Гэмт хэрэгт холбогдсон төрийн албан тушаалтнуудын дунд сүүлийн үед хууль хүчний байгууллага, албан тушаалтныг “..хэн нэг эрх мэдэлтний нөлөөнд автсан.. тэдний гар хөл болж хэлмэгдүүллээ..улс төрийн захиалга..” хэмээн хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарлаж, өөрсдийгөө гэм буруугүй мэтээр ойлгуулах гэж хичээх болжээ.

Тодорхой эзэнгүй, нотлох баримтгүй зүйлээр өөрсдийгөө “”..хэлмэгдэж байна..” гэж ярьсаар байтал сүүлдээ “..Монгол Улсад 1937 оны их хэлмэгдүүлэлт шиг зүйл явагдаж хамаг мэдлэг чадвараараа цойлсон сор, эх оронч “баячууд, луйварчидаа” хэлмэгдүүлээд дуусаж байгаа юм байна...” гэх яриа иргэдийн дунд газар аваад байна. Тэгвэл үнэхээр Монгол Улсын хууль хэрэгжүүлэгч байгууллагууд хэн нэг эрх мэдэлтний нөлөөнд автаж, тэдний нөлөөллөөр улс төрийн хэлмэгдүүлэлт явуулж эхэлсэн үү гэх асуудлаар хуульч, өмгөөлөгч Г.Батбаяраас тодруулга авлаа.

-Нэх: Сүүлийн үед Авилгатай Тэмцэх Газрыг улс төрийн захиалгаар ажилладаг гэж Энхбаяр, Х.Баттулга нархэвлэлээр сурталчлах боллоо. Энэ тухай хуулийн зохицуулалт байдаг уу?

- ЭХ-ийн 111-р зүйл гүтгэх, 110.1 Доромжлох буюу “бусдын нэр төр алдар хүндийг олон нийтийн өмнө доромжилсон бол..гурван сар..баривчлах..” гэснээр нотлох баримтгүйгээр хий хоосон төсөөллөөр бусдыг гүтгэх, доромжлохыг хориглодог. Тодорхой тооны нэр бүхий хэсэг нөхөд гэмт хэрэгт шалгагдах болоод ирмэгц хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажилд санаатайгаар саад учруулан хэвлэл мэдээллийн хэрэгслийг ашиглаж ямар нэгэн нам эвсэл юм уу байгууллагад захидал илгээх, иргэдийг турхирах байдлаар өөрсдийгөө гэм буруугүй мэтээр сурталчилж, үйлдсэн ч байж болзошгүй гэмт үйлдлээ “..улс төрийн хэлмэгдүүлэлт явагдаж байна..”гэх нэрээр хаацайлж аль болох шалгуулахгүй байх оролдлого хийх боллоо. Энэ үйлдэл нь ЭХ-ийн 245-р зүйлд байх “Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүн таслах үйл ажиллагаанд санаатайгаар саад учруулсан бол..албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн бол..гурван жил хүртэл хорино.” гэсэнтэй нийцэж байгаа. Намын дарга хүн албан тушаалтны тоонд орно гэсэн дээд шүүхийн тайлбар байна.

Хэрэв үнэхээр өөрийг нь улс төрийн захиалгаар хэлмэгдүүллээ гэж үзэж байвал эхлээд гэмт хэрэг үйлдсэн гэж мэдээлээд хэлмэгдүүлээд байгаа хүнийг ЭХ-ийн 252-р зүйлд заасан “Хүнийг гэмт хэрэг үйлдсэн гэж зориуд худал мэдээлсэн бол..шунахайн болон хувийн бусад сэдэлтээр үйлдсэн..онц хүнд гэмт хэрэгт холбогдуулж буюу нотлох баримтыг хуурамчаар бүрдүүлж худал мэдээлсэн бол..таван жил хүртэл хорино.” гэсэн зүйлээр гомдлоо гаргаж шалгуулах эрх нь нээлттэй байгаа. Гэтэл ингэж гомдол гаргаагүй мөртлөө “.. улс төр намайг хэлмэгдүүлээд байна..би удахгүй эзний нь илчлэнэ..” гэж хэн нь ч үл мэдэгдэх хоосон биет бий болгож, иргэдийг төөрөлдүүлэн хардлага, сэрдлэг, бусдад үл итгэх атаа жөтөөний хийрхэлд оруулж болохгүй. Энэ чинь олон нийтийн сэтгэл зүйг айдаст автуулан тогтворгүй байдлыг бий болгож оюун санааг нь хүчирхийлж буй шинэ төрлийн гэмт хэрэг.

