Монголын Хуульчдын холбооноос “Өмгөөллийн нөхөрлөлийн хөгжлийн асуудал” зөвлөлдөх уулзалтыг өнөөдөр зохион байгууллаа. Зөвлөлдөх уулзалтад Монголын Хуульчдын холбоонд бүртгэлтэй 78 өмгөөллийн нөхөрлөлийн удирдлагууд оролцов.

Уулзалтыг “Монгол өмгөөлөл” ХХН-ийн захирал З.Сүхбаатар удирдан явуулсан бөгөөд Хуульчдын холбооны Тамгын газрын дарга Ц.Ганболд Монгол Улсын өмгөөллийн нөхөрлөлийн өнөөгийн байдлын талаар танилцуулга, мэдээлэл өглөө. Мөн уулзалтаар “Олон улсын хуулийн фирмүүд, тэдний хөгжлийн чиг хандлага, үйл ажиллагааны зарчим” сэдвээр “ЖиТиЭс Адвотакс” нөхөрлөлийн удирдах партнер Д.Золжаргал, “Өмгөөллийн нөхөрлөлийн ангилал, удирдлага, ашиг алдагдал хуваарилах зарчим” сэдвээр “ЭмДиЭс энд Хаанлекс” нөхөрлөлийн партнер хуульч Ж.Майзориг илтгэл хэлэлцүүлж, “Махоней лиотта” нөхөрлөлийн удирдах партнер Данейл Махоней, “И Эл Си” нөхөрлөлийн удирдах партнер Б.Баяр, “Анта консалтинг” нөхөрлөлийн захирал Д.Түвшинтамир нар Монгол Улсад өмгөөллийн нөхөрлөл байгуулан ажиллуулж буй туршлагаасаа хуваалцсан юм.

Энэ уулзалтаар өмгөөллийн нөхөрлөлийн өмнө тулгамдаж буй асуудал, бэрхшээл, хөгжлийн чиг хандлагыг зөвлөлдөн ярилцаж, шийдвэрлэх арга замыг тогтоохыг зорьсон бөгөөд Монголын Хуульчдын холбоо Өмгөөллийн хуулийн этгээдийн хоорондын харилцаа холбоо, баримтлах бодлогын асуудлыг ч хөндөн ярилцлаа. Тухайлбал, Өмгөөллийн нөхөрлөл хөгжих, үйл ажиллагаагаа явуулахад хууль эрх зүйн зохицуулалтаас эхлээд тулгамдаж буй асуудал цөөнгүй байгаа аж. Өөрөөр хэлбэл, өмгөөллийн үйлчилгээнээс НӨАТ авах болсон нь өмгөөлөгчид нэгдэж чанартай үйлчилгээ үзүүлэх, өмгөөллийн нөхөрлөлийг хөгжүүлэхэд тушаа болж байгаа бөгөөд өмгөөлөгчдийн зүгээс энэ асуудлаар нэгдэн хууль тогтоогчдод саналаа хүргүүлэх хэрэгтэйг хэлж байсан юм. Түүнчлэн тэд өмгөөллийн нөхөрлөлүүд мэргэших төдийгүй менежментдээ анхаарах шаардлагатай байгаа ч онцолж байлаа.

“Өмгөөллийн нөхөрлөлийн хөгжлийн асуудал” зөвлөлдөх уулзалтын үндсэн нэг үйл ажиллагаа нь өмгөөллийн нөхөрлөлүүдэд номломж олгох байсан юм. Учир нь Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.5-д “Өмгөөллийн хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгүүлснээс хойш 14 хоногийн дотор аж ахуйн нэгжийн төрөл, оноосон нэр, хаяг, түүнд ажиллах өмгөөлөгчдийн нэрсийг Хуульчдын холбоонд бүртгүүлэх бөгөөд уг бүртгэлд өөрчлөлт орсон тухай бүрд бичгээр Хуульчдын холбоонд мэдэгдэнэ”, Хуульчдын холбооны бүртгэлийн нэгдсэн журмын 8.9 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Тамгын газар өмгөөллийн хуулийн этгээдийг Холбооны бүртгэлд бүртгэсэн тухай нотломж бичгийг өргөдөл гаргагчид олгоно” гэж заасны дагуу тус нотломжийг Хуульчдын холбооноос өнөөдөр нэгдсэн байдлаар олголоо.