Байгалийн гамшгийн өмнө малчид цөхөрдөг. Малаа барж, хотоо харлуулахгүй нь тулд малчид байгаа бүхий л бололцоогоо ашиглаж өвөлдөө бэлтгэсэн. Энэ өвөл бичин жилийн зудын эхлэл тохиов.

Одоогийн байдлаар нийт малын хорогдол 130 мянгаар нэмэгдэж, 681.1 мянга болсон байна. Сүхбаатар, Увс, Архангай, Завхан, Баянхонгор аймгуудад малын хорогдол хамгийн их буюу оны эхний нийт малын 1.7-3.8 хувийг алджээ. Мөн нийт нутаг дэвсгэрийн 20 гаруй хувьд цастай байгаагаас Баян-Өлгий аймгийн Сагсай, Завхан аймгийн Алдархаан, Баянтэс, Баянхайрхан, Увс аймгийн Баруунтуруун, Зүүнговь, Хяргас, Түргэн зэрэг гурван аймгийн 22 сум 20-64 см зузаан цастай буюу цагаан зудтай байна. Харин Увс аймгийн Давст, Улаангом, Сагил, Завхан аймгийн Нөмрөг, Сонгино, Цагаанчулуут, Сэлэнгэ аймгийн Ерөө, Хөвсгөл аймгийн Улаан-Уул, Чандмань-Өндөр сумуудад 10-19 см зузаан цастай буюу цагаан зудархуу байдалтай хаваржиж байна.

Ийнхүү хаваржилт хүндрэлтэй байхад төрөөс өгсөн нэр зүүсэн ажлууд хийж байгаад харамсалтай. Хоёр дуучин хандивын тоглолт хийж зудтай байгаа аймаг, сумдад туслахаар аянг өрнүүлсэн нь олон хүний хүндлэлийг хүлээсэн. Тэгвэл төрд суугаа эрхэмүүд малчдын зээлийн хүүг бууруулав. Гаднаас зээл аван энэхүү ажлыг хэрэгжүүлж байгаа нь энэ. Өөрөө хэлбэл, 29.5 хувийн хүүтэй 5 сая төгрөгийн зээл авсан малчин өрх жилийн хугацаанд 6 сая 106 мянга 250 төгрөг төлдөг байсан. Харин 10 хувьтай болсноор 5 сая 375 мянган төгрөг болж жилд 730 гаруй мянган төгрөгийн хүүгийн дарамтаас чөлөөлөгдөж байгаа гэсэн үг.

Тэгэхээр малчдадаа тусалж байгаа нь сайн хэрэг байна хэмээн алга ташилт өгөхөөр. Гэтэл малчдын төлөөлөл үүнээс илүү үр дүнтэй амьдралд нь дорвитой ажлыг хийхийг хүсэж байна. Тэд малын гаралтай түүхий эдийг үнэ цэнэтэй болгоод өгөөч гэж хүсэж бүүр гуйж явна. Одоогоос найман жилийн өмнө хилээ хаагаад 2008 оны наймдугаар сард хилээ нээж байсан удаатай. Эл шийдвэрийн улмаас 78 мянган төгрөг байсан ноолуурын үнэ 14 мянган төгрөг болтлоо унаж, үнэгүйдсэн. Яамнаас гал унтраах байдлаар арга хэмжээ авч их ажил хийсэн дүр эсгэдэг талаар ний нуугүй дэлгэчихлээ.

Арьс шир, ноосны урамшуулал нь зах зээлийн өрсөлдөөнийг сулруулж үндэсний гэх тодотголтой цөөхөн компаниуд хуйвалдаж малчдыг шулах бас нэгэн арга юм байх. Харин малчид үндэсний үйлдвэрлэгч хаяг зүүчихээд хямрал, зуданд нэрвэгдэж модоо барьж үхсэн ямаагаа самнаж үлдсэн малдаа тэжээл өгөх гэж Монголоо алдсан үйлийг хийдэг болж. Ноолуурын үнэ өсвөл мал худалдаж авна гэсэн итгэлийг малчид тээж явна.