Нийслэлийн хүрээ хийдийн ахмад гэгдэх 250 жилийн түүхтэй Данбадаржайлин хийд өнөөдөр дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу гэгч хүндхэн байдалд оржээ.

Нэгэнт цагт 10,5 га талбайг хамарч байсан тус хийд өдгөө хот төлөвлөлтөөр Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороонд хамаарч, эргэн тойрондоо олон ч айл өрхтэй болж. Энэ хэрээр газар нь хумигдсаар Монголын түүхийн хуудсын нэгэн үеийг өгүүлэх тус хийдийнхнийг өнөө цагт хөлөө олох гэж тэнцжих хойгуур үлдсэн 45,189 га газрынх нь талыг авах гэсэн З.Санждорж ламтан өнөөг хүртэл заргалдсаар яваа гэнэ. Тэрээр 2010 онд анх буяны ажил хийх нэрийдлээр Данбадаржайлан хийдийн Цогчин дуганыг сэргээн засварлах эрхийг жанч халаад удаагүй байгаа тус хийдийн хамба лам Д.Дашрэнчингээс авсан байна. Тэгэхдээ тухайн оныхоо аравдугаар сарын 10-нд НИТХ-д хийдийн нийт лам хуваргыг зөвшөөрсөн мэтээр ойлгуулан хамба ламынх нь гарын үсгийг дуурайлгасан зурсан хуурамч баланкаа үзүүлэн хийдийн буян номын үйл ажиллагааг өргөтгөж, сургалтын төв нээнэ хэмээн газар эзэмших хүсэлтээ уламжилсанаар тухайн үеийн Засаг дарга Г.Мөнхбаяр захирамж гаргаж, нийслэлийн Өмчийн газартай гэрээ хийж, хөрөнгө оруулалтаар эзэмших, ашиглах эрхээ авсанаар эл газрын маргааны эхлэл тавигдаж. Хэрэг явдал ч тийм хурдан шийдэгдэлгүй өнөөдөртэй золгосон нь энэ.

Хүн хэлээрээ, мал хөлөөрөө гэдэг. Лам нар тогоон доторх хэрүүлээ гадагш гаралгүйгээр асуудлаа шийдчих гэж оролдсон ч, тусыг эс олж. З.Санждорж ламтан ч, олны жийрхэлээс эмээсэн үү Цогчин дуганыг нь нэг тэрбум 600 саяар зассан гэнэ. Тэгэхдээ хятадын хөрөнгө оруулалтаар зүсээ өөрчилсөн дуганых нь будаг, шохой нь өдгөө халцарч унан, суурь нь ч ганхсан гэнэ. Ёстой л нүглийн нүдийг гурилаар хуурна гэдэг шиг л хэдэн лам нарын сайхан сэтгэл рүү ус цацан молиго үмхүүлж. Тиймдээ ч, тэрээр ажлынхаа тайлан, татварынхаа задаргаа байтугай Цогчин дуганаа хүлээлгэж өгөхгүйгээр алга болж. Сэтгэл ч шингээгүй болохоор дээрдүүлэхээсээ илүү дордуулсан учраас нураахаас аргагүй шийдэлд хүрсэн тухай тус хийдийн дэд хамба лам Т.Отгонбаяр ярьж байна.

-Данбадаржайлин хийдийн газрын маргаан өнөөг хүртэл яагаад шийдэгдэхгүй байна вэ?

-Манай жанч халаад удаагүй хамба лам Д.Дашрэнчин, Да лам Л.Өлзийхутаг нар тухайн үеийн нийслэлийн удирдлага болон нийслэлийн Өмчийн харилцаа газар, Нийслэлийн Газрын албаны удирдлагуудад албан бичиг хүргүүлж байсан. З.Санждоржийн эзэмшихээр санаархаж буй газар нь хийдийн Жин хонхны сүм, Жим хэнгэргийн сүмийн барилга байгууламжтай хэсэг нь. Тэрээр хуурамч кадастрын зураг хийлгэн НИТХ-ын дарга асан Т.Билэгт, хотын мэр асан Г.Мөнхбаяр нараас зөвшөөрөл авсан байсан. Одоогийн нийслэлийн удирдлагуудад хандахаар З.Санждорж ламын хэл амнаас айдаг юм уу шийдэж өгөхгүй юм. Лам хүмүүс байна даа, цагдаа шүүхээр яахав, хоорондоо ойлголцоод шийдчих юмсан гэж бодох юм.

-Бурхан шашны хүмүүс байна даа. Уг нь, ойлголцчихвол ?

-Энэ хүнийг би сайн мэдэхгүй. Би ажил аваад жил болж байна. Гэхдээ их сэргэлэн, айхтар хүн. Миний бодлоор лам биш бизнесмэн байхаар хүн. Яагаад гэхээр, сүүлд хийдийн хашаанд хулгайн юм аа зөөгөөд биднийг хүнд байдалд оруулсан. Энэ хийд агуулах биш шашин номын ариун газар шүү дээ. Данбадаржайлин хийдийн барилга байгууламж бол БСШУЯ-ны харьяа. Газар нь нийслэлийнх. Хийдийн үйл ажиллагааг тасалдуулахгүйн тулд хэдэн лам нар ажиллаж байна. Гэтэл хуурамч кадастрын зургаа барин хийдийн урд талын газрыг авна гээд байгаа. Бид юу боллоо гэж түүхэн дурсгалт байгууламжтай газрыг өгөх вэ дээ. Бурхан шашинтны шинэ төв гэх төрийн бус байгууллагад шүү. Чойжамц хамбад хэлэхээр “Харин тэгээд байх юм. Яамаар ч юм бэ дээ” гэнэ. Хэлэхээр орилж чарлаад уйлна. Ард түмэн лам нараас хаана ч ёс журам шаарддаг. Гудамжинд таараад ярихаар лам дээлтэйгээ байж орилонгуут өмнөөс нь бид ичиж зовоод зугтдаг. Цагдаа дээр хамт уулзахаар худлаа яриад уйлна. Гарч ирэнгүүтээ юу ч болоогүй юм шиг инээгээд хоёулаа тохирьё, нааш ир гэж дуудна. Их элдэвтэй хүн. Хотын удирдлагуудад зөндөө албан бичиг явуулсан. Хэл амнаас нь айдаг юм уу, зугтаадаг юм уу хариу өгдөггүй. Хүн болгон болохгүй хүн гэдгийг нь мэддэг. Нийслэлийн Засаг даргын орлогч Очирбат гуай хүртэл “Хөөх аймаар хэл амтай хүн” гэж байсан. Гэхдээ юу ч хэлж чаддаггүй.

Хуульдаа төрийн тусгай хамгаалалтад буй түүх соёлын дурсгалт газруудад тодорхой үйл ажиллагааг явуулахыг хориглосон байдаг аж. Тодруулбал, ийм газрын дотор болон гадна талд 0.1-0.3 метрт барилга барих, газар ухах, сэндийлэх, түүх соёлын дурсгалыг эвдэж гэмтээж болохгүй гэж заажээ. Гэвч хуулийг ноцтой зөрчиж, бурхан шашны өв соёлыг уландаа гишгэж байгаа гэдэг үндэслэлээр Нийслэлийн захиргааны хэргийн шүүх, Засаг даргын тамгын газар, ИТХ-д хандсан ч лам нарын маргаан долоон жилийн нүүр үзэж.

Өнөөдөр тус хийд байнгын хурлын 25 ламтай. Уг нь, бүртгэлтэй нь 30 гаруй хэдий ч тэнгэрийн муухай арилна гэдэг шиг өөдрөг сэтгэлээр 10 ламаа Энэтхэгт номын дуу сургахаар явуулжээ. Харин газрын маргаан яагаад шийдэгдэхгүй байгааг Сүхбаатар дүүргийн Газрын албаны дарга Б.Мөнхбаатараас тодруулахад “Нэлээн удаан яригдаж байгаа асуудал. Газрынх нь захирамжийг нийслэлээс гаргасан учраас нийслэл мэднэ. Манайхаас өгөөгүй” гэлээ. Хэдий шашин номын газар ч гэлээ, түүх агуулсан соёлын биет өв орших хийд тул Сүхбаатар дүүргийн ЗДТГ-аас Соёл амралтын хүрээлэн болгож хөгжүүлэхээр зураг төслийг нь ч гаргаж. Долоон жил үргэлжилсэн газрын маргаан цэгцэрвэл өөрийн хөрөнгө оруулалтаар цэцэрлэгт хүрээлэнтэйгээр хуучин төрхийг нь сэргээсэн цогцолбор байдалтайгаар байгуулахаар төлөвлөжээ. Харин маргаан юунаас болж гацаад байгааг нийслэлийн Өмчийн харилцааны газраас тодруулахад “БСШУЯ-ны харьяанд байх ёстой гэж ярьдаг. Мэдээлэл өгөх мэргэжилтэн гадуур ажилтай. Мэдээлэл өгөх боломжгүй” хэмээлээ. Ямартай ч, албаны хүний яриагаар их ярвигтай асуудал юм хэмээсэн.

Хийдийн дэд хамба лам Т.Отгонбаяр “Янз бүрийн л юм бодох юм. Авлигатай холбоотой юм болов уу. З.Санждорж ламтныг гэрчилгээ гаргуулах гээд явж байна гэж дуулсан. Одоо ч мөнгөтэй л хүн хүссэнээ хийдэг болж. Гэхдээ төр төмөр нүүртэй юм болохоор арай ч тэгэхгүй байх гэж найдаж сууна. Эртээд хийдийн лам нар хуралдаж байтал Хятадын элчин сайд орж ирээд засвар хийлгэх хийд байна уу, засаад өгье гээд явж байсан. Тэр үед нэг ч лам дуугараагүй л дээ. Тухайн үед юу гэж бодсон бэ гэхээр хятадын хөрөнгө оруулалтаар Цогчин дуганыг зассан болохоор улс төр орсон байх вий, нэг хятад ирээд манайх гээд суух вий л гэж айх юм. Нийгэм барьцгүй болсон үед ядаж шашин нь улс төр, хятадуудаас хол байвал...” хэмээн санаа алдангуй өгүүлж байсан юм.

Хэргийн эзэн, хэнгэргийн дохиур З.Санждорж ламтны хувьд энхийн цагаан тагтаа биш аж. Тэрээр бага залуугийн хэл аманд байнга өртдөг, 1984 онд сургуулийнхаа хийдийнхээ бурхныг хулгайлсан тул сургуулиасаа хөөгдөж байж. Түүгээр ч зогсохгүй түүнийг үеийн лам нар шашин зурхайн мэдлэгээр маруухан, онол орчуулахдаа таг, намчирхсан МАХН-ын гишүүн хэмээцгээх аж.

Б.Тэлмэн

newscom.mn