-ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ЗӨВЛӨЛӨӨР СҮРЬЕЭГИЙН ӨВЧЛӨЛИЙГ АВЧ ХЭЛЭЛЦЖЭЭ-

Түрүүч нь 082 (5347) дугаарт

Сүрьеэ манай улсын Үндэсний аюулгүй байдалд нөлөөлж байна гэж мэргэжлийн байгууллагууд дүгнэжээ. ХӨСҮТ, Глобаль сан, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага 2015 онд Сүрьеэгийн тархалтын судалгааг хийсэн бөгөөд Монгол Улсад сүрьеэгээр өвдсөн хүний тоо тооцоолж байснаас гурав дахин өндөр байгааг тогтоожээ. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр саяхан энэ асуудлыг авч хэлэлцжээ. Ийм ноцтой байдалд хүрч, аюулын харанга дэлдсэн энэ өвчнийг эмнэлэг тарааж байна гэсэн мэдээлэл иргэдээс ирсэн юм. Сүрьеэгийн савханцраар халдварласан хүнийг заавал тусгаарлаж, халдвар хамгааллын шаардлага хангасан эмнэлэгт хэвтүүлэн эмчилдэг. Гэтэл уушгины мэс заслын “Мишээл” эмнэлэгт сүрьеэгийн халдвартай иргэдтэй цуг, халдваргүй бусад өвчөнийг хамт хэвтүүлэн эмчилж, бусад хүмүүсийг аюулд оруулж байна гэх ноцтой мэдээлэл байна. Энэ талаар өмнөх дугаарт мэдээлсэн билээ.

Нийслэлийн эрүүл мэндийн газраас тус эмнэлэгт Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн яаралтай тусламжийн мэс заслын эмчилгээ, үйлчилгээг үзүүлэх эрхийг өгсөн байдаг. Ингэснээр нийслэлийн хоёр том дүүргийн хэмжээнд мэс засалд орох шаардлагатай бүх иргэн “Мишээл” эмнэлэгт хандаж хагалгаа хийлгэж байна. Тус эмнэлгийн хувьд эрүүл мэндийн даатгалаар мэс заслын яаралтай тусламжийг иргэдэд үзүүлэхийнхээ хажуугаар сүрьеэтэй иргэдийг хэвтүүлэн эмчилж, хагалгаа мэс засал хийж буй нь олон мянган халдваргүй иргэдийг эрсдэлд оруулж байна гэх шүүмжлэл байгаа. Нийслэлийн эрүүл мэндийн газар, “Мишээл” уушгины мэс заслын эмнэлгийн албан ёсны тайлбарт сүрьеэтэй хүмүүсийг хэвтүүлж эмчилдэггүй гэж байгаа ч тэднийхээр сүрьеэ өвчнөө эмчлүүлж байсан олон хүн энэ тухай дуулгаж байгаа юм.

