Өнөөдөр ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров манай улсад албан ёсоор айлчлахаар өглөөний 07:00 цагт Чингис хаан олон улсын нисэх буудалд газардсан бөгөөд түүнийг Гадаад хэргийн яамны албаны хүмүүс угтлаа.

Сергей Лавров айлчлалынхаа эхэнд Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнтэй ганцаарчилсан уулзалт болон албан ёсны хэлэлцээ хийнэ. Үүний дараа албан ёсны хэлэлцээ, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны талаар сэтгүүлчдэд мэдээллэх ажээ.

Мөн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт бараалхаж, ГХЯ-ны “Зөвшилцөл” танхимд "ОХУ-ын Зүүн Азид явуулж буй гадаад бодлого" сэдвээр илтгэл тавьснаар түүний айлчлал өндөрлөнө.

Монгол улсад хийх түүний албан ёсны айлчлалын талаар ТАСС агентлаг мэдээлэхдээ, сайд С.Лавров Монгол Улсын Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнтэй хэлэлцээ хийх үеэрээ хоёр орны удирдагчдын өмнө нь хэлэлцэн тохиролцсон гэрээ хэлэлцээрийн хэрэгжилтийн хүрээнд Орос-Монголын харилцааны цаашдын төлөв байдлыг хэлэлцэнэ. Гадаад хэргийн сайд нар мөн бүс нутгийн болон олон улсын тулгамдсан асуудлууд, янз бүрийн салбар дахь хоёр орны хамтын ажиллагааны чухал асуудлуудыг хэлэлцэнэ гэжээ.

Сайд С.Лавров Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж болон Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нартай уулзаж, нийгэм-улс төр, шинжлэх ухааны төлөөлөгчдөд хандаж үг хэлэхээр төлөвлөсөн байна.

ОХУ-ын Гадаад хэргийн яамны мэдээлэлд, хоёр орны стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлэх Дунд хугацааны хөтөлбөрт гарын үсэг зурах, мөн хоёр орны төрийн тэргүүн нарын 2014 оны есдүгээр сард хэлэлцэн тохиролцсоныг хэрэгжүүлэхэд бэлтгэх ажлыг хэлэлцэх нь айлчлалын гол үйл явдал болно гэж онцлон дурджээ.

Мөн тус мэдээлэлд “Уг баримт бичиг нь цогц шинжтэй бөгөөд хоёр орны эдийн засгийн харилцаанд сүүлийн жилүүдэд хуримтлагдсан асуудлуудыг шийдвэрлэх, улс төр, худалдаа-эдийн засаг, хүмүүнлэгийн салбар болон олон улсын тавцанд цаашдын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд чиглэсэн” гэж онцлон тэмдэглэжээ.

 

ОХУ-ын Гадаад хэргийн яамны тайлбарт “Монголыг чиглэсэн бодлого нь манай гадаад бодлогын эн тэргүүний чиглэлүүдийн нэг юм” гэж дурдсан байна.

Тус яам “Хоёр орон уламжлалт сайн хөршийн харилцаатай бөгөөд энэ нь олон талт шинж чанартай билээ. Тус хоёр орны харилцаа нь олон жилийн түүхтэй хамтын ажиллагаа, эдийн засаг болон хүмүүнлэгийн салбарын нягт хэлхээ холбоонд тулгуурладаг. Хоёр улс олон улсын болон бүс нутгийн тулгамдсан асуудлаар ойролцоо ижил төстэй байр суурьтай байдаг” гэж онцолжээ.