Ү.Хүрэлбаатар: Давахын тулд даваа буй
2016/04/12
Сүүлийн үед сонирхол татаж буй сэдэв бол оюуны өмчийг хүндлэх, зохиогчийн эрхийг дээдлэх асуудал болчихоод байна. Оюу толгойгоос илүү оюут толгойгоо ашиглах нь хөгжлийн том гарц бөгөөд тэр нь яалт ч үгүй зохиогчийн эрхийн асуудлыг хөнддөг юм. Тиймээс үйл ажиллагаа нь жигдэрч, уран бүтээлчдийн талархлыг хүлээгээд байгаа Хамтын удирдлагын байгууллагын төлөөлөл болсон Монголын зохиолч, хөгжмийн зохиолч, нийтлэгчдийн нийгэмлэг /MOSCAP/-ийн гүйцэтгэх захирал Ү. Хүрэлбаатартай уулзаж ярилцав.
-Та сайн байн уу. Сайхан хаваржиж байна уу?
-Сайхаан. Хаваржаа тавлаг сайхан уу?
-Би таниас MOSCAP-ын тухай асуух гэсэн юм. Энэ нэр яг юу гэсэн үг вэ?
-MOSCAP бол Монголын зохиолч, хөгжмийн зохиолч, нийтлэгчдийн нийгэмлэгийн нэрийн англи орчуулгын товчлол нь юм. Олон улсад Зохиогчийн эрхийг хамгаалах Хамтын удирдлагын байгууллагууд голдуу иймэрхүү товчилсон нэртэй байдаг юм.
-MOSCAP байгууллага товч танилцуулахгүй юу?
-2011 онд байгуулагдсан Зохиогчийн эрхийг хамгаалах Хамтын удирдлагын байгууллага. Шууд утгаараа хөгжмийн бүтээлийн зохиогчийн онцгой эрхийг хамгаалдаг. Тухайлбал дуу зохиосон хөгжмийн зохиолч, яруу найрагч хоёрын зохиогчийн онцгой эрхийг хамгаална гэсэн үг. Энэ бол тухайн бүтээлийн язгуур эрх шүү дээ. Үүнээс улбаалаад бичлэгийн эрх зэрэг хамаарах эрхүүд үүснэ. Түүнийг бас хамгаалдаг өөр Хамтын удирдлагын байгууллага байдаг юм.
Манай нийгэмлэгт хөгжмийн зохиолч, яруу найрагчид гишүүнээр элсдэг. Оюуны өмчийн газартай хамтран ажилладаг. Бас Хөгжмийн зохиолч, зохиогчийн эрхийг хамгаалах олон улсын байгууллага /CISAC/-ийн гишүүн байгууллага юм.
-MOSCAP байгууллагын үндсэн гол зорилго нь?
-Монгол улсын “Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай” хуулийн хэрэгжилтийг хангах нь манай нийгэмлэгийн гол зорилт. Хуульд заасан үгтэй болон үггүй хөгжмийн бүтээлийн зохиогчийн эрхийг хангах үүрэг Хамтын удирдлагын байгууллагад ноогддог тул тэр хүрээнд ажилладаг. Дуу, хөгжмийн уран бүтээл зохион туурвидаг уран бүтээлчдийнхээ зохиосон бүтээлийн зохиогчийг эрхийг өөрийн орны болон гадаад оронд төлөөлөн хамгаалдаг.
MOSCAP нь CISAC-ийн гишүүн байгууллага учраас монголын нутаг дэвсгэрт гадаадын дууны зохиогчийн эрхийг бас хамгаална гэсэн үг. CISAC-ийн гишүүн орнуудын Хамтын удирдлагын байгууллагаар дамжуулан монгол дуу, хөгжмийн бүтээлийн зохиогчийн эрхийг гадаадад хамгаална. Гишүүдийнхээ бүтээлийн зохиогчийн эрхийг хамгаална гэдэг бол тэдгээр бүтээлийг ашиглаж буй байгууллага хүмүүстэй гэрээ байгуулж, ашигласны төлбөрийг цуглуулж гишүүддээ хуваарилж байна.
-Үйл ажиллагаа явуулахад бэрхшээлтэй асуудал юу байна?
