С.УЯНГА

Монголчууд балчир үрсээ цаг бусаар алдаж байна гэхэд хэлсдэхгүй боллоо. Өөрөөр хэлбэл, амьдралын буруу хэвшлээс үүдэлтэйгээр тоглож наадан, дэгэж дэрвэж явах хүүхдүүд эмнэлгийн орон дээр өвчиндөө шаналж, түүнийг ялан дийлэхээр тэмцэж байна. Балчир ухаан, нялх биедээ баймааргүй их хүч тэнхээг тэд гаргаж байгаа. Энэ бол нөгөөх л улиг болтол давтсан халуун тогооны асуудал. Манай сонин “Халуун тогооны харгислал”, “Ядуусын хэрэг” цуврал нийтлэлүүдийг хүргэж байсан билээ.

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Түлэнхийн тасгийн ачаалал жил ирэх тусам хэд дахин нэмэгдэж байгааг баримтаас харж болно. Тодруулбал, 2009 онд түлэгдэж гэмтсэн 3258 өвчтөнийг хүлээж авч байсан бол 2014 онд 6223 болж хоёр дахин нэмэгджээ. Тэдний 60-70 хувь нь 0-4 насны хүүхдүүд байгаа юм. Тэгэхээр жилд 4000 гаруй хүүхэд түлэгдэж, өвчиндөө шаналжээ. Өнгөрсөн онд зөвхөн Улаанбаатарт гэхэд өдөрт 3-4, жилд 1000 гаруй хүүхэд түлэгдэж, эмнэлэгт хандсан тоо бий. Хэргийн эзэн хямд өртөг, хялбархан хэрэглээ болсон халуун тогоо. Халуун тогоонд түлэгдсэн хүүхдүүд өртөг өндөртэй эмчилгээ хийлгэхээс гадна насан туршийн шарх сорвитой үлдэнэ. Түүнчлэн түлэгдэлтээс болж шархаа даалгүй нас барах тохиолдол ихэсч байгаагийн цөөнгүй тохиолдлыг орон нутгаас ирж байгаа хүмүүсийн тоо эзэлж байгааг ГССҮТ-ийн эмч нар хэлж байна. Энэ оны нэгдүгээр сард Дундговь аймгийн Өлзийт сумаас, хоёрдугаар сард Баянхонгор аймгаас халуун тогоонд түлэгдэж эмнэлэгт хандсан бага насны хүүхдүүд эмчилгээгээ даалгүй нас барсан байна. Цөөн жишээ дурдахад ийм. Өнгөрсөн онд таван хүүхэд халуун тогоонд түлэгдэж нас барсан бол он гарснаар гурван сарын хугацаанд гурван хүүхэд амиа алдсан хэрэг гарчээ. Энэ тоо цаашид ч үргэлжлэхийг үгүйсгэхгүй. Үргэлжлэх эсэх нь зөвхөн эцэг эхчүүдээс шалтгаална. 0-4 насны учир ойлгохгүй балчир хүүхдүүдээ аюулаас хол байлгах нь эцэг, эхчүүдийн хуулиар хүлээсэн үүрэг. Үүргээ хүлээхгүй, анхаарал болгоомжгүйгээсээ жилд хэдэн мянган хүүхдээ эмнэлгийн орон дээр тарчлааж, амь насаа алдахад хүргэж байгаа тэр эцэг эхчүүдтэй тооцох хариуцлага байдаг ч даанч хэрэгждэггүй нь харамсалтай. Цагдаагийн байгууллагын мэдээлж буйгаар “Үүргээ биелүүлээгүй эцэг эхэд эрүүгийн хэрэг үүсгэж хүүхдийн амь нас эрсэдсэн эсвэл бие махбодид хүнд гэмтэл учирсан бол хорих хүртэл арга хэмжээ авдаг. Харин хариуцлага тооцох асуудал практик дээр хүндрэлтэй.Учир нь хүүхэд нь нас барсан эсвэл хүнд гэмтээд эмнэлэгт байхад ээж, аавыг нь хорьж болохгүй нөхцөл үүсдэг. Цаана нь ар гэрийн асуудал байдаг” гэлээ.

Тэгэхээр зөвхөн эцэг, эх асран хамгаалагчид найдах арга л үлдэж байгаа юм. Тиймээс бид халуун тогоотой цай, хоол руу унасан, данхтай, халуун савтай халуун зүйл бие рүүгээ татах аюулаас сэргийлэхийн тулд хүүхдээ уяагаар хүмүүжүүлье.Хүүхэд уях бол нүүдэлчин монголчуудын сурган хүмүүжүүлэх ухааны уламжлалт аргын нэг. Хүүхдээ гал руу оруулахгүй, халуун цай, хоолонд түлчихгүйн тулд, мал амьтанд дайруулах, төөрч алга болох, бэртэж гэмтэхээс сэргийлж уядаг байсан. Бүр 6-7 нас хүртэл нь уядаг гэлцдэг. Ингэж уях нь хүүхдийн суурь хүмүүжил, төлөвшилтэй холбоотой аж. Харин одоо цагт энэ уламжлал хот, хөдөөгүй алдагдаж, хүүхэд уядаг айл цөөрчээ. Магадгүй хөдөөний хэрсүү хөгшчүүд л ач, зээ нараа эрүүл энх өсгөхийн тулд уяж байгаа. Аминаас илүү үрээ халуун тогоонд түлж байхаар уяад сургачих хэрэгтэй. Монголчууд эрт дээр үеэс халуун зууханд ойртуулахгүйн тулд зуухны гадна талаар хамгаалалт хийж, халуун хоол цай татуулахгүйн тулд савны таган дээр “аюулын” тэмдэглэгээ хийдэг байсан. Хүүхдээ уяж чадахгүй нь халуун тогооны таган дээр “аюулын” тэмдэглэгээ наах аргыг ч хэрэглэж болно. Хүүхдэд хэлээд анхааруулчихсан байхад ойртохгүй.

Монгол хүүхдүүд багаасаа монгол гэрт тэгж л өсч ирсэн.

Өвчин зовлон, аюул ослоос хол байлгадаг уяа гэдэг зүйл хүүхдэд ээлтэйг настнууд ам дамжин ярьсаар байна. Тиймээс мартсан, алдсан уламжлалаа сэргээж хүүхдээ уяж суръя. Алаг үрсээ хамгаалахын тулд зөвхөн эцэг эх гэлтгүй хүүхдийн төлөө дуугардаг байгууллагууд, төр засаг нь анхаарах хэрэгтэй байна. Залгуур нь богино гэж буруугаа тохдог халуун тогоог стандарттай болгож, ер нь халуун тогоонд зориулсан хуультай болоход гэмгүй.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин