Улс төрийн намууд сонгуулийн мөрийн хөтөлбөрөө энэ сарын 20-ны дотор гэхэд эцэслэн боловсруулсан байх ёстой. Монгол Улсын Ерөнхий Аудитаас Сонгуулийн хуулийн хэрэгжилтийг хангах талаар албан бичгээр ирүүлсэн асуудлыг СЕХ-ны хуралдаанаар хэлэлцээд дараах зөвлөмжийг гаргажээ.

Үүнд УИХ болон аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгуульд оролцох нам, эвсэл нь 2015 оны санхүүгийн жилийн хугацаанд иргэн, хуулийн этгээдүүдээс өгсөн хандивын тайланг Үндэсний Аудитын газарт дүгнэлт гаргуулахаар хүргүүлэх. УИХ болон аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгуульд оролцох нам, эвсэл болон бие даан нэр дэвшигч нь сонгуулийн мөрийн хөтөлбөрөө төрийн аудитын холбогдох байгууллагад 2016 оны дөрөвдүгээр сарын 20-ны өдрөөс өмнө өгөн дүгнэлт гаргуулахаар хүргүүлэхийг зөвлөжээ.

СЕХ-ын дарга Ч.Содномцэрэн “Сонгуульд оролцох нам, эвсэл нь намын их хурал түүнтэй адилдах хурлаар хэлэлцэн сонгуульд оролцохоо мэдэгдэх, хуулийн хугацаанд дүгнэлтээ гаргуулан хүргүүлэх хэрэгтэй” гэсэн юм.

Энэ жил Сонгуулийн шинэ хуулийн дагуу намууд мөрийн хөтөлбөрөө боловсруулна. СЕХ болон олон түмэнд мөрийн хөтөлбөрөө танилцуулах журамд хүртэл өөрчлөлт орсон. Тухайлбал, УИХ-ын сонгуульд оролцох нам, эвслийн мөрийн хөтөлбөр нь төсвийн тогтвортой байдлын тухай хууль болон хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуульд заасан шаардлагад нийцүүлэх ёстой. Хэрвээ дээрх шийдвэртэй нийцээгүй байвал Төрийн Аудитын байгууллагын дүгнэлт гаргасны дагуу өөрчлөн дахин Үндэсний Аудитын газраар хянуулах хэрэгтэй.

УИХ-ын хамгийн олон суудалтай хоёр намын хувьд мөрийн хөтөлбөрөө эцсийн байдлаар шийдэх гол хурлаа зарлаад байгаа. Ардчилсан намын УИХ-дахь бүлэг өнгөрсөн бямба гаригт Их тэнгэрт өргөтгөсөн хурлаа хийсэн. Энэ үеэр Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хурлыг энэ сарын 16-нд хийхээр товлосон. Уг зөвлөлдөх хороонд 228 гишүүн байдаг. Энэ үеэр мөрийн хөтөлбөрөө яаж боловсруулах хэрхэн сонгуульд оролцохоо ярилцах юм. Энэ тухай УИХ дахь АН-ын Бүлгийн дарга Б.Гарамгайбаатар “Ардчилсан намын Сонгуулийн мөрийн хөтөлбөр боловсруулах дэд ажлын хэсгийн мэдээллийг сонссон. Үндсэндээ 15 дэд ажлын хэсэг ажиллаж байгаа. Дээрх ажлын хэсэг мөрийн хөтөлбөрт шинээр оруулах өөрчлөлтийн асуудлыг танилцууллаа. Ардчилсан намын хувьд Монгол хүн 2020 хөтөлбөрийг үргэлжлүүлж, энэ хөтөлбөрөө цаашид үргэлжлүүлэхээр шийдэж байгаа. Энэ сарын 16-ны ҮЗХ-ны хурал дээрх сонгуулийн мөрийн хөтөлбөрөө бүрэн танилцуулна” гэсэн юм.