-Бэрхшээлгүй юм гэж үгүй. Давахын тулд л даваа байдаг биз дээ. Хамгийн том бэрхшээл бол оюуны өмчийн үнэгүйдэл, тэр тусмаа үнэгүй хэрэглээд сурчихсан бизнесийн орчныхны хэвшмэл ойлголтыг өөрчлөхөд ихээхэн хүч, цаг зарцуулж байна. Нэг үеэ бодоход оюуны өмчийг дээдлэх ойлголт бүтээгч, хэрэглэгчдийн тухайд хаана хаанаа түвшин нэмэгдэж байна. Зохиогчийн эрх гэдэг бол хэрэг дээрээ оюуны өмчийн тухай асуудал юм. Өмч юм бол тэр зарчмаар л бизнесийн харилцаанд оролцох учиртай. Түүнээс биш бие биенийхээ дал мөрөн дээр алгадаад, ямар ч гэрээ хэлцэлгүйгээр зохицуулагдах зүйл биш.
-Энэ жилийн тухайд MOSCAP-ийн гол зорилт юу вэ?
-Дотооддоо зах зээлээ өргөжүүлэх, гадаадад хоёр талын хамтын ажиллагааны гэрээнүүдийг нэмэн байгуулахад голлон анхаарна. CISAC-ийн Ази, Номхон далайн бүсийн хуралд оролцоно. Үр дүн нь гишүүдэд хуваарилж буй орлого өмнөх жилээс өссөн байх учиртай. Бас дүрэмдээ өөрчлөлт оруулах зэргээр эрх зүйн шинэчлэлт хийх шаардлагатай байгаа.
-Сүүлийн жилүүдэд маш олон дууны тэмцээн бий болж байгаатай холбогдоод олон шинэ дуучид гарч байна. Энэ талаар ямар бодолтой байна вэ?
-Дуу, хөгжмийн бүтээлийн тооны хойноос хөөцөлдөх биш чанарт анхаарах цаг болсон. Энэ үүднээс дууны уралдаан тэмцээн олон байх тусам бидэнд хэрэгтэй. Харин дууны тэмцээний шалгаруулалтад зохиогчийн эрхийг дээдлэх шалгуурыг заавал тавьж хэвших хэрэгтэй. Ер нь дуу хөгжим хэрэглэгчдийн хүрээ нэмэгдэхийг манай нийгэмлэг зүйл бүрээр дэмждэг. Харин зохиогчийн эрхийг зөрчихийг хэзээ ч хүлээн зөвшөрөхгүй.
-Өргөдөл гомдол хэр их ирдэг бол, Ямар хүмүүс өргөдөл өгч байна?
-Гишүүдээс өргөдөл гомдол төдий л их ирэхгүй байна. Голдуу зохиогчийн эрхийн зөвшөөрөлгүй дуулсан дууны тухай, гадаад оронд хулгайлагдан дуулагдаж буй дууны тухай, мөн үнэгүй татаж олон нийтэд түгээж буй сайтуудын тухай гомдол ирдэг. Энэ тухай тэмцэл хийж, асуудлыг шийдвэрлэж байгаа. Ихэвчлэн Оюуны өмчийн газартай хамтран ажиллаж шийдвэрлэх зүйлс байдаг.
-Дуучид зохиогчоос нь эрх авч байж дуулж байгаа. Тэгээд өөр хүмүүс ямар нэгэн тэмцээн уралдаанд орохдоо cover хийхдээ ч юм уу зөвшөөрөлгүй дуулчихдаг. Энэ нь дүрэм зөрчиж байна гэсэн үг үү?
-Зохиогчийн эрхийг зөрчиж байна гэсэн үг. Нэг хэсэг нь зохиогчийн эрхийн гэрээ байгуулаад ном журмаар нь явж байхад нөгөө нэг хэсэг нь огт зөвшөөрөлгүй хулгайн аргаар ингэж амьдарч болохгүй. Тэр тохиолдол бүхэнд манайд гомдол гаргаж болно. Гагцхүү баримттай, үндэслэлтэй байх учиртай.
-Оюуны өмчийг хулгайлсан хүнд ямар хариуцлага тооцдог бол? Монголд иргэний хэрэг, эрүүгийн хэрэг, захиргааны хэрэг аль хэргээр нь хариуцлага тооцдог бол?
-Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Оюуны өмчийн газарт оюуны өмчийн зөрчилтэй тэмцэх, арга хэмжээ хуулийн дагуу авах эрх, үүрэг нь бүгд байж байгаа. Монголд оюуны өмчийн хэргийг иргэний болон эрүүгийн аль ч хуулиар авч хэлэлцэх заалт нь бий. Тэгэхдээ эрүүгийн хэрэг, захиргааны хэрэг үүсээд шийвэрлэгдсэн томоохон хэргийг би сайн мэдэхгүй юм.
-Оюуны өмчийн хулгай гарахаас сэргийлсэн ямар арга хэмжээнүүд авч ажиллаж байна вэ?
-Энэ бол маш чухал зүйл. Уг нь Оюуны өмчийн газраас соён гэгээрүүлэх ажлыг эрчимтэй хиймээр байгаа юм. Манай нийгэмлэгийн тухайд гишүүдийн хүрээнд зохиогчийн эрхийг мэдлэгийг дээшлүүлэхийг чармайж томоохон семинар, бас сургалт зохион байгуулж байна. Хууль, эрх зүйн мэдлэг сайжирчихвал нэг талаар зохиогчийн эрхийн хамгаалалт болно гэж бодож байна. Ер нь олон талын хүчин зүйлс нөлөөтэй хэвээр байна.
-Зохиогчийн эрх зөрчигдөөд том арга хэмжээнд дууг нь өөр хүн дуулсан тохиолдолд хэнд арга хэмжээ авдаг вэ?
-Мэдээж зөвшөөрөлгүй дуулсан дуучинд дүрмийн дагуу шаардлагаа тавина. Хамгийн гол нь түүнийг олон нийтэд хүргэн түгээсэн хэвлэл мэдээллийн байгууллага, концертийн байгууллагад багагүй хэмжээний мөнгөн торгуулийн арга хэмжээ тооцох хуулийн заалт бий.
-Та өөрийнхөө талаар яриач. Ямар мэргэжлээр сурч байсан. Ямар ажлууд хийж байсан гэх зэргээр?
-Миний тухай яриа энд нэг их ач холбогдолгүй. Багш, сэтгүүлчийн мэргэжилтэй. Насаараа сэтгүүл зүй, утга зохиол, соёл урлагийн салбарт ажиллаж байна.
-Таны үеийн сэтгүүлчийн ёс зүй, одоо үеийн ёс зүйг харьцуулбал?
-Цаг үе гэгч өөр өөр учраас оршин буй нөхцөл, шалтгаан өөрчлөгдөж байна. Гэхдээ ёс зүй гэдэг бол салхи даган намирах туг дарцаг биш. Ёс зүй гэдэг нь шууд утгаараа хүн чанар гэсэн үг. Ёс зүй бол зарчим, шударга ёс, үнэн байхын ухаан юм. Тиймээс ёс зүйгээ хүн бүр л эрхэмлэх ёстой. Өөрөөр хэлбэл хүн бүр л хүн байвал болоо биз дээ. Өнгөрсөн үеийн ёс зүй, өнөө үеийн ёс зүй гэж зааглан яримааргүй байна.
-Хэвлэлийн эрх чөлөөний тухай хууль шинээр батлагдвал та ямар санаа нэмж оруулмаар байна.
- “Төрийн байгууллагын албан тушаалтан үнэн зөв мэдээлэл өгөх үүрэгтэй” гэсэн заалтыг оруулмаар байна.
- Ёс зүйн консулын үйл ажиллагааг та юу гэж бодож байна?
-Ёс зүйн консуль бол хэвлэл мэдээллийн хэрэгслийн өөрийн зохицуулалтын чухал байгууллага. Олон жил дуншиж байж монголд байгуулагдлаа. Дөнгөж эхэлж байгаа тул бэрхшээл дунд л тонгочиж байгаа байх даа.
-Ярилцлага өгсөнд баярлалаа
О.Номин
Зочин · 2016/04/13
Энэ бол ярилцлага биш байцаалт шиг юм байна.Ядаж үг, үсгийнхээ алдааг хяначихдаг болоосой.Зочиндоо жижигдсэн хоёр байна даа, хөөрхийс.