Хэрэв энэ байдал удаан үргэлжилбэл Монгол Улсад хэрэгжих хууль, түүнийг дагаж мөрддөг хүн гэж байхгүй болж нийгэмд буруу жишиг тогтож ЭХ-ийн 9.1 дэхь хэсэгт байх “гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага заавал хүлээлгэнэ.” гэсэн хууль ёсны зарчим алдагдана. Гэмт хэрэгт шалгагсдийн өөрсдийгөө өмөөрч хууль зөрчихийг дэмжээд, дэвэргээд, идэвхтэй үйл ажиллагаа явуулаад байгаа этгээдүүдийн үйлдлийг таслан зогсоож, тэдэнд ЭХ-ийн 245.2 дахь хэсэгт зааснаар эрүү үүсгэж үндсэн гэмт хэрэгтэй нь хамт нийлмэл гэмт хэргийн тоонд оруулан шалгах нь зүйтэй. Шүүн таслах ажиллагаанд саад учруулж буй гаж буруу үзэгдлийг иргэд дэмжих нь туйлын буруу. Гэмт этгээдүүд ял завшсанаар нийгмийн амьдрал л улам ядуурна. Хэвлэлийн эрх чөлөөг ашиглан хүн бүр өөрийн үзэл бодлоор гэмт хэрэгт хуульзүйн үнэлэлт дүгнэлт өгдөг болсон байна. Энэ буруу. Ингэвэл хуулийн эрхтэй байгууллага, тусгай субъектүүдийг цалинжуулж, мэрэгшүүлэх шаардлага алга. Иргэдийн дунд санал хураалт явуулаад л хэрэгтэн мөн бишийг шийддэг хуулийн хэм хэмжээг бий болгох хэрэгтэй. Гэхдээ ийм тогтолцоо гэж дэлхийн хаана ч байхгүй нь сайн хэрэг.

-Нэх: Үнэхээр хэлмэгдүүлж, үндэслэлгүй зүйлээр гэмт хэрэгт холбогдуулж байвал яахав?

Хэлмэгдэж байна гэж өөрийгөө үзэж байгаа хүнд ЭХ-ийн 248-р зүйл буюу “Илт гэм буруугүй хүнийг сэжигтэн яллагдагчаар татах, ял шийтгэх” гэснээр хууль зөрчиж албан тушаалаа ашиглаад байгаа этгээдийг шалгуулах эрх нь байгаа. УМБГ-ын Тусгай субъекттэй холбогдох гэмт хэргийг шалгах хэлтэс гэж байна. Тэгэхээр хэвлэл мэдээллээр өөрийгөө хамгаалж, мөрдөн шалгах ажиллагааг тасалдуулах гэсэн ойлголт угаасаа байхгүй. Зориуд ийм зохиомол бухимдлыг нийгэмд бий болгоод байна. Энэ нь ЭХ-ийн 86-р зүйл “..Хүмүүсийг... дайсагнуулах, эвдрэлцүүлэх зорилгоор ухуулга сурталчилгаа явуулсан бол..таваас дээш арван жил хүртэл хорино.” гэснийг зөрчиж байгаа.

Улс орны тусгаар тогтнол, бүрэн бүтэн байдал, иргэдийн аюулгүй, амар тайван амьдрах эрх нь хууль хэрэгжүүлэгч нарын хуулийг чанд сахин мөрдөх үйл ажиллагаан дээр тогтдог. Үүнийг алдагдуулах юм бол ямар ч улс орон задарч мөхнө. Хууль заавал биелэгдэх хүч чадлыг агуулж байж иргэдэд хууль дээдлэх эрх зүйн ухамсрыг бий болгоно. Нэр хаягаа нууцалсан сэтгэгдэл бичигч, үгүйсгэгч, үзэн ядагч нарын үйлдлээс айж нэр төрөө хичээж гэмт хэргийг шалгавал гэмт этгээдэд хариуцлага тооцдог систем алдагдана. Дээрх нөхдүүдийг хуульд заасны дагуу шалгаж, үнэн зөвийг тогтоон, хууль хэрэгжүүлэгч, байгууллагуудын ажил хэргийн нэр хүндийг цэвэрлэх зайлшгүй шаардлагатай. Хууль зөвд энэрэнгүй, бурууд өршөөлгүй байх агуулгыг баримталдаг. Хууль бол хууль.

-Нэх: Ярилцсанд баярлалаа.

Х.Маргад

Эх сурвалж : nekh.mn