Зах зээлийн шилжилтийн үед улсын төсвийн тодорхой хувийг бүрдүүлж байсан шонхор гэх шувууг өдгөө төрийн бахархал болгон тунхаглаад байгаа. Энэ дагуу агнах, худалдан борлуулахыг бүр мөсөн хориглосон. Гэхдээ шинжлэх ухаан, судалгааны хүрээнд жилд 20-оод ширхэгийг хил барьж эргүүлэн тавих зорилгоор ашиглахыг хуульд заажээ.

 

 

Өөрөөр хэлбэл шонхор шувууг худалдан борлуулах ашиг олохыг хориглочихсон гэж ойлгож болно. Гэвч энэ хууль зарим нэгэнд огт үйлчлэхгүй байгааг Байгаль орчны яамны холбогдох албан тушаалтан мэдээлсэн юм.

 

Тодруулбал, Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт нар "маш нууц” гэсэн нэрийн цаана 240 ширхэг идлэг шонхорыг хил нэвтрүүлж, наймаалсан тухай хэллээ. Ингэхдээ нэг шувууг 3000 ам.доллараар худалдаалжээ. Уг нь хориг тавигдахаас өмнө нэг шонхор шувууг 11760 ам.доллараар худалдаалдаг байж. Гэвч Засгийн газрын нууц тогтоол гаргаж, албан тушаалаа урвуулан ашиглаж, хууль зөрчсөн байх юм.

 

Дэлхийн улс оронд нэг шонхор шувууг 20 мянган ам.доллараар үнэлдэг. Харин манайд 11760 ам.доллар байдаг ч Засгийн газрын тэргүүн 3000-р үнэлж, алдагдал хүлээв. Хууль зөрчсөн ч яагаад хямдаар худалдаалсан нь ойлгогдохгүй байгаа юм. Ер нь энэ маягаар 2013 оноос хойш улсад 6.5 тэрбум ам.долларын хохирол учруулсан тухай Мэргэжлийн анчдын нийгэмлэгийн тэргүүн Д.Хурцаа тэргүүтэй хүмүүс мэдээлсэн юм. Энэ бол үнэхээр ноцтой асуудал. Үнэн худал эсэхэд Засгийн газрын тэргүүн л албан ёсны тайлбар өгөх ёстой байх.

 

Амар