Сүрьеэ ханиад шиг агаараар бас ахуйн замаар халддаг гэдгийг хүн бүр мэднэ. Сүрьеэгийн халдвараар өвдсөн хүнээс аль болох хол байх ёстой гэдгээ хүүхдүүд ч сайн ойлгосон байдаг. ДОХ, Сүрьеэ гэж хамтатган ярьж сурсан нь үүнтэй холбоотой. Бүх дүүрэгт зөвхөн сүрьеэгийн эмнэлэг л тусдаа байрладаг билээ. Ойртвол өвчин авна гээд тойрч хүртэл гардаг шүү дээ, монголчууд. Сүрьеэ ямар аюултай болохыг амьдралаараа туулсан учраас тэр. Тэртээ олон хүний амийг авч одсон энэ өвчин одоо дахиад Үндэсний аюулгүй байдалд нөлөөлж байна гэж үзэж байгаа хэр нь яагаад Эрүүл мэнд спортын яам, Нийслэлийн эрүүл мэндийн газраас “Мишээл” эмнэлэгт мэс засал хийх эрхийг өгсөн нь сонин. Энэ асуудлын цаана юу нуугдаж байгааг сурвалжиллаа. Албаны хүмүүс тайлбарлахдаа “Мишээл” эмнэлэгт өмнө нь сүрьеэтэй хүмүүсийг эмчилж байсан одоо эмчлэхгүй байгаа гэж мэдээлж буй ч сүрьеэгийн халдвар агаарт маш удаан амьдрах чадвартай учраас аюултай л байж таараа. Дүүргийн мэс заслын яаралтай тусламж үйлчилгээг үзүүлэх эрхийг авсан хувийн эмнэлэгт ашиг орлогоо нэмэгдүүлэх боломж олддог аж. Учир нь эмнэлгээр үйлчлүүлж, эмчилгээ хийлгэсэн хүн бүрийн тоогоор Эрүүл мэндийн даатгалаас эмчилгээний төлбөр нь буцаан олгогддог гэнэ. “Мишээл” эмнэлгийн хувьд эмчийн үзлэг зөвлөгөө нь орохгүйгээр сард 150-170 хүнд мэс засал хийдэг гэж байгаа. Улиралд 500-600 хүнд үйлчлээд даатгалаас эмчилгээнийхээ төлбөрийг гаргуулаад авчихаж байна. Даатгалын хуулиар бол хагалгаа хийсэн хүний нийт зардлын 75 хувийг Эрүүл мэндийн даатгалаас эмнэлэгт буцаан олгодог аж. Энэ нь хувийн эмнэлгүүдийн хувьд аманд орсон шар тостой адил том хувь хишиг болно. Үйлчлүүлэгчийн тоо нэмэгдэж, тэр хирээр ашиг орлого өснө гэсэн үг. Нийслэлийн эрүүл мэндийн газраас “Мишээл” эмнэлэгт яаралтай тусламж үзүүлэх эрхийг өгсний цаад учир нь санхүүгийн асуудалтай холбоотой байх гэсэн таамаглал олон нийтэд төрж байна.

Мэс заслын тусламж үйлчилгээ үзүүлэх эрхийг Хан-Уул, Сонгинохайрхан дүүрэгт “Мишээл” эмнэлэг авсан бол Баянгол дүүрэгт “Номун”, Баянзүрх дүүрэгт Батлан хамгаалах хууль сахиулах алба хаагчдын эмнэлэг, Багануурт “Багануур эрүүл мэндийн нэгдэл”, Багахангайд мөн Батлан хамгаалах хууль сахиулах албан хаагчдын эмнэлэг, Налайхад Налайхын эрүүл мэндийн нэгдэл, Сүхбаатар дүүрэгт Улсын хоёрдугаар эмнэлэг, Чингэлтэйд “Номун” эмнэлэг мэс заслын яаралтай тусламж үзүүлэхээр шалгарчээ.

Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилтээр тусламж, үйлчилгээ үзүүлэх хувийн эмнэлгүүдийн сонгон шалгаруулалт маш олон шалгуур үзүүлэлтийг харгалздаг. Наад зах нь үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамжийн хувь 80-аас дээш байна гэж заажээ. Гэхдээ үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамжийг хэрхэн тооцдог нь тодорхойгүй байна. Яагаад гэвэл сүрьеэ бол сүрьеэгийн савханцараар үүсдэг архаг халдварт өвчин. Хүн сүрьеэгийн халдварыг бага багаар авсаар аажимдаа өвддөг гэсэн үг. Тиймээс сүрьеэгээр өвдсөн хүн хаанаас халдвар авснаа тогтоож мэдэх хэцүү гэж мэргэжлийн эмч нар үздэг. Гэрт нь, ойр хавьд нь халдвартай хүн байсан бол тэр орчноос халдвар авчээ гэж дүгнэдэг. Тэгвэл эмнэлэгт үзүүлж, яаралтай тусламж үйлчилгээ авч байгаа иргэдийн хувьд эмнэлгээс халдвар авсан гэж тогтоох бололцоогүй мэт.

“Мишээл” эмнэлгийн эмчилгээ үйлчилгээний сайн муугийн талаар мэргэжлийн байгууллагаас өөр газар дүгнэлт хийх боломжгүй. Гэхдээ “Мишээл” эмнэлгийн хувьд Эрүүл мэнд, спортын сайдын тушаалаар батлагдсан Сүрьеэгийн эмчилгээ оношилгооны стандартыг барьж ажилладаг гэдэг нь эргэлзээтэй байдаг аж. Бие даан өөрсдийн эмчилгээг хийдэг гэх яриа ч бий. “Мишээл” эмнэлэгт сүрьеэ өвчнөө эмчлүүлж байсан иргэдийн ярьснаар бол уушги угаах, бас судсаар сүрьеэгийн тариа хийдэг гэж байгаа. Манай улсад батлагдсан сүрьеэг эмчлэх журамд ийм эмчилгээ байхгүй гэнэ лээ. Тодруулбал, одоогоор улсын эмнэлгүүд сүрьеэгийн эмчилгээг хийхдээ судсаар тариа хийж, уушги угаах эмчилгээг хийхгүй байгаа гэсэн. Дашрамд дурдахад, “Мишээл” эмнэлгээр үйлчлүүлээд эмчийн буруугаас болж нас барсан хүмүүс бий аж. Жишээлбэл, хэдэн жилийн өмнө 15 настай сүрьеэгийн халдвараар өвдсөн охин тэднийхээр эмчлүүлжээ. Айлын ганц охин байсан бөгөөд аав, ээж нь багагүй мөнгө зарцуулж тус эмнэлгээр үйлчлүүлсэн аж. Улмаар “Мишээл” эмнэлэг уушгинд нь хагалгаа хийжээ. Харин хагалгааны дараа охины бие сайжрахгүй улам муудсаар хоёр сарын дараа нас барсан харамсалтай явдал болж. Охин эмэнд дасалтай сүрьеэтэй байсныг мэдэлгүй тус эмнэлгийн эмч нар буруу оношилж хагалгаа хийснээс болоод ийнхүү хүний амь эрсдэж байж. Эцэг, эх нь тэр үед эмнэлэгтэй заргалдан бөөн асуудал үүсгэж байсан гэдэг.

Сүрьеэ өвчин бүрэн эдгэрдэг гэдэг. Гэхдээ дархлаа сул, бие муутай, өөр бусад өвчтэй хүмүүсийн хувьд бүрэн эдгэрэхэд удаан хугацаа шаарддаг архаг хууч өвчин. Бас өвчлөгсдийн дунд нас баралт их. Сүрьеэгээр өвдсөн хүн эдгэрэхгүй бол яана гэсэн байнгын айдастай байж, сэтгэлзүйн хүнд дарамтад маш хүчтэй эмчилгээг хийлгэдэг. Тиймээс сүрьеэгийн халдварыг тараахгүй байх бүх арга хэмжээг салбарын сайд дарга нар нь авч анхаарч ажиллах нь тэдний үүрэг, хариуцлага байлтай. Нийслэлийн иргэдийн эрүүл мэндийн байдлыг эрсдэлд оруулж байгаа энэ асуудлын хариуцлагыг хэн хүлээх вэ. Иргэд хохироод, улс сүрьеэг дарах гэж мөнгөө бараад дуусах гэж үү. Нийслэлийн эрүүл мэндийн газарт шалгалт оруулж “Мишээл” эмнэлэгт уушгины мэс засал хийх эрхийг өгсөн тухайн албан тушаалтанд хариуцлага тооцох хэрэгтэй гэж олон хүн шүүмжилж байна. Нийслэлийн эрүүл мэндийн газраас өгсөн тайлбарт “Мишээл” эмнэлэгт өмнө нь сүрьеэтэй хүмүүсийг эмчилж байсан одоо эмчлэхгүй байгаа” гэж мэдээлж буй ч сүрьеэгийн халдвар агаарт маш удаан амьдрах чадвартай учраас аюултай л байж таараа шүү дээ.

Х.АЮУШ