Тэгвэл МАН-ны хувьд Удирдах зөвлөл даваа гаригт хуралдаад бага хурлаа энэ сарын 18-нд хийх тов гаргасан байна. Мөн МАН МАХН 2016 оны сонгуульд хамтарч оролцох эсэхийг шийдэх хоёр талын хэлэлцээний дүн өнөөдөр олон нийтэд ил болох юм.

Хаврын чуулганаар УИХ-ын болон аймаг, нийслэлийн ИТХ-ын ээлжит сонгуулийг 2016 оны дөрөвдүгээр сарын 8-ны өдрөөс товлон зарлахаар тогтоолыг баталсан. Мөн чуулганы хуралдаанаар УИХ болон аймаг, нийслэлийн ИТХ-ын ээлжит сонгуулийг зохион байгуулахтай холбоотойгоор улсын төсвөөс санхүүжүүлэх зардлын хэмжээг 16 тэрбум 453 сая 912 мянга 800 төгрөгөөр тогтоолоо. Сонгуулийн ерөнхий хорооны зүгээс тойргоо байгуулж, мандатаа тогтоочихсон, хэсгүүдийг байгуулсан, нам эвсэл, нэр дэвшигчдээс сонгуульд зарцуулах зардлын дээд хэмжээг тогтоосон байна. Одоогоор сонгуулийн хороодод ажиллах ажилтнуудын сургалтыг хийж байгаа юм. Гадаадад байгаа иргэдийн саналыг авах төв комисс байгууллагдсан. Тэд сонгогчдын нэрийн жагсаалт гаргах ажилдаа орсон байгаа гэнэ.

УИХ-ын Сонгуулийн тухай хуулинд хэдэн нэмэлт өөрчлөлт оруулах бол гэсэн асуулт сүүлийн өдрүүдэд яригдах болсон. Энэ удаагийн шинэ хуулийг батлахдаа сонгуулийн санал авахаас зургаан сарын өмнөх хугацаанд хуульд нэмэлт өөрчлөлт оруулж болохгүй гэсэн заалтыг орхигдуулсан.

Хамгийн эхэнд УИХ-ын Б.Түвдэндорж нарын гишүүдийн санаачилсан хуулийн төслийн өргөн барихад бэлэн болоод байна. Төсөл санаачлагчид хувь тэнцүүлэх замаар сонгуулиар нэр дэвшигчийн мандатаар зургааг нь олонхыг сонгуулиар сонгогдох мандатад шилжүүлэхээр хуулийн төсөлд тусгасан байна. Өөрөөр хэлбэл жагсаалтад сонгогдох мандатыг 28-аас 22 болгон цөөрүүлж, харин тойргын мандатыг 48 байсныг 54 болгон нэмэгдүүлэх тухай тусгажээ. Гол зорилго нь юу гэвэл Улаанбаатар хотын төлөөллийг нэмэгдүүлж, хүн амын тоог харгалзан мандатыг тогтоох хэрэгтэй гэж тусгасан байна.

Дараагийн хуулийн төслийг УИХ-ын гишүүн Лу.Болд санаачилсан бөгөөд “Бид эмэгтэйчүүдийн квотын асуудлыг тогтоосон байдаг. Үүний зэрэгцээ залуучуудын оролцооны асуудал ихээр яригдах болсон энэ цаг үед залуучуудын квотыг 20 хувиар тогтоох боломж энэ сонгуулиар хэрэгжүүлж болно. Манай улсын 80 гаруй хувь нь залуучууд байдаг. Иймд 20 хувийн квот тогтоож, залуучуудыг дэмжих хэрэгтэй. Түүнчлэн Үндсэн хуулинд өөрчлөлт оруулж, 16 нас хүрсэн хүн сонгуульд оролцох боломжийг нээх хэрэгтэй” гэсэн юм.

Энэ бүхнээс харахад УИХ-ын сонгуулийн шинэхэн хуулийн төсөлд хууль санаачлагч эрхмүүд хэдэн удаа өөрчлөлт оруулах нь одоогоор тодорхой биш байна.

Т.Буянаа