​Нийтийн тээвэрт үйлчилж буй том оврын автобусны жолооч нарын гаргаж буй зөрчил буурахгүй байгаа нь нийтийн тээврээр үйлчлүүлэх зорчигч нарын хувьд эрсдэлтэй унаанд суух айдасыг улам нэмэгдүүлсээр байгаа билээ.

Энэ сарын 25-нд “Тэнүүн Огоо” ХХК-ийн автобусны жолооч Г гэнэт тоормос гишгэснээс болоод 48 настай зорчигч унаж гэмтсэн байна. Мөн өнгөрсөн оны аравдугаар сарын 10-нд Баянзүрх дүүргийн XII хорооны нутаг, Ботаникийн цэцэрлэгийн эцсийн буудал орчимд автобус гэнэт тоормосолсноос болж, дотор нь зорчиж явсан хүн унаж гэмтсэн хэрэг гарсан.

Уг ослын улмаас гэмтсэн 70 гаруй настай зорчигч ГССҮТ-д хүргэгдэн эмчлүүлж байсан ч эмчилгээгээ даалгүй нас барсан байдаг. Хэнэггүй жолоочийн буруугаас болж жирийн иргэн ийн хохирсон тохиолдлыг тоочоод байвал олон. Автобусанд сууж яваад осолд өртлөө гэхэд эрүүл мэнд хийгээд эдийн засгийн хохирол учирдаг. Энэ бүхнийг тухайн жолооч, нийтийн тээврийн компани бүрэн барагдуулна гэвэл худлаа. Цаана нь хувь хүн л хохирч үлдэж байгаа юм. Нийслэлийн нийтийн тээврийн салбар шинэчлэгдэж буй гэх боловч, иргэдийн сэтгэлд нийцсэн үйлчилгээ үзүүлж чадахгүй байсаар.

Энэ мэтчилэн нийтийн тээврийн жолооч нар зорчигч болон явган зорчигчдыг гэмтээх зам тээврийн осол бууруухгүй байна. 2015 онд нийтийн тээврээр үйлдэгдсэн осол хоёр дахин өсчээ. Нийслэлд нийтийн тээврээр үйлдэгдсэн зам тээврийн осол 517 бүртгэгдэж, есөн хүний амь нас хохирч, 319 хүн гэмтэл авчээ.

Автобусанд сууж яваад осолд өртлөө гэхэд эрүүл мэнд хийгээд эдийн засгийн хохирол учирдаг.

Нийтийн тээврийн жолооч нарын анхаарал болгоомжгүй, хариуцлагагүй хөдөлгөөнд оролцож зорчигч, явган зорчигчдыг эрсдэл оруулсаар байгаа юм.

Ингээд бид нар яагаад нийтийн тээврийн жолооч осол гаргаад байна вэ. Осол гарах нөхцөл байдал юунаас болж байгааг судалсан юм.

ЗЦГ-аас өнгөрсөн жил гаргасан эмхтгэлд Зам тээврийн осол гарсан шалтгааны 96.5 хувийг жолоочийн буруугаас, 3.4 хувийг зорчигчийн буруугаас, 0.1 хувийг замын нөхцөлөөс гарсан хэмээжээ. Тэгэхээр нийтийн тээврийн жолоочийн буруугаас иргэд зорчигч нар гэмтдэг нь харагдаж байгаа байх. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг 24 аж ахуйн нэгжийн 1061 автобусанд шалгалт хийжээ. Доорх нийтлэг зөрчил илэрсэн хэмээн ЗЦГ-ын Техникийн хяналтын мэргэжилтэн Б.Гомбосүрэн хэлсэн юм. Нэгдүгээрт тээврийн хэрэгслийн насжилт өндөр болж стандартын шаардлага хангахгүй автобус замын хөдөлгөөнд оролцсоноос болж зам тээврийн осол ихээр гардаг. Гэнэт эвдэрч зогсох, тоормосны гэрэл нь ажилладаггүй гэх мэт шалтгаанаар.

Нийслэлд нийтийн тээврээр үйлдэгдсэн зам тээврийн осол 517 бүртгэгдэж, есөн хүний амь нас хохирч, 319 хүн гэмтэл авчээ.

Хоёрдугаарт автобус компаниудын шалгах механикчийн ажлын хариуцлага сул, ажлаа огт хийдэггүй, дуудагдаж ирдэг, мэргэжлийн бус хүнээр хийлгэдгээс гадна хамгаалах бүсээ зөвхөн цагдаа нарт шалгуулахдаа зүүдэг байсныг илрүүлжээ.

Гуравдугаарт ээлжийн жолооч байхгүйгээс өглөөнөөс орой хүртэл ажилласан жолооч дутуу нойртой, ядарснаас болж осол гарах нөхцөл бүрддэг.

Дээрх зөрчлийн талаар Нийтийн тээврийн газраас тодрууллаа. Тэдний хувьд шалгах механикч өглөө бүр ажиллаж нийтийн тээврийн бүрэн бүтэн байдлыг үнэлдэг гэсэн юм. Харин ээлжийн жолоочийн хувьд үнэхээр шийдэхэд бэрх асуудал байдаг талаар учирласан юм. Учир нь улсын болон хувийн компаниуд олон жолооч цалинжуулах боломжгүй байдаг. Нийтийн тээврийн жолооч осол гаргавал Замын хөдөлгөөний тухай хуулиар хэрэг нь шийдэгдэхээс гадна мөнгө торгууль ногдуулж, ажлаас чөлөөлөх хүртэл арга хэмжээ авдаг даа гэсэн юм.

Замын цагдаагийн газрын ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Л.Амаржаргал “Нийтийн тээврийн осол гарч буй нь жолооч нарын хариуцлагатай холбоотой.Олон хүний амийг хариуцаж яваа хирнээ дэндүү хэнэггүй. Хурд хэтрүүлдэг, дүрэм зөрчдөг, бас хоорондоо уралддаг. Энэ бүхнээс болоод осол гаргаж байна. Нийслэлийн зам харьцангуй сайжирсан. Тэгэхээр хувь хүний анхаарал болгоомжгүй үйлдлээс болж осол гардаг. Олон нийтэд үйлчилдэг хүмүүс хариуцлагатай байх ёстой” гэв.

Өнгөн дээрээ шинэчлэгдсэн дүр эсгэсэн энэ салбар цаанаа зөрчил дутагдал ихтэй хэвээр байна. Нийтийн тээврийн жолооч нарын хэнэггүй занг засахад чамгүй цаг хугацаа шаардагдах бололтой. Ямартай ч энэ салбарынхны хүмүүжилгүй хүүхэд шиг авирладаг зан засрахгүй нь.

Т.Буянаа