Дэлхий нийт энэ өдрийг сүрьеэтэй тэмцэх өдөр болгон тэмдэглэж иржээ. Анх 1882 оны гуравдугаар сарын 24-ны өдөр доктор Роберт Коч сүрьеэгийн вирусыг анх илрүүлсэн байна. Үүнээс хойш зуун жилийн дараа буюу 1982 оны гуравдугаар сарын 24-ны өдрийг “Дэлхийн сүрьеэтэй тэмцэх өдөр” болгон зарлажээ. Дэлхийн хэмжээнд бүртгэгдэж байгаа сүрьеэгийн тохиолдлын тоо жил бүр нэмэгдэж байгаа ч нас баралтын тоо жилээс жилд буурч, эмчилгээний үр дүн өндөр байгаа аж.

Манай улсад өнгөрсөн онд улсын хэмжээнд сүрьеэгийн нийт 4720 шинэ тохиолдол бүртгэгджээ. Үүний есөн хувь нь хүүхдийн сүрьеэгийн өвчлөл байгаа гэдгийг мэргэжилтнүүд онцоллоо.

ДЭМБ-ын суурин төлөөлөгч Др.Су Нюнт У "Сүрьеэтэй хүн эмээ тогтмол, зааврын дагуу уугаагүйгээс эмэнд дасалтай сүрьеэ болдог байна. Сүрьеэг зургаан сарын турш эмийн эмчилгээгээр эдгээдэг. Харин эмэнд дасалтай сүрьеэг эмчлэх эмийн зардал өндөр, эмчилгээний хугацаа урт буюу 18-24 сар байдаг. Өөрөөр хэлбэл хүнд хэлбэрийн сүрьеэг эмчлэхийн тулд 9-20 сая төгрөгийн зардалтай болдог. Энэ төрлийн сүрьеэ эмчилгээний үр дүн 85 хувь байдаг тул эмчилгээг таслахгүй байх нь чухал. Монгол Улс 2030 он гэхэд сүрьеэгүй болох зорилт тавьсан. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон Глобал сангаас цаашид Эрүүл мэндийн яаманд дэмжлэг үзүүлж, сүрьеэтэй өвчтөнүүдийг эрт илрүүлэх тал дээр анхаарах болно. Сүрьеэгүй Монгол болохын тулд ядуурлын түвшинг бууруулж, гэр хорооллын оршин суугчдыг орон сууцанд ороход туслах хэрэгтэй. Орчны болон агаарын бохирдол ихтэй үед сүрьеэ тархах, хүндрэх нөхцөл нь болдог. Тэгэхээр дан ганц Эрүүл мэндийн яам шийдэх асуудал биш учраас бүх талын оролцоо чухал байна” гэлээ.

Улсын хэмжээнд гурван жил орчим стратеги хэрэгжүүлсэн хэдий ч сүрьеэгээр өвчилж буй хүмүүсийн тоо буурахгүй байна. Манай улс 2030 он гэхэд сүрьеэгүй улс болох зорилт тавьсан. Үүндээ хүрэхийн тулд иргэдийг мэдээллээр хангаж, урьдчилан сэргийлэх боломж, өвчилсөн ч бусдад халдварлуулахгүй, хүндрүүлэхгүй байх мэдлэгийг олгох нь чухал гэдгийг ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга П.Янжиндулам хэвлэлийн хурал хийх үеэрээ онцлов.