан. Дотоодын тууштай эсэргүүцэл манай улсад цөмийн хаягдал булах сонирхолтой гадаад улсуудын зүгээс төр засагтай хэлэлцээр хийхэд хэцүү нөхцөл байдал буюу манай талаас үгүй гэж хэлэх боломж, bargaining power үүсгэж байсан билээ.

Харин сүүлийн жилүүдэд амлалт аваад санаа амарсан иргэд нам жим болж ирэхийн сацуу хуулиндаа “өөрийн орны цөмийн хаягдал” бол булшлах боломжтой байхаар заах, улмаар уран ашиглалтын компанид Монгол улс хувь эзэмших замаар хуулинд заасан маш бүрхэг нэр томъёо болох “өөрийн орны цөмийн хаягдал”-тай болох боломж үүсгэх зэрэг цөмийн хаягдал булшлах бэлтгэл гэж харагдахаар элдэв хууль, гэрээ хэлэлцээр хийгдэж ирлээ. Гол гол хуулийн өөрчлөлт, гэрээ хэлэлцээрээс танилцуулъя.

Баримт 1 2015 оны хоёрдугаар сарын 13: 2009 онд батлагдсан Цөмийн энергийн хуулиа шинэчлэн найруулав. Уг хуульд заахдаа:

Дараах төрлийн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийг Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу байгуулагдан үйл ажиллагаа явуулж байгаа, тус улсад татвар төлөгч компанид олгож болно.

Үүнд:

15.1.Дараах үйл ажиллагааг Цөмийн энергийн комиссоос олгосон тусгай зөвшөөрөлтэйгээр эрхэлнэ:

15.1.1.цөмийн төхөөрөмж барих, өөрчлөх, шинэчлэх, ашиглалтаас гаргах;

15.1.2.цөмийн төхөөрөмж ашиглах;

15.1.3.цөмийн бодис эзэмших, ашиглах, худалдах;

15.1.4.цөмийн бодис импортлох, экспортлох, тээвэрлэх, хаягдлыг булшлах.

15.2.Дараах үйл ажиллагааг геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас олгосон тусгай зөвшөөрөлтэйгээр эрхэлнэ:

15.2.1.цацраг идэвхт ашигт малтмал эрэх, хайх;

15.2.2.цацраг идэвхт ашигт малтмал ашиглах;

15.2.3.цацраг идэвхт ашигт малтмал импортлох, экспортлох, тээвэрлэх, хаягдлыг булшлахболон цацраг идэвхт ашигт малтмал ашигласны дараа газар нөхөн сэргээх.

гэжээ.

Баримт 2 2015 оны зургадугаар сар 12: Дорноговь аймгийн Улаанбадрах суманд орших Дулаан-Уул, Зөөвч-Овоогийн ордуудад цацраг идэвхт ашигт малтмал ашиглалтын гурван тусгай зөвшөөрлийг Францын "Areva" компанийн хөрөнгө оруулалттай "Кожеговь" компанид олгосон. Ингэснээр хайгуулын 49 лицензийн 27-г, ашиглалтын 5 лицензийн 3-ийг Арева групп эзэмших болсон . Лицензийг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2015 оны 6 дугаар сарын 8-10-нд Франц улсад албан ёсны айлчлал хийж, Европын Парламентад үг хэлснээс 2 хоногийн дараа гардуулж өгчээ

Баримт 3 2015 оны зургадугаар сарын 25: Засгийн газрын хуралдаанаар “Мон-Атом” ТӨХК, Бүгд найрамдах Чех улсын “Ураниум индастри” ХК-тай хамтран “Мон-Чех Ураниум” ХХК байгуулах асуудлыг хэлэлцэн дэмжсэн. Гэрээ ёсоор хамтарсан компанийн 51 хувийг Монголын тал эзэмшинэ.

Чех, Япон, Франц зэрэг орнуудтай цөмийн энергийн хамтарсан компани байгуулах, үүнээс 34 хувийг Монголын Засгийн газар эзэмших буюу Монголын “Мон-Атом”, Францын “Арева”, Японы “Мицубиши” зэрэг компаниудын оролцоо бүхий “Арева Майнс” хамтарсан компани байгуулж ашиглалтын үйл ажиллагаа явуулахаар болсон.

Баримт 4: 2016 оны гуравдугаарын сарын 10: Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар Монгол Улс Цөмийн аюулгүй ажиллагааны тухай 1994 оны конвенци, Ашигласан түлшний болон цацраг идэвхт хаягдлын менежментийн аюулгүй ажиллагааны тухай 1997 оны конвенцид тус тус нэгдэн орох, Цөмийн материалыг биечлэн хамгаалах тухай 1980 оны конвенцийн 2005 оны нэмэлт, өөрчлөлтийн тухай протокол, Бага хэмжээний цөмийн материалын шинэчилсэн протоколыг тус тус соёрхон батлах тухай асуудлыг зөвшилцөж байнгын хорооны хуралдаанд оролцсон 10 гишүүний 7 нь дэмжсэн тул зохих хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг боловсруулж өргөн мэдүүлэх чиглэлийг Засгийн газарт өгөхөөр болов.

 

Trends